dobu.mndobu

Одоо “Харбины гэрээ”-г ил болгоцгооё, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр яав

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-15

Одоо “Харбины гэрээ”-г ил болгоцгооё, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр яав

“Бодь” группийн нүүрсний гэрээг нууцаас гаргаад олон нийтийн индэр дээр тавьчихлаа. Өөр олон зүйл ил болж байгаа нь сайшаалтай. Ингэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр анх олны анхааралд оруулан, шүгэл үлээсэн “Харбины гэрээ”, Хил холболтын асуудлыг ил болгомоор байна. Н.Энхбаяр нэг хэсэг асар идэвхтэй суваг бүхнээр нэвтэрч байсан ч сүүлийн үед гэнэт сураг тасарсан, ямар эрх ашиг байв хэмээн хардахад хүргэж байна. Түүнээс яг энэ цаг дор хамт л жиргэж байх учиртай сан. Цагтаа Төрийн бүхий л өндөр сэнтийд заларч явсан энэ эрхэмд ямар нэг шалтгаан байсан болоод чимээ таслав уу, яав.

 

Түүний хэлснээр уг гэрээ 10 тэрбум ам.долларын алдагдалтай байгуулагдсан бөгөөд улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Мөн 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан уг гэрээ нь нүүрс олборлолт, төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах асуудлыг “цогцоор нь” хэмээн нэг багц болгон оруулжээ. Гэвч гэрээний 58 дугаар тогтоолд “муу гэрээний жишгийг баримтлаарай” гэх мэт заалт тусгасан нь санаатайгаар Монголд ашиггүй нөхцөлийг бүрдүүлсэн гэж онцлов.

 

Харин хөндлөнгийн шинжээчдийн үзэж байгаагаар бол хамгийн үнэтэй коксжих нүүрсийг 250 сая тонноос 55 хувийг нь сорчилж, 35 хувийг харьцангуй чанартай, үлдсэн 10 хувийг хамгийн бага үнэтэй чулуун нүүрс болгон ангилсан хэлбэрээр авах юм байна. Ингэснээр тонн тутамд ойролцоогоор 40 ам.долларын алдагдал тооцогдож байгаа нь нийтдээ 10 тэрбум ам.доллар буюу одоогийн ханшаар 35 их наяд төгрөг болох аж. Энэ бол Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэхүйц мөнгөн дүн гэхээр асар их хөрөнгө.

 

Ямартай ч Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ц.Туваан нарыг гэрээ байгуулахдаа “Хятадын шахалт” нэрээр халхавчилж, Монголд ашиггүй нөхцөлөөр зөвшөөрсөн гэж хаа хаанаа буруутгаж байгаа. Үүгээр ч зогсохгүй энэ гэрээний цаана УИХ-ын дарга Л.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын оролцоо бий. Тэд гэрээг мэдсээр байж хэлэлцүүлсэн нь хулгайтай эвлэрсэн хэрэг болж байна. Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар уг гэрээг засаж, Монголын эрх ашигт нийцүүлэх ёстойг ч хаа хаанаа анхааруулах болжээ.

 

Эдийн засгийн эх сурвалжуудын хэлж байгаагаар “Харбины гэрээ”-нд зааснаар нэг тонн нүүрс тутамд 40 ам.доллар алдана” гэдгийг дуулгасан. Эргэн сануулахад, Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, улмаар УИХ-ын 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан.

 

Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон. Өөрөөр хэлбэл “Гурвыг цогцоор” гэх худлаа нэр өгч, УИХ-д өргөн барьсан. УИХ үүнийг хэлэлцэж баталсан. УИХ ч санаатайгаар муу гэрээ байгуулах бололцоо олгосон. Хоёрдугаарт сорчилсон буюу хамгийн сайн нүүрсээ 55 хувь байхаар заалт оруулсан, харин хамгийн хямд нүүрсээ 10 хувьд тооцсон гэх асуудлууд бий.  

 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын анх шүгэл үлээх үеэр УИХ-ын гишүүдээс “Харбины гэрээний асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж баталсан, одоо маш том алдагдалтай гэрээ болсон гэдгийг яриад эхэлжээ. Та тогтоолд батлалцсан гишүүний хувьд ямар бодолтой байна” хэмээн асуухад УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас бусад нь бараг ойлгоогүй, зарим нь мэдээгүй хэмээн хариулж байна лээ. Үүнээс харахад энэ лавтай томоохон луйврын гэрээг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, танхимынхаа сайд нар болох Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарын хамт Харбинд хүрэлцэн очоод хийчхэж. Луйврын гэрээг нь Д.Амарбаясгалан дарга УИХ-аар зальдаж оруулсан байх магадлалтай. Үүнийг заавал шалгах хэрэгтэй.  

 

Их Мэдэгч 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.