0
Ардчилсан намын шинэ даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо. Сүүлийн 10 жил намын даргын будлиантай явж ирсэн тус нам ийнхүү албан ёсоор намын даргаа нэгэн зүгт харж батламжилж чадсан юм.
2016 онд Ардчилсан нам УИХ, орон нутгийн сонгуульд ялагдаж, З.Энхболд намын даргын суудлаа өгсөнөөс хойш хөл толгойгүй явж ирэв. Нэг мэдэх нь ээ, хоёр намын дарга, хоёр тамгатай хорвоогийн бор хоногийг өнгөрүүлсэн өдрүүд олон. Тэгвэл өчигдөр (2025.08.31) Ардчилсан намын ҮБХ-ны хурал болж дөрвөн нэр дэвшигчийн дунд санал хураалт явууллаа. Тэднээс О.Цогтгэрэл 196, Б.Пүрэвдорж 82, Ж.Баярмаа 33, Б.Отгонбат 3 санал авсан юм. Хоёр дахь шатны санал хураалт О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нарын дунд явагдах байсан ч Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар нэрээ татсанаар О.Цогтгэрэл Ардчилсан намын дарга болов. Намын даргын сунгаандаа “Шинэ Монголоо цуг бүтээе” уриа дэвшүүлэн өрсөлдөн түүний хувьд шинэ Монголоо цуг бүтээх эхний алхам юу вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Намын даргын эхний том сунгаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ зөв сонгоод ялуулж чадвал түүний гавьяа. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захиалан намын дарга болгосон гэдэг яриа гарсан ч тэрээр эрс эсэргүүцэн хэний ч хүн биш хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс цаашид хэн нэгэн нам, улстөрчийн захиалга биелүүлэлгүй намынхаа бүтэц, институцид анхаарал хандуулж, бүтэн ардчилал, бүрэн ялалтын төлөө зогсох цаг ирлээ. Тиймээс эхний ээлжинд намынхаа тамга тэмдэгийг авч, Улсын дээд шүүхэд бүртгэлээ хийлгэх ёстой. Гол даваа нь энэ болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.