0
АНУ-ын Техас мужид болсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, улс даяар анхаарал татсан онцгой байдал үүсээд байна. Хур тунадасны хэмжээ зарим газарт 500 мм-д хүрч, голууд богино хугацаанд хэт хөөрөн “гэнэтийн үерийн онц байдал” зарлагджээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр хамгийн багадаа 104 хүн амиа алдаж, тэдгээрийн дотор 28 орчим хүүхэд байгааг албаныхан мэдээлжээ. Мөн 40 гаруй хүн сураггүй алга болоод байгаа бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хамгийн хүнд нөхцөл үүссэн газар бол Техасын төв хэсгийн Kerr County-д байрлах Camp Mystic нэртэй охидын зуслан юм. Үерийн улмаас тус газарт 27 хүн амиа алдсан байна.
Холбогдох албаныхан, үндэсний хамгаалалтын баг, сайн дурынхан, нисдэг тэргүүдийн оролцоотойгоор 850 гаруй хүнийг авран хамгаалаад байгаа ч нөхцөл байдал тогтворгүй, цаг агаар дахин муудах төлөвтэй байгаа юм. өндөр Энэ удаагийн байгалийн гамшгийн урьдчилсан эдийн засгийн үнэлгээгээр 18-22 тэрбум ам.долларын хохирол учраад байна. Хохирол голчлон зуслангийн байр, орон сууц, авто зам, дэд бүтцэд үүсчээ.
Хэдийгээр онц байдлын анхааруулгыг зарим бүс нутагт өгсөн ч гар утасны сүлжээний доголдол, гадна дохиолол, сэрэмжлүүлгийн дуугаралт байхгүй зэрэг хүчин зүйлс иргэдийг цаг тухайд нь нүүлгэн шилжүүлж чадалгүйд хүргэсэн талаар зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.
Үерийн аюул одоо ч бүрэн намжаагүй байна. Hill Country болон Сан-Антонио орчмоор хөрс аль хэдийн ханасан байгаа тул дахин хүчтэй бороо орвол нөхцөл байдал дахин хүндрэх эрсдэлтэй. Ирэх өдрүүдэд 50-250 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байгаа тул тухайн бүс нутгийн оршин суугчдад сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна.
Техаст үүссэн энэ үер бол сүүлийн жилүүдийн хамгийн олон хүний амь нас хохирсон, өргөн хүрээтэй байгалийн гамшиг болоод байгаа аж. Олон нийт, албаныхан хамтран аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч цаг агаарын нөхцөл байдал дахин муудах төлөвтэй байгаа тул эрсдэлтэй бүсийн оршин суугчид анхаарал болгоомжтой байх шаардлагатай байгааг анхааруулсаар байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.