0
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам Японы “Шицүкэно кай-Ёс зүйн нийгэмлэг”, Монгол Улсын Соёлын элч, Титэм-Арт академийн тэргүүн, Уран бичээч Э.Ариунболд нартай хамтран хоёр улсын улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд, уран бичлэгийн уран бүтээлчдийг оролцуулсан “Монгол, Японы “Ёс жудаг” уран бичвэрийн хоёр дахь үзэсгэлэнг Улаанбаатар хотноо Чингис Хаан үндэсний музейд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн модот” танхимд есдүгээр сарын 10-ны өдөр болов.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасны дагуу Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг батлан хэрэгжүүлж буй энэ цаг үед түүнчлэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хэрэгжүүлсний дараа энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй нь Монгол Улс, Япон Улсын “Хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа түүний дотор иргэд хоорондын итгэлцлийн бэхжүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд туйлын ач холбогдолтой юм” хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн “Шицүкэ буюу Ёс жудаг” гэдэг энэ үг хэл, сэтгэл санаа, үйл хөдлөлөө цэгцэлж, бусдад ёс жудагтай, зарчимтай харагдахыг илэрхийлдэг. Миний хувьд улс төр, төрийн албанд зүтгэж буй хүмүүс ажил албандаа идэвх, санаачилгатай байж, бусдын урсгалыг дагах биш харин өөрийн ажилдаа эзэн болж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, урагшлах гэж ойлгодог гэв.
Монгол, Японы хамтарсан “Шицүкэ-Жудаг” уран татлагын үзэсгэлэнг Элчин сайд агсан С.Хүрэлбаатар санаачлан 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан. Үзэсгэлэнд Монгол Японы уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүдийн 60 гаруй уран бүтээл дэлгэгдэж байна.
Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Чингис Хаан” үндэсний музей, Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэг, “OREM” Групп, Монгол Арт Галерей дэмжиж оролцов.
Үзэсгэлэн өчигдөр буюу есдүгээр сарын 10-аас эхлэн 10 хоногийн хугацаанд үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.