dobu.mndobu

Мөнгө уудаг төмөр зам уу, мөнгө залгидаг “Бодь” уу

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-15

Мөнгө уудаг төмөр зам уу, мөнгө залгидаг “Бодь” уу

Олоон жилийн өмнө Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Гашуунсухайт, Тавантолгой чиглэлийн төмөр замыг барихаар 280 сая ам.доллар зарцуулан, далан шороо овоолоод сураг тасарсан. Эдийн засгийн бүлэглэлүүд эрх ашгаа уралдуулж байсан энэ төслийг 2010 онд “Энержи ресурс” хэрэгжүүлэх гэж байхад нь тухайн үед  Зам, тээврийн сайд байсан Х.Баттулга гацаасан гэдэг.

 

Түүнийг ийнхүү далан шороо овоолсноос хойш арав гаруй жил өнгөрч, “Женко”-г Ерөнхийлөгч болсны дараа түүний найз Д.Баясгалан, “Бодь интернэйшл” групп гүйцэтгэхээр болж, хөрөнгө оруулалтын гэрээг нууцын зэрэглэлд авсан. Гэхдээ 2019 оны хоёр гэрээг 2022 оны 449 дүгээр тогтоолоороо төрийн нууцаас гаргаж байв. Гэвч, ил болсон гэрээнүүдийн ард ямар хулгай явсныг өнөөдрийг хүртэл хууль хяналтынхан сайтар шалгаагүй юм болов уу. Олон янзын зүйл ярьж байгааг эцэс болгоод шалгах нь зүйн хэрэг байх. Тэгээд ч “Бодь” групптэй холбогдох гэрээнүүдийг ил болгочихлоо.

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээ байна. Үүнтэй 2020 оны зургаадугаар сарын 10-нд хийгдсэн түүний нэмэлт өөрчлөлт байгаа юм. Түүнчлэн 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэйшнл” компанийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт байхыг албан баримтад дурджээ.

 

Харин одоо Ганцмод- Гашуун сухайтын хил холболтын төмөр замын тухайд 10.3 км замын байгууламжийг барихад анхны өртөг нь 902 тэрбум төгрөг хэмээжээ. Ингэхээр одоогийн байдлаар зургаа гаруй их наяд төгрөг болно. Үүн дээр нэмээд “Харбины гэрээ”-нд хил холболт, 250 сая тонн нүүрсний асуудал багтана. Нууцын зэрэглэлд багтаасан энэхүү гэрээнээс үүдэж, Монгол Улс 35 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ гэдгийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр баримтаар дэлгэсэн. Ингээд харахаас “Женко”-гийн далан шороо овоолсон цагаас өнөөг хүртэл хэчнээн их мөнгө зарцуулаад өнөөдөр ч “нууцын зэрэглэл”-д багтаасан гэрээ байгаа гэхээр ямар их мөнгөөр босох гэж байгаа төмөр зам бэ. Ёстой л мөнгө уудаг төмөр зам юм уу, эсвэл гүйцэтгэгч “Бодь” нь залгидаг юм уу.   

 

Энгийн бодоход л нийт 15 саяас 100 мянган тонн хүртэлх нүүрсийг 30 гаруй удаагийн үйлдлээр гэрээлж, нууцын зэрэглэлд авсны цаана ямар их мөнгө байгаа вэ. Үүнээс гадна “нууц” хэмээсний цаана ямар асуудал өрнөв гэдэг нь ихээхэн анхаарал татна. Энд гэрээлсэн үнээс гадна тухайн үеийн ханшийн зөрүү яав гэдэг нь сонирхолтой. Ингэхээр ил далд гэрээгээр мөнгө идэх нэг арга болгов уу гэх хардлага бий. Тэгэхээр “Бодь интернэйшнл”-ийн энэ олон нууц гэрээг ил болгосон учраас чухам ямар учраас нууцад авсан юм. Тухайн хугацаанд зах зээлдэх ханш ямар байсан. Харин “Бодь” хэдэн төгрөгөөр нүүрсээ зарж байсан. Үнийн зөрүү ямар байв зэргийг шалгах ёстой.

 

Хамгийн анх 2019 онд хийсэн 15 сая тонн нүүрсний гэрээ хийж, түүнд заахдаа 2024 оныг дуустал 60 ам.доллароор тооцсон байдаг. Үүнээс 7,981,018.50 тонн нүүрс гаргаад 7,074,810.80 тонн нүүрсний үлдэгдэл байгааг гэрээнд дурджээ. Тэгэхээр гэрээлсэн үнээр борлуулсан долоон сая тонн нүүрсийг үржүүлэхээр 240 орчим сая ам.доллар болно. Зөвхөн нэг гэрээнд байгаа нүүрсний бодит тоо ийм байна. Гэтэл эх сурвалжид дурдсанаар нэг тонн тутмыг 60 ам.доллароор гэрээлсэн гэдэг. Харин тухайн үед нэг тонн нүүрс 100 орчим ам.долларын ханштай байж. Бүр 100 гаруй ам.долларт хүрсэн тохиолдол ч бий.

 

Гэрээнд зааснаас харахад “Төлбөр хүлээн авагч болон Худалдан авагчийн хооронд төлбөрийн болон барьцааны үүрэг, тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулсан тусдаа гэрээ байгуулах бөгөөд тус гэрээнд заасан төлбөрийн үүргийн биелэлтэй холбогдуулан, төлбөр хүлээн авагч нүүрсний ачилтыг зогсоох мэдэгдлийг худалдан авагчид хүргүүлж болно” гэжээ. Төлбөртэй холбоотой “тусдаа гэрээ” шүү.

 

Томоохон бүтээн байгуулалтад зориулан өөрт байгаагаа борлуулж, түүнд зарцуулах нь зөв хэрэг байх. Гагцхүү энэ олон сая тонн нүүрсний мөнгө, зөрүү гээд хаашаа ямар замаар орсныг л нягтлах хэрэгтэй. Чухам 50 мянган тонн нүүрс зарах гэж нууцын зэрэглэлд хамаатуулах хэрэг байсан уу.

 

Эдийн засагчид, мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар бол ийм хэмжээний төмөр зам барихад арай л их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Нүүрсний үнийн зөрүү ч гарна, ийм их хэмжээний мөнгө орохгүй.  Шалгуулах хэрэгтэйг ч сануулсан. Мөн гэрээнээс харж байхад “Нийлүүлэх цэг” буюу уурхайн ам дахь FCA үнэ нь нэг тонн тутамд 13 ам.доллар байна. Худалдагч талаас гэрээний улирал бүрийн үнийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тогтоож болно” гэж заажээ. “Худалдагч талаас үнийг тогтооно” гэсэн байна. Энэ мэт эргэлзээтэй асуудал олон байгаа учраас хууль хүчний байгууллагууд шалгаж, бүх зүйлийг тодорхой болгох ёстой.  

 

Их Мэдэгч

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.