Яахаараа өөрийнхөө сэтгэцийн эмгэгийг ч барьж чаддаггүй “нүцгэн” нөхрийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилчихдог байна,аа. Ж.Бат-Эрдэнийг МАН-ын бүлгийн дарга болсноос хойш төрийн ажил бүхий л шатандаа тасалдаж, заримдаа зогсож байна. Засгийн газрыг болон УИХ-ын даргыг огцруулах өргөх бичгийг хоёр талаас өргөн барьчихсан байхад бүх түвшинд хуралдаан гацааж, асуудлыг нэг талд нь гаргахгүй байна.
Нөгөө талд хүйтний ам наашилсан энэ үед өвөлжилтийн бэлтгэл ажлын ид үеэр Бүдүүн бүлгийн “Нүцгэн” дарга Бүлгийнхээ хуралдааныг ч хийж чадахгүй хоёр долоо хонолоо. Байнгын хорооны түвшинд ч хуралдаанууд ирц хүрэхгүй хойшилж гээд УИХ-д урьд өмнө байгаагүй завхрал бий болжээ. Ямар сайндаа өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Үүрийнтуяа, Б.Заяабал тэргүүтэй МАН-ын бүлгийн 38 гишүүн бүлгийнхээ хуралдааныг хийе хэмээн шаардлага хүргүүлснээ нийтэд мэдээлж байхав дээ.
Үүнээс өмнө ч гишүүд “Төр, нийгмийн хэмжээнд тулгамдсан асуудал олон байна. Бүлгийнхээ хуралдааныг хийж ярилцах хэрэгтэй” хэмээн шаардаад ирээгүй аж. Тиймдээ ч УИХ-ын гишүүд “Ж.Бат-Эрдэнэ бол бүлгийн дарга хийх чадамжгүй хүн юм байна” хэмээн дүгнээд дараагийн даргыг сонгох аянд мордсоныг ярьцгааж байна.
Уг нь УИХ, Дэгийн тухай хуулиар бол бүлгийн гишүүдийн олонх хуралдахыг шаардсан бол хуралдах ёстой ч өнөөг хүртэл хуралдах эсэх нь шийдгүй сууна. Нөгөө талаар Ж.Бат-Эрдэнэ бүлэг даргалах чадамжгүйн зэрэгцээ хууль дүрмээ үл тоон, аливаа асуудлыг эрх ашгийнхаа төлөө улстөржүүлэх хандлагатай байгаа нь МАН гэлтгүй АН-ын ч дургүйг хүргээд байгаа аж.
Үнэн хэрэгтээ улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаа гэх тайлбар өгч байгаа ч Бүлгийн дарга өөрөө эрх ашгийнхаа төлөө аль нэг талыг налж байгаа учраас ийм байдал үүссэн. Өнөөдөр энд МАН-ын бүлгийн гишүүд Д.Амарбаясгалангийн талд байна уу, Г.Занданшатарын талд байна уу, хамаагүй. Гагцхүү Бүлгийн дарга хууль дүрмийн дагуу хуралдаанаа явуулж байх ёстой. Улс оронд тулгамдсан олон асуудлыг Төрийн эрх барьж байгаа намын бүлгийн хувьд юуны өмнө авч үзэж, УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх үүрэгтэй. Гэтэл Бүлгийн даргын суудал дээрээс эрх ашгийнхаа төлөө хуралдаануудыг бойктолж сууна гэдэг яавч болохгүй.
Ер нь бол Ж.Бат-Эрдэнэ шиг туйлбаргүй, энд тэнд бантан хутгаж явдаг нөхөр бүлгийн гишүүдийг зангидаж чадахгүй. Сүүлийн хэдэн жишээ татахад л Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх талаар УИХ-ын чуулганы хуралдаанаар санал хураах үеэр тэр “Нууц хураая” гэсэн горимын санал гаргаснаар Л.Оюун-Эрдэнэ унаж байв. Хэрэв анх тохиролцсон шигээ ил санал хураавал засаг тогтвортой үлдэх байв. Яахав, болсон болоогүй ажил урагшилж сүйд болохгүй ч өнөөдрийнх шиг гацахгүй байв. Саяхан болж өнгөрсөн МАН-ын Бага хуралдааныг тэр даргалж явуулсан ч тооллогоос эхлээд бас л будилаантай хурал болгосон гэдгийг та бүхэн мэднэ.
Урьд өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албыг нас насны хүмүүс хашиж ирсэн. Сүүлийн үед гэхэд л Д.Тогтохсүрэн, Л.Мөнхбаатар нар улс төрийн ямар ч давлагаатай үед аль ч талыг үл налан, Намын бүлгийн гишүүдээ зангидаж, зөв залж ирсэн. МАН ялагдал хүлээсэн улс төрийн амаргүй цаг үед ч Н.Энхболд, С.Бямбацогт нар ялсан намын бүлгийн дарга шиг л авч ирсэн байдаг. МАН 33:32-оор хуваагдан “тулалдаж” байхад Д.Хаянхярваа ч бүлгийнхээ гишүүдийг хоёр тийш нь тарааж алдаагүй юм. Үеийн үед урваж шарваагүй дарга нар энэ бүлгийг залж, зангидаж ирсэн учраас “Нүцгэн” дарга Ж.Бат-Эрдэнэ дэндүү чамлагдана. Тэгээд ч улс төрийн ийм эгзэгтэй үед бүлгээ ч хуралдуулж чадахгүй байгаа даргаас хурдхан салахгүй бол нам дотор үүссэн асуудал ч улам л хурцадна.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэгэнт шаардаад эхэлсэн учраас “Нүцгэн” дарга Ж.Бат-Эрдэнэд баяртай л гэж хэлье дээ.
Их Мэдэгч