0
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2025.06.16) хуралдаж дуусжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл өгөв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Монгол Улсад тулгамдсан маш олон асуудал байна. Асуудлууд өдөр ирэх тусам гүнзгийрч, хямралын нөхцөл байдал руу явж байна. Тиймээс шинээр томилогдсон Ерөнхий сайд цаг алдалгүй Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлж, бодлого шийдвэрээ яаралтай гаргаж ажиллах шаардлагатай байна. Энэ үүднээс Ерөнхий сайдад хүргүүлэх бодлогын шаардлагыг өнөөдрийн бүлгийн хурлаар томьёолж, Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо.
Нэгдүгээрт, Монголд авлига, засаглалын асуудал бүх зүйлийн үндэс суурь, хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Авлигын эх үндэс нь эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр байгаа явдал юм.
Тиймээс шинэ Ерөнхий сайд яам болон сайд нарын тоог 50 хувиар, төрийн захиргааны болн тусгай албан хаагчдын тоог 20 хувиар бууруулах, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх нөхцөлийг хадгалж, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох шаардлагатай байна.
Хоёрдугаарт, Төрийн өмчит ААН-үүдийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, орон тоог 2 дахин бууруулж, үр бүтээмжийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Гуравдугаарт, Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар төрийн хүнд суртал, хяналт шалгалт, татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшилд ногдох татварын дарамтыг 20 хувиар бууруулах, 2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох шаардлага тавьж байгаа юм.
Дөрөвдүгээрт, 2025 оны төсвийг тодотгож, урсгал зардлыг 20 хувиар танах, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалтын бодлогоор үндэсний ААН-үүдийг дэмжих буюу тендерийг зөвхөн үндэсний компаниудын дунд зарлах, мега гэгдэх төслүүдийг эдийн засгийн үр өгөөжийн хувьд эрэмбэлж, үр ашиггүйг нь хасах зэрэг шаардлагыг тавьж байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.