0
Намрын улс төр эхэлж байна. Үүний илрэл нь улс төрийн намуудын фракциуд ил, далд уулзаж дараагийн намын даргын асуудлаа яриад эхэлцгээв. Мэдээж МАН, АН хэзээнээс олны анхааралд явж ирсэн тул тус намуудын хор, найрааг олон хүн сонирхож байгаа юм.
Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэнээр улс төрийн намууд хуульд нийцүүлэн дүрмээ өөрчлөх ёстой. Тиймээс Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал энэ сарын 28-нд болох товтой байна. Үүний араас 30-ны өдөр Их хурлаа хуралдуулж, шинэ намын даргаа сонгохоор бэлтгэл базааж эхэлжээ. Харин МАН-ын Бага хурал ирэх есдүгээр сарын 16-ны өдөр хуралдах товтой байгаа бол түүний араас Их хурлаа хуралдуулах бор шувуу нисэж байна.
Тэгвэл Ардчилсан намын тухайд Л.Гантөмөр хамтарсан Засгийн газар бутрахад л намын даргаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ нар байнга уулзаж намын асуудлуудаа ярих болсон гэх. Л.Гантөмөрийг ч мөн тийм амархан намын даргын суудлаа өгч болохгүй хэмээн ятгасан талаар улс төрийн хүрээнд яригдаж байна.
Ардчилсан намын даргад МоАХ фракциас Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл нар намын даргад нэр дэвших талаар яригдаж байгаа бол УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, О.Цогтгэрэл, Ц.Туваан, Х.Тэмүүжин нар мөн нэр дэвших талаар яриа гараад байгаа юм.
Л.Мөнхбаясгалан эцсийн мөчид О.Алтангэрэлийг дэмжих магадлал маш өндөр гэгдэж байгаа бол УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу намын даргад нэр дэвших амбицаар явж байгаад нийслэлийн АН-ын дарга болох зорилготой байгаа бололтой.
УИХ-ын гишүүн Ц.Туваан О.Цогтгэрэлтэй хэд хэд уулзсан талаар намынхан нь ярьж байна. Тэдний дунд Ц.Туваан намын даргад нэр дэвшихээс татгалзан О.Цогтгэрэлийг дэмжих хандлага байгаа гэнэ. Гэхдээ ганцхан тохироо бүрдсэн нөхцөлд О.Цогтгэрэлийг дэмжих бололтой. “Нэг монгол” фракциа задалж нэг хэсгийг нь Ц.Туваан, нөгөө хэсгийг нь О.Цогтгэрэл дагуулан тараад байсан ч Үндэсний бодлогын хорооны хурлын өмнө нэгдэж уулзжээ. Ц.Тувааныг дагасан намын генсек Н.Ганибалыг генсекийн суудалд хэвээр үлдээсэн нөхцөлд хадаг барьж О.Цогтгэрэлийг дэмжих юм байна. Н.Ганибалын хувьд намын генсек болсон ч намдаа нөлөөтэй, улс төрийн дэмжлэг үзүүлэхүйц ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй тул “Н.Ганибалыг хөөж явуул” гэдэг хүмүүс маш олон байгаа аж.
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гурван парламент дараалан тойргоос сонгогдсон цорын ганц гишүүн гэдгээрээ давуу эрх эдлэх гэж үзнэ. Гэхдээ түүний хувьд намын дарга болохгүй бөгөөд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь нэр дэвшүүлбэл О.Цогтгэрэлийг дэмжих юм байна. Тэдний дунд ийм яриа өрнөж, яг таг тохирсон гэж ч яригдаж байгаа.
Х.Тэмүүжингийн хувьд жагсаалтаар хоёр удаа парламентад сонгогдсоноос тойргоос гарч үзээгүй. Хууль, зарчим ярьдаг ч яг түүнийхээ эсрэг явдаг талаар намынхан нь ам муутай байгаа аж. Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар “Нэг ардчилал” фракцийнхан. Тиймээс Л.Гантөмөрийн дэмжлэг Х.Тэмүүжинд очих магадлал өндөр. Намаа наймаалцсан “ял”-д унаад байгаа УИХ-ын гишүүн Э.Одбаяр ч зүгээр суухгүй бололтой. Гэхдээ нам дотор дэмжлэг бараг байхгүй.
О.Цогтгэрэлийн хувьд саналынхаа 70 хувийг халаасалсан гэх бор шувууг зориуд нисгэж байгаа. МоАХ, Алтангадас, МҮДН түүнийг дэмжээгүй цаг яагаад ч түүнд 70 хувийн санал очих боломжгүй юм.
Х.Баттулгын гэгдэх МоАХ фракцийнхан сүүлийн үед “АН-ын даргыг МАН захиалж байна” гэх яриа гарсан нь О.Цогтгэрэлийг хэлж байгаа аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх О.Цогтгэрэлийг дэмжиж байх магадлалтай гэх хардлага ч өндрөө аваад байгаа юм. Нөгөө талд нь ахынхаа эсрэг зогссон Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нам бий гэдгийг мартаж болохгүй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.