dobu.mndobu

МАН-ын Хяналтын ерөнхий хороог шийдвэрээ эргэн харахыг шаардав

МАН-ын Хяналтын ерөнхий хороог шийдвэрээ эргэн харахыг шаардав

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2025.10.01/ үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хорооны 11 гишүүний саналаар Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн.

Тэгвэл уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр /2025.10.02/ мэдээлэл өглөө. Тодруулбал, МАН-ын Хяналтын хороо Б.Энхбаяр гишүүнийг хөөсөн асуудлаа эргэн харахгүй бол УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар МАН-ын бүлэг, цаашлаад МАН-аас гарна гэдгээ мэдэгдлээ.

Гишүүдийн төлөөлөл “МАН-ын хувьд 2024 оны сонгуульд авлигатай тэмцэх заалтуудыг маш тодорхой зааж өгсөн. Ялангуяа авлигын талаарх мэдээллийг амар хялбар болгох талаар нэлээн тодорхой заалтуудыг оруулж өгсөн.

Гэтэл өчигдөр Хяналтын ерөнхий хорооны хурлын үйл явцаас харахад тэнцвэргүй үйл явдлууд, ялангуяа авлигатай холбоотой асуудал ярьсан хүн нь буруутай болж байна.

Тэнд хоёр хүний асуудал яригдаж байгаа юм. Ялангуяа Б.Энхбаяр гишүүний худал мэдээлэл өгсөн гэдэг нэг асуудал байгаа юм. Нөгөө талд нь Л.Амарбаясгалан даргатай холбоотой асуудал байгаа юм. Тэгэхээр хоёр хүний асуудал байхад гэм буруугийн зарчим нь нэг хүн дээр үйлчлээд байна. Хуулиар гэм буруугүй гэдэг нь тогтоогдтол гэм буруугийн зарчим нь нэг хүнд үйлчлээд, нөгөө хүнд үйлчлэхгүй шийдвэр гарсанд харамсаж байна. Тэгэхээр энэ шийдвэр МАН-ын гишүүдийн санал гэж бодохгүй байгаа. Энэ саналаа МАН-ын Хяналтын ерөнхий хороог эргэж хараач ээ. Тэгэхгүй бол МАН-ын бүлгээс гарах, МАН-аас гарах хүртэл арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, энэ нь МАН авлигатай тэмцэхгүй үүнээсээ ухарч байгаа явдал. Тэгэхээр энэ асуудлууд нь шүүхээр шийдэгдээд асуудал тодорхой болсны дараа энэ асуудлуудыг ярих ёстой. Намын дүрэм дээр заасан асуудал болохоор авлигатай холбоотой асуудал гарвал намаас түдгэлзэх заалт байгаа. Тэр асуудал шийдэгдсэний дараа намаас чөлөөлөх үү, буцаж орох уу гэдэг дүрмийн заалттай байдаг. Тэгэхээр энэ заалтуудаа бариач, Хяналтын ерөнхий хорооны гаргасан шийдвэр бол МАН-ын гишүүдийн санаа зорилгыг илтгэхгүй байна. Зарчим, улс нийтийн эрх ашиг ярьсан хүмүүсийг намаас хөөнө гэдэг. Өмнө жил төсөв ярьсны төлөө намайг бас намаас хөөнө гэж байсан.

Амьдрал дээрдэхгүй байгаа хамгийн том асуудал бол авлигал байгаа юм. Тэгэхээр бид үүнтэй тэмцэх ёстой. 

Хяналтын ерөнхий хороо шийдвэрээ дахиж харахгүй бол дараагийн шатны арга хэмжээгээ авна гэдгээ мэдэгдэж байна. Миний хувьд МАН-ын Дорнод аймгийн Хяналтын хорооны дарга. Энэ аймгийн засаг даргаар ажиллаж байсан.

Дорнод аймгаас тухайн үед сонгогдож байсан Н.Номтойбаяр гишүүн, мөн Дорнод аймгийн уугуул Б.Энхбаяр гишүүн гээд эдгээр хүмүүсийг яагаад намаас хөөгөөд байгаа юм бэ. Д.Энхтүвшин гишүүн ч гэсэн Дорнод аймгийн уугуул. Энэ МАН гэдэг илүү хариуцлагатай амласан амлалтаа биелүүлдэг, авлигын эсрэг 5Ш ажиллагаагаа хэрэгжүүлэхийн төлөө амлалтаа биелүүлж зүтгэдэг байх ёстой. Үүнийг дэмжиж байгаа гишүүд байвал бидэнтэй нэгдэж болно. Шударга бус зүйлээ засахгүй бол бид намаас гарах хүртэл арга хэмжээ авна" хэмээв.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.