0
УИХ-ын гишүүн Ө.Шижир Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр болсноо албан ёсоор зарлаж, Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хороонд нэр дэвших хүсэлтээ өглөө.
Энэ үеэрээ тэрбээр "Манай Ардчилсан нам өнөөдөр өөрийн гэсэн орон байргүй байна. Албан ёсны генсекгүй таван жил болж байгаад саяхан боллоо. Ийм түүхийг дахиж давтаж болохгүй. Тийм учраас эхлээд дүрмээ, дараа нь даргаа ярья гэдэг байр суурийг өнгөрсөн хугацаанд илэрхийлсэн. Өнөөдөр хүртэл манай нам их хурлаа хийхдээ намын даргад нэр дэвших гэж байгаа хүмүүсээ мөнгөө хувааж өг гэдэг байдлыг ярьж байна. Энгийнээр хэлэхэд, компани хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхдээ хувьцаа эзэмшигчдээсээ мөнгө авдаггүй биз дээ. Гэтэл нам их хурлаа хийхдээ зардлыг нь оролцож байгаа хүмүүс гарга гэдэг байдлаар хандаж байна. Сүүлийн 15 жил ийм байдалтай байгаа учраас АН-д өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй. Их хурлаа хийхдээ хүртэл оролцох хүмүүсийг нь зардлаа гарга гэж болохгүй. Энгийн хурлыг хүртэл ингэж хийж болохгүй.
Сүүлийн гурван сонгууль дараалж манай нам ялагдлаа. Одоо ялдаг нам болох хэрэгтэй, гишүүдээ шинэчлэх хэрэгтэй. Дундговь аймгийн Сайнцагаан суманд байгаа намын гишүүнээр өнөөдөр саналыг нь өгүүлэх хэрэгтэй. Тэр хүн саналаа өгсөн гэдэг итгэл үнэмшилтэй үлдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр 100 гаруйхан хүний хооронд асуудлыг хэлэлцээд дүрмээ ярьдаг байж болохгүй.
Та бүхэн анзаарсан бол өчигдөр намын дарга Л.Гантөмөрийн өргөдлийг хэлэлцэхэд ҮБХ нь 247 гишүүнтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан. Намын үндсэн дүрэм хэлэлцэхэд 100 хүрэхгүй хүн байсан. Бид ийм байдлыг өөрчлөх хэрэгтэй байна. Тийм учраас би Ардчилсан намын даргад нэр дэвшиж байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.