dobu.mndobu

Шатарчин сайдын шаггүй нүүдлүүд юунд хүргэх вэ

Шатарчин сайдын шаггүй нүүдлүүд юунд хүргэх вэ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шаггүй шатарчин гэдэг. Саяхан болж өндөрлөсөн Бага хуралдаанаас хожигдсон шатарчин маань өдөр бүр улс төр хэмээх өрөг дээр ширүүхэн нүүдэл хийх болжээ. Унасан уур цухал ч бий л байх. Саяхан намаасаа туугдаад буй Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгааг бухимдангуй мэдэгдсэн нүүдэл нь олныг хирдхийлгэсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар Б.Энхбаярыг намаас хөөсөн шийдвэрээ эргэн харахгүй бол намын бүлгээс, цаашлаад МАН-аас гарахаа мэдэгдлээ. Энэ мэдэгдэл хийж байгаа гишүүдийг харсан ч мэдээллийн агуулга, улс төрийн үйл явцыг анзаарсан ч Шатарчин сайдын нүүдэл гэдэг нь харагдаж байна.

Шаггүй шатарчин сайд маань энэ байдлаараа өдөр бүхэн “классик” нүүдэл хийж, түмэн олонд гэнэтийн бэлэг барих бололтой. Цаашид энэ мэт гэнэтийн нүүдэл хийх нь эргээд өөрт нь төдийгүй МАН-д ч халтай байж болох талтай. Арав гаруй жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН хэмээх гал тасалж аваад МАН-ыг ялагдалд хүргэж, Засгийн газарт хүртэл хамтрах хэмжээний амжилт үзүүлснийг мартаж болохгүй. Н.Энхбаяр шиг гал тасалж бярдахгүй юм гэхэд “Үндэсний эвсэл”, Н.Номтойбаяр хэмээх гэрээ бариад үүдээ засчихсан айл хаалгаа цэлийтэл дэлгээд угтана. Энэ эвсэлд МАН-аас А.Ундраагаас эхлээд олон гишүүд очсон. Нөгөө талаар “Үндэсний эвсэл”-ийг эрх баригчид Засгийн газарт урьсан ч орохгүйгээр сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж, зөв замаар явж байгаа учраас олон нийт дэмжиж байгаа. Тэгэхээр мэдэгдэлд дурдсанаар долоон гишүүний саналыг хүлээн авахгүй бол зөв зам дээр байгаа бэлэн нам эвсэл байгааг бас санах хэрэгтэй.

Мэдэгдэл хийсэн долоон гишүүний хувьд анх удаа УИХ-ын босго алхсан, нэр цэвэр ирэх 2028 оны сонгуульд барианд орох “морьд”-ын тоонд зүй ёсоор нэрлэгдэнэ. Б.Энхбаяр ч нэмэгдэнэ. Тэднийг дагах цөөн ч атугай хүн бий. Ингэхээр УИХ-д нэгэн бүлэг бий болгож, улмаар МАН-ыг 2028 оны ялагдалд хөтөлж байхыг ч үгүйсгэхгүй. Улс төрийн дарангуйлсан, заналхийлсэн, өшөө өвөрлөсөн энэ мэт нүүдэл нь эцэстээ МАН-ыг хуваах төдийгүй сарниах ч шидийг агуулсан байдаг. Гэхдээ л шатарчин сайдынхаа дараа дараагийн нүүдлийг тэсэн ядан хүлээнэ. Шаггүй шатарчин сайд гурван нүүдлийн цаадхыг харсан биз ээ гэж найдна. Зөвхөн унасан уур цухалдаа баруун солгойгүй нүүж байгаа бол юунд ч хүргэж мэднэ.

ИХМЭДЭГЧ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.