dobu.mndobu

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгууллаа

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгууллаа

Засгийн газрын өнөөдрийн (2025.09.17) хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж, "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам", "Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам"-ыг баталлаа.

Тус бүсэд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд дараах дэмжлэгүүдийг авах боломж бүрдэж байна. Үүнд,

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тус бүсэд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараас хөнгөлүүлэх;

-Хуулийн этгээдэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг, тусламж олгосон аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлэх;

Мөн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд тусгасан есөн төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгоно. Үүнд,

-Патентжуулах зардалд грант олгох;

-Олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;

-Хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40 хүртэлх хувьд грант олгох;

-Патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;

-Гарааны компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьд дэмжлэг олгох;

-Зээлийн батлан даалт гаргах;

-Зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;

-Эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;

Виртуал бүс байгуулснаар олон улсын сайн туршлагыг нутагшуулж, технологийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр болно. Уул уурхайгаас хараат бус оюуны бүтээлд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээхэд том алхам болно гэж үзэж байна.

Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлийн компаниудын ихэнх нь бусад улс орны компаниудтай харьцуулахад бүрэн төлөвшиж амжаагүй, гарааны хэлбэртэй байна. Энэ нь манай улсын хувьд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт дутмаг байгаагаас мэдээллийн технологийн гарааны компаниуд бусад улс орны хурдасгуур хөтөлбөрт хамрагдах, тухайн улсад үйлдвэрлэл эрхлэх, шилжин ажиллах эрсдэл бий болж байна. УИХ 2024 оны зургаадугаар сард Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах суурь дэд бүтэц нь “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.