Төрийн гурван өндөрлөгөөс хоёр нь эцэс төгсгөлгүй өрсөлдөж, нөгөө нь чимээгүйхэн ажиглан сууна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэйгээ мэдэгдэж, чуулганаар хэлэлцэхийг хүлээж байна. Энэ бол түүний эцсийн арга байх. Нөгөө талаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулъя гэсэн томьёоллоор санал хураахад нийт 22 гишүүн оролцсоноор 19 гишүүн огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь Г.Занданшатарын эсрэг боссон гишүүд Байнгын хорооноос гаргасан томьёоллоор чуулганы хуралдаанд оруулахаар Ерөнхий сайд унах магадлал маш өндөр. Гэвч хуралдааны ирц бүрдэхгүй тавьж хоносон хурал цуцлагдаж өнөөдөр дахиад шинээр эхлээд “үзэж” байна.
Тиймээс Засгийн газар, түүний төлөөлөл сайдууд хэрвээ Байнгын хорооноос гаргасан томьёоллоор санал хураавал Үндсэн хууль зөрчинө хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн бус замаар Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь хууль зөрчсөн асуудал гэж үзсэн.
МАН-ын Бага хуралдаан дээр хурцадсан энэ асуудлын дараа Д.Амарбаясгаланд ч тамга алга, албан ёсны дарга ч болж чадсангүй. Г.Занданшатарт ч тамга алга, мөн албан ёсны дарга болоогүй. Энэ мэтээр зуны сард эхэлсэн тэмцэл намрын дунд сарыг бараглаж, сүүл сар руу орох нь тодорхой боллоо. Энэ хугацаанд төрийн бүхий л шатанд ажил гацаж, төрийн бага дунд шатанд хуваагдал бий болчихлоо. Өвөл цаг ч босгоны цаанаас өнгөлзөж гээд олон асуудал зузаарч байна.
Харин тамга атгаж байгаа нь Л.Оюун-Эрдэнэ Төрийн хоёр өндөрлөгийн өрсөлдөөнийг ихээхэн таатай ажиж сууна. Үнэн хэрэгтээ тамгагүй хоёр даргын өрсөлдөөн дунд албан ёсны дарга Л.Оюун-Эрдэнэ алгаа ташин суугаа нь анзаарагдах аж. Арга ч үгүй, Ерөнхий сайд байхаасаа сайн нэртэй байгаагүй Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа буусан цагаас хойш нууц гэрээнээс эхлээд ахтайгаа нийлж төсвийн мөнгөнд гар дүрсэн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бизнес бүлэглэлийг дэмжсэн гэх олон хар асуудлууд босож байгаа юм.
Хэдийгээр тэр өдгөө сул гишүүн ч гэлээ Төрийн эрх барьж байгаа намын дарга хэвээрээ байгаа учраас энэ үймээн дундуур сөхөгдөж буй асуудал нь саармагжиж, улмаар тамгагүй хоёрын дундуур өөрөө гүйж болохгүй юм гэхэд өөрийнхөө хүнийг гүйлгэчих боломж гарч байгаад ихээхэн баяртай байгаа нь ойлгомжтой.
АН-ын бүлэг Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын асуудлыг зэрэг хэлэлцвэл чуулганд идэвхтэй оролцоно гэж байгаа. Энэ нь хоёуланд нь унагаана гэсэн үг. Чухам Үндсэн хуулийн цэц ямар тайлбар хийхийг мэдэхгүй. Айсуй арваннэгдүгээр сарын 15-нд болох МАН-ын Их хурлаар шинэ дүр буюу Л.Оюун-Эрдэнийн талаас нэг нөхөр өрсөлдөх магадлалтай болно. Өөрт нь ч боломж байгаа учраас тэр алгаа ташихаас яахав. Ерөнхий сайдын суудлаас буугаад удаагүй, одоо ч намын тамга атгаж байгаа даргын ард эрх биш хүч үлдсэн байх. Баярлахаас ч яахав.
Их Мэдэгч