0
“Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн автомашины жолооч, ахлах ахлагч Б.Сүхбаатарыг урьж ярилцлаа. Энгийн даруухан түүний амьдралын утга учир, аз жаргалын мөн чанар болоод ажил, албаны талаар өрнүүлсэн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Таныг харахаар нээх амгалан, тайван мэдрэмж төрөөд байдаг юм. Ярилцах гээд суухад хүртэл тийм мэдрэмжийг авч байна?
Баярлалаа. Юуны өмнө “Онцгой мэдээ” сонины уншигчдынхаа энэ мөчийн амрыг эрэн мэндчилье. Миний хувьд дөлгөөн, тайван талдаа хүн л дээ. Бусдад гэм хоргүй, хүлээсэн үүрэг, оноогдсон ажлаа цаг тухай бүрт нь хийгээд явж байхад бүх зүйл сайхан л байдаг. Алба маань өөрөө гэгээлэг, сайхан бүхнийг цогцлоож байдаг болохоор нэг талаар нөлөөлдөг байх гэж боддог.
-Гэгээн бүхний үзүүрт гэрэл өөрөө тусгалаа олдог гэдэг. Амьдралын мөн чанар ч адилхан байх тийм ээ?
Хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Энэ их заяаг өнгөлж, өөрийн гэсэн орон зайг бүтээж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, мөрөөдөл, зорилгынхоо төлөө ажиллаж амьдрах нь амьдралын утга учир гэж боддог. Гэр бүл, үр хүүхэд эрүүл энх, элэг бүтэн байх л жаргал шүү дээ. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд XII, дунд хүүхэд II ангиа төгсөж байна. Бага хүүхэд ирэх жил сургуульд орно.
-Ингэхэд та хэд дэх жилдээ албандаа үүрэг гүйцэтгэж байна?
Тухайн үеийн нэршлээр Аврах тусгай анги /одоогийн Үндэсний аврах бригад/ -д 2007 онд томилогдсоноос хойш өдгөө 18 дахь жилдээ алба хашиж байна. Ажилд орсноос хойш 2018 он хүртэл ой, хээрийн түймрийн голомт, мал амьтны гоц халдвар өвчин, өвөлдөө зуд гээд байнгын л томилолтоор явдаг байлаа. Хажуугаар нь алба хаагчдын сургалт, дадлага гээд хаашаа л явах ажил байна бүгдэд үүрэг гүйцэтгэнэ. Нэгээс ирэхэд дараагийнх нь хүлээж байдаг. Албаныхаа буянаар эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист хүрч, 21 аймгийн 200 гаруй сумдад ажиллаж, тусламж үйлчилгээг хүргэсэн. Мөн ой, хээрийн түймрийн эрсдэл ихтэй Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган гээд ажиллаагүй аймаг бараг байхгүй. Харин 2018 оноос хойш ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын даргын жолоочоор ажиллаж байна.
- Ажил, үүргийн хувьд хэр ялгаатай байна?
Томилолт цөөрсөн ч өөрөөр бол өөрчлөгдсөн зүйл байхгүй. Тангараг өргөсөн алба хаагч учраас надад оноогдсон үүрэг шүү дээ. Үүргээ биелүүлээд л явж байна. Алхам тутамдаа хариулга өндөр ажил. Хөдөө, орон нутагт явахдаа хамт яваа хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг даагаад явна гэдэг маш том хариуцлага. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан замд бартаа саадууд зөндөө тохиолдоно. Тэр бүрт бусдынхаа итгэл, найдварыг тээж, зорьсон газарт хүргэх нь жолооч миний үүрэг. Нөгөө талаар автомашины бүрэн бүтэн байдал хамгийн чухал. Замаа тооцно. Шулуун зам уу, бартаа саад хэр байгаа вэ гэдгээ тодорхойлно. Цаг хугацааны хувьд хэр хугацааг туулахаа хүртэл бодно. Мөн алба хаагчдын ая тухыг бодож, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийнэ. Цасанд, голд суусан, шатахуунгүй болсон, төөрсөн гээд олон ч хүнтэй таарна. Тэр бүрт тусламж үзүүлээд ажлаа бас давхар хийгээд явах үе ч цөөнгүй. Ажлаар ч амин хувийн асуудлаар ч хөдөө, гадаа явж байгаа үедээ ямар нэгэн байдлаар тусламж ирсэн хүн бүрт туслаад л явдаг.
-Жолооч хүний хамгийн үнэнч “нөхөр” бол хөлөглөж байгаа автомашин. Томилолтын онцлогоос шалтгаалаад өөр, өөр байдаг байх?
Анх бол фургон автомашинтайгаа түймрийн дуудлагад алба хаагчдаа аваад л явдаг байлаа. Туулах чадвар, найдвартай байдал гээд бас л сайхан хөлөг. Дараа нь суудлын болоод тээврийн камаз автомашиныг жолоодсон. Одоо бол суудлын автомашинаар үүргээ гүйцэтгэж байна.
-Бага насных нь тухай хуучилбал?
Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрж, өссөн. Аав, ээж маань малчин хүмүүс. Бага байхдаа мал маллаж, морь унаж, эмнэг сургаж, моринд эрэмгий хүүхэд байсан. Одоо ч моринд хоббитой. Сумынхаа арван жилийн сургуулийг төгсөж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хилийн цэргийн 0166 дугаар ангид цэргийн алба хаасан.
-Ярианы эхэнд гэр бүлийн тухай хальт дурдаад өнгөрсөн. Таны хань бас энэ албанд үүрэг гүйцэтгэдэг?
Манай эхнэрийг Д.Наранмандал гэдэг. БГД-ийн Онцгой байдлын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа. Алба, ажлынхаа онцлогийг ойлгодог учраас бие биеэ сайн дэмжинэ. Эхнэрийгээ оюутан байхад нь албанд орохоос өмнө танилцаж байлаа. Гэр бүл болоод 20 орчим жил болсон байна. Гэр бүлээрээ хөдөө явах, салхинд гарах дуртай. Зуны амралтаараа хөдөө аав, ээждээ очно. Хүүхдүүдээ нүүдэлчин ахуй соёлоо мэддэг, дээдэлдэг байгаасай гэж боддог. Мөн хамтдаа дурсгалт газруудаар аялж, дурсамж бүтээдэг дээ.
Алба хаагчийн хувьд байгууллагынхаа өсөлт, дэвшлийг хэрхэн хардаг бол?
Жилээс жилд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа өргөжиж байна. Энэ хэрээр техник хэрэгсэл, хангамж сайжирч байна. Нүдэнд ил байгаа зүйлийг үгүйсгэж болохгүй шүү дээ. Бидний төлөө төр засаг, Онцгой байдлын байгууллагын удирдлагууд санаа, сэтгэлээ чилээж ажиллаж байгааг харах сайхан байдаг. Хүн бүр л Онцгой байдлын байгууллагад ажилладаг гэхээр сайхнаар хүлээн авч, хүндэлдэг болсон. Энэ хүртэл ажлаа хийхэд, үүрэг гүйцэтгэхэд маш том нөлөө үзүүлдэг.
-Таны хувьд олон жил ажилласан туршлагатай алба хаагчийн нэг. Залуустаа хандаж юу гэж хэлмээр санагддаг вэ?
Сэтгэлтэй, зүтгэлтэй байх хэрэгтэй. Цаг бүртгүүлээд цалин аваад байж болохгүй шүү дээ. Би хийхгүй бол өөр хэн гэсэн зорилготой, тэмүүлэлтэй байгаасай л гэж боддог. Бидний ажил бол сэтгэл дээр л тогтдог. Мянга чадвартай байгаад хийх хүсэлгүй бол хэцүү шүү дээ. Аль алийг нь хослуулдаг байх нь чухал шүү дээ. Ийм зүйл анзаарагдаад байдаг юм. Хэн хөдөлмөрлөж чадна тэр хүнд боломж байдаг гэдгийг олон залуус харуулдаг. Тэднээсээ ч үргэлж суралцаж байна.
-Хэн нэгэнтэй ярилцсаны дараах ухаарал сэтгүүлч надад ч сайхан байдаг. Алтан шар зам тань өлзийтэй байж, албан үүрэг тань амгалан байх болтугай. Баярлалаа танд?
Амьдралын минь нэг хэсэг болсон Онцгой байдлын албаараа үргэлж бахархдаг. Ийм л сайхан албанд ажиллаж, амьдарч байгаа удирдлагууд, үүрэг, зорилго нэгт мөрдөст алба хаагчдадаа ажлын амжилт, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний хувьд өнгө алаглан ногоорох зуны улиралд, ногоон өнгөнд дуртай. Хүчирхэг байдал болоод итгэл найдвар, энх амгалан, баян чинээлэг байдлын бэлгэдэл болдог ногоон өнгө хүн бүхэнд тайван байдлыг бэлэглэх увдистай юм гэнэ лээ. Эх орон минь, алба минь ард түмэн минь ногоон өнгө шиг үеийн үед амгалан байх болтугай.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.