0
Явган хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх үүднээс НЗХГ-аас явган замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна. Энэ хүрээнд НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр ”НЗХГ-аас Зайсангийн гудамжны авто зам болон явган хүний замыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран шинэчлээд байна. Тус явган хүний зам өмнө нь 1-1.5 метр өргөнтэй байсныг 4-6 метр болгож өргөсгөж, асфальтбетоноор хучиж шинэчилсэн. Мөн Шадивлан дахь 5.3 км, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хоёр талын 1.6 км, Их Монгол Улсын гудамжны 1.8 км явган хүний замыг асфальт бетоноор шинэчилсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нярай хүүхэдтэй эцэг, эхчүүд, дугуй, мопедтой иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байна. Мөн Элчингийн гудамж, Токиогийн гудамж, Хатанбаатар Магсаржавын гудамж зэрэг байршилд явган хүний зам шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэлээ.
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Хүртээмжийн үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс “Асфальт бетоноор шинэчлэл хийснээр зам нь нэг түвшинд болж, тэргэнцэртэй иргэд явахад илүү хүртээмжтэй болсон байна. Үүнээс гадна явган хүний зам, авто замын огтлолцол хэсгийн стандарт, хараагүй иргэдийн хөтөч хавтангийн товрууны стандарт зэргийг хангаж ажиллахад Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос уялдаатай ажиллаж байна. Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн холбооны төлөөлөлтэй хамтран шинэчлэгдсэн замуудад өөрсдийн биеэр явж үзэж байна” гэв.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Брайл хэвлэлийн төвийн ажилтан Ц.Отгонбаатар “Явган замын үнэлгээний талаар 2010 оноос хойш оролцож, санал дүгнэлтээ МХҮХ-оор дамжуулан хүргүүлж байна. Үүний үр дүнд жилээс жилд явган замын чанар сайжирч байна. Мөн явган хүний зам дээр машин тавьж, замын чанар алдагдуулах нь хараагүй иргэдийн хүртээмжтэй байдалд хамгийн ихээр нөлөөлдөг. Скүүтер, мопедыг замбараагүй байрлуулах нь мөн хараагүй иргэд зорчиход саад учруулдаг. Тиймд, иргэдийг ухамсартай хандахыг уриалж байна” гэлээ.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.