dobu.mndobu

Ө.Шижир: 2030 он гэхэд янжуур тамхины хэрэглээ 14 хувь буурах тооцоололтой байгаа

Ө.Шижир: 2030 он гэхэд янжуур тамхины хэрэглээ 14 хувь буурах тооцоололтой байгаа

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбоотой УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Ж.Золжаргал, М.Мандхай нар өнөөдөр /2025.09.19/ хэвлэлийн бага хурал хийв.

Хуулиар хийж буй гол шинэчлэл нь электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи, наадаг тамхи зэрэг одоо хэрэглээнд нэвтрээд байгаа бүх төрлийн тамхийг тамхин бүтээгдэхүүнд хамааруулснаар уламжлалт тамхинд үйлчилж байгаа импортлох, худалдаалах, хэрэглэх, сурталчлах, хязгаарлах болон хориглохтой холбоотой бүх зохицуулалт шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнд нэгэн адил үйлчлэх боломж бүрдэж буй. Хүүхэд, залуучуудыг тамхины хэрэглээнээс хамгаалах зорилгоор бүх төрлийн тамхинд амт, үнэр оруулагч нэмэлт химийн бодис нэмэхийг хориглох зохицуулалт тусгаж байгааг УИХ-ын гишүүн О.Номинчимэг хурлын эхэнд танилцууллаа. Ингэснээр үнэр, амт, өнгө, дизайнд татагдан өсвөр насныхан тамхи хэрэглэж байгааг бууруулах юм. Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн эд анги, дагалдах хэрэгслийн гаалийн код, нэршил, ангилал, татварын хувь хэмжээг шинээр тодорхойлж, гаалийн албан татварын хэмжээг 30 хувь байхаар тогтоох, одоогийн үйлчилж байгаа “янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи”, “нэгэн төрлийн болгосон тамхи, эсхүл сэлбэгдсэн тамхи”, “бусад” зэрэг нэр төрөлд ногдуулж буй 5-20 хувийн татварыг 30 хувь болгон нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгав. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 800 орчим тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 2.1 хувийг эзэлж байна. Хэрэв тамхины хэрэглээг бууруулж, нийгмийн эрүүл мэндийг сайжруулж чадвал шинэ эмнэлэг барих хэмжээний төсөв нөгөө талдаа хэмнэгдэнэ.

Тамхины онцгой албан татвараас орж ирсэн орлогыг ЕБС-ийн хүүхдүүдийн Шим тэжээлийг сайжруулах, тамхины хэрэглээг бууруулах, тамхинаас гарах эмчилгээ, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын хөтөлбөр, барилга байшин барих санхүүжилтэд зарцуулна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Хуулийн төслийн хүрээнд тамхины татварын хэмжээг өсгөснөөр жишээ нь, өнөөдөр зах зээлд дунджаар 3,800 орчим төгрөгийн үнэтэй тамхи 2026 онд 4,400, 2027 онд 7,100 гээд 2030 онд 15,400 орчим төгрөг болохоор тооцоолоод байна. Хууль батлагдсанаар Монгол Улсын тухайд 2030 он гэхэд янжуур тамхины хэрэглээ 14 хувь буурах тооцоололтой байгаа.

"Ниргэсэн хойно нь хашхирав” гэж Монгол ардын зүйр үг байдаг. Бид ниргэхээс нь өмнө хамгаалж авъя гэж байгаа юм. Та бүгдийн ашиглаж байгаа камертай яг адилхан электрон бараа гэж орж ирээд байгаа юм. Тэгэхээр энийг болиулъя гэж байгаа юм. Хүүхдүүд багаас нь муу зуршил суулгахгүй байя гэж байгаа юм. Тиймээс энэ хуулийн гол үзэл санаа бол энэ. Зарим нэг нь хуулийн утга санааг гувуйлахаар тайлбарлаж байна. Тийм зүйл байхгүй. D-Parlament-д хуулийн төсөл байгаа учраас та бүхэн хараарай гэж хүсэж байна. Олон улсын жишээнүүдийг харж байхад улс орнууд эхнээсээ хориглож эхэлж байна. Манайх бас энэ тал дээр анхаарах улсуудын нэг болж явж байгаа. Үүнийг олон улсын байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Цаашлаад хорт зуршлаас өсвөр насны хүүхдүүдийг хол байлгах, буруу дадлаас сэргийлэх зэрэг дээр урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах байх. Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсэж байна" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Монгол Улс 2024 оны байдлаар Хонгконг болон БНХАУ-аас электрон тамхийг импортолж байна. Гэвч БНХАУ электрон тамхийг хориглосон, зөвхөн экспортлоход зориулан чөлөөт бүсдээ үйлдвэрлэж байгаа хямд тамхийг оруулж ирж хэрэглэж байгаа нь анхаарах асуудал юм. Тамхины импортлогчид маань электрон тамхи татсанаар янжуурын хэрэглээ буурна гэсэн мэдээллийг байнга өгдөг. Гэвч Гаалийн ерөнхий газрын мэдээллийг харвал янжуур болон электрон тамхины аль алиных нь импорт огцом өссөн байгаа нь тамхи хэрэглэгчдийн тоо өсөж байгааг харуулж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн М.Мандхай "Манай улсад тамхи болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг дэлгүүр, худалдааны төвийн кассын дэргэд шилэн хоргонд ил байршуулан худалдаалж байгааг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж “борлуулалтын цэг дэх ил байршуулалтыг хориглох - point-of-sale display ban” зохицуулалт энэ хуульд орсон байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд эдгээр бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн үзүүлэхийг хориглож, зөвхөн 21-ээс дээш насанд хүрсэн хүний хүсэлтээр нэр, үнийн мэдээллийг тусгасан жагсаалтаас сонгон худалдан авах зохицуулалттай болох юм. Ингэснээр өсвөр үе, залуучуудын анхаарлыг татах, тамхины хэрэглээг өдөөх эрсдэлийг бууруулах, зөвшөөрөлгүй этгээд тамхи худалдаалахыг зогсоох ач холбогдолтой гэж үзэж байгаа" хэмээв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.