0
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдөр /2025.09.11/ “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-тэй холбоотойгоор Засгийн газарт шаардлага хүргүүлж, мэдээлэл өглөө.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-Монгол Улсад албан тушаалтнуудын ёс зүйн асуудал хэрээс хэтэрсэн. Бусад соёлтой Ардчилсан оронд ёс зүйн асуудалтай албан тушаалтнууд аль хэдийн огцорчихсон байх байсан. Булхайгаа нуухын тулд Б.Дэлгэрсайхан сайдын хэлж байгаа үг, хандлага үүний жишээ боллоо. Үүнийг би өмнө ч ярьж байсан. Энэ гэрээний талаар надаас өөр олон хүн дугарч байсан. Би улстөрчийн хувьд ямар асуудал ноцтой, үгүйг мэднэ. Ерөнхий сайд огцрох үеэр энэ гэрээ байгуулагдсан. Тиймээс тухайн үед үүнд анхаарах хүн байгаагүй. Харин одоо шинэ бүрэлдсэн Засгийн газар үүнд, яаралтай анхаарах хэрэгтэй байна.
УИХ-аар ямар хуулийн төслийг хэлэлцэх вэ гэдэгт УИХ-ын даргын үзэмж их байдаг. Тийм ч учраас энэ асуудал УИХ-аар гэрлийн хурдаар орж, баталсан. Тухайн үед би Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй энэ гэрээний асуудлаар уулзахаар гурван сар хөөцөлдсөн ч чадаагүй.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, улмаар УИХ-ын 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан.
Найр наадам, шинэ жилийн цэнгүүн болох гэж байгаа үеэр зориуд хүмүүсийн анхаарлыг энэ асуудалд хандуулахгүйн тулд гэрээг байгуулсан. Монголчууд арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэдэг. Гэтэл энэ өдөр гэрээг байгуулах эрх зүйн үндсийг тавьсан байна.
Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон.
Нэгдүгээрт, Энэ гэрээг байгуулахдаа гурвыг цогцоор нь гэдэг худлаа нэр олж өгсөн байгаа юм. Яагаад гэвэл луйвар булхайгаа нуух хэрэгтэй байсан байна. Үүнийг товчхон тайлбарлавал, нүүрс олборлолтоо нэмэгдүүлье, төмөр замаа тавья, нүүрс худалдах гэрээгээ байгуулъя гэсэн ийм гурван асуудал болгож гурвыг цогцоор нь гэсэн гэрээг байгуулахаар шийдсэн байгаа юм. Энийг Засгийн газар хэлэлцээд луйвар булхайн санаагаа нууц бичигтээ дарагдуулж байгаад УИХ-д өргөн барьсан УИХ энийг хэлэлцсэн. 57 дугаар тогтоол дээр урьд нь байгуулж байсан муу гэрээний жишгийг баримтлаарай гэсэн үүрэг даалгаврыг өгсөн байгаа юм.
Хоёрдугаарт, "Битгий сорчлоорой" гэсэн үүрэг даалгавар өгсөн байгаа юм. Гэтэл Б.Дэлгэрсайхан сайд, Ц.Туваан сайд болон Хятадын талаас гарын үсэг зурчихсан энэ гэрээг сорчилчихсон байгаа юм. Манай хамгийн үнэтэй буюу коксжих нүүрсийг нийт зарах гэж байгаа 250 сая тонн нүүрсний 55 хувь байхаар сорчилсон байна. 35 хувь харьцангуй чанартай гуравны нэг гэсэн нүүрс байна. Үлдсэн 10 хувийг чулуун нүүрс буюу хамгийн бага үнэтэй нүүрсээр оруулсан байгаа юм. Нийт нүүрсний нөөцийн зөвхөн 10 хувь нь коксжих нүүрс байдаг. Яг зүй зохистой харьцааг баримталсан бол 250 саяын 10 хувь нь коксжих нүүрс байх ёстой байсан. Тэгтэл 55 хувийг нь хийчхэж байгаа юм. Ингээд ганцхан гэрээгээр Монгол Улс нийт коксжих нүүрснийхээ бараг 40 хувийг зарчхаж байгаа юм. Хямдруулж зарж байна шүү дээ. 1 тонн нүүрсний зөрүүг биржийн үнэ, гэрээний үнэтэй харьцуулах юм бол ойролцоогоор 40 орчим долларын алдагдал хүлээхээр байгаа юм. 250 саяыг 40 доллароор үржүүлбэл 10 тэрбум доллар.
Монголд энэ гэрээг байгуулвал сэтгүүлчид энэ гэрээний булхиаг элчилчих учраас гадаадад Харбинд очиж энэ гэрээг байгуулж байна.
Гуравдугаарт, Энэ гэрээг яагаад нууцалж байгаа юм бэ. Нүүрс зарах бол нууцлаад байх асуудал биш. Яагаад гэхээр нүүрсний эзэд нь ард түмэн гээд Үндсэн хуульд биччихсэн байгаа. Ард түмний баялгийг өөр хүмүүс захиран зарцуулах ийм ажиллагаа хийж болохгүй. Энийг нууцална гэдэг бол энэний цаана луйвар булхай байна гэдгийн нэг нотолгоо. Тийм учраас яаралтай энэ гэрээг засах ёстой.
Ши Жиньпин “Манай хөршүүд Хятадтай гэрээ хийхдээ өөрсдөдөө ашигтай гэрээг хийж болно” гэж хэлж байсан. Гэтэл Б.Дэлгэрсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар Хятадын талаас дарамталсан мэтээр яриад байгаа. Нэн даруй Б.Дэлгэрсайхан огцрох ёстой. Үүний цаана нуугдаад байгаа нь Ц.Туваан. Өчигдөр Дэлгэрсайхан нүүрсний гэрээг Ц.Туваан хийсэн, би төмөр замын гэрээ хийсэн гэж хэлсэн. Тэгвэл тэр нүүрсний гэрээг хийсэн Ц.Туваан гарч ирэх ёстой. Үүнд МАНАН оролцсон. Мөн Л.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ сайд үүний цаана нуугдаж байгаа. Тиймээс Ш.Занданшатар сайдад засаач гэж хэлмээр байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.