Удтал дуншсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал одоогийн байдлаар нэг талдаа гарч, өнөөдрийн чуулганы хуралдаанаар ямартай ч Г.Занданшатарыг унагаад авав. Гэхдээ өрсөлдөөн дуусаагүй. Ерөнхий сайдаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан, үүний хариу гараагүй байна. Тэгэхээр Г.Занданшатар хараахан тахимаа өгөөгүй. Цэцийн шийдвэр түүний тахимаа өгөх эсэхийг шийднэ гэсэн үг.
Ерөнхий сайдыг огцруулсан чуулганы хуралдааны завсарлагаанаар сайд нарын байр сууриа илэрхийлж байгаагаас харахад тахимаа өгөхгүй бололтой. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд найдаж байна гэсэн үг. Яах аргагүй хууль зөрчсөн процесс явагдсан бололтой.
Тодотговол, Үндсэн хуулийн 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг шууд үүсгэн шалгаж байгаа юм. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21.3 дахь хэсэгт “Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана” гэжээ.
Тэгэхээр ямар заалт байгаад ямар учраас үндсэн хууль зөрчсөн асуудлаар цэцэд хандав гэдгийг үзье. Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.” гэжээ, Мөн 70.1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол огцрох ёстой. Хоёрдугаарт, уг саналыг гэдэг маань Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалтыг явуулах ёстой юм. Түүнээс огцруулахгүй байхыг дэмжье гэсэн томьёоллоор санал хурааж болохгүй аж. Үндсэн хуульд ингэж заасан байдаг. Дэгийн тухай хуульд ч мөн адил буюу энэ хуулийн 101.4 зүйлд УИХ-ын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй гэж заасан байдаг.
Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн томьёоллоор санал хураалгаж, УИХ гишүүдэд хуультай танилцах боломжийг хааж байгаад дээрээс нь кноподоо хүрэхгүй байдлаар Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар унагаах үйлдэл хийсэн гэж үзэж байгаа юм.
Нэрт хуульч С.Нарангэрэл, Н.Лүндэндорж нар ч Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураахгүй. Үндсэн хуульд зааснаар огцруулах асуудлыг гишүүд тавьсан учраас нийт гишүүний олонхоор зөвхөн огцруулах уу гэсэн асуудлаар санал хураалт явуулж, 64 гишүүн дэмжсэн эсэхээс Ерөнхий сайд огцрох эсэх хамаарна. Үүнээс өөрөөр ямар ч байдлаар санал хураах боломжгүй байдлаар Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр зохицуулсан гэдгийг хэлж байна.
Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд тахимаа өгөх болоогүй бөгөөд дахин хуулийн процессоор явж, Ерөнхий сайдаар үлдэх үү, унах уу гэдгээ шийдэх аж.
Их Мэдэгч