Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлооч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ширмэнгийн Наранчимэгтэй ярилцлаа. Тэрээр тун удахгүй ирэх сарын 5-нд “Хүндэтгэл II” буюу монгол сонгодог тоглолтоо үзэгчдэдээ толилуулах гэж байгаа билээ. Түүнийг бид В.А.Моцартын “Дон Жуан”-ы Донна Эльвира, Ж.Вердийн “Адиа”-гийн Адиа, Д.Пуччинийн “Богема”-гийн Мюзетта, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Нансалмаа зэрэг олон сонгодог дууриудын дүрд дуулснаар нь сайн мэднэ.
Дуулж эхлэхэд нь голоос нэг л тийм хөндүүр хэрнээ, хачин жигтэй долгилсон мэдрэмж төрөөд болдоггүй юм. Магадгүй хэн бүхний дотор чимээгүйхэн оршсон огших, догдлох зэрэгцсэн эл мэдрэмжийг түүний хоолой ил болгож, урлагийн яруу сайхан аян данг үзэгчдийн сэтгэлд хөтөлж авчирдагтай холбоотой биз ээ. Харин тэр өөрийнхөө дотор юуг оршоож, уран бүтээлийнхээ талаар ямар бодол тээж явдаг талаар нь уудалж ярилцахыг зорилоо. Ингээд уншигч таныг ярилцлагадаа урьж байна.
- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр энэ намрын 63 дахь улирлын нээлтээ Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” үндэсний дууриар эхэлсэн. Цай Вэн Жин гүнж бол бичгийн хүний угсаа гарвалтай эрдэм мэдлэгтэй хүн. Тус дүрийн хамгийн их сэтгэл үймрүүлдэг хэсэг бол төгсгөлийн тавдугаар үзэгдэл байдаг. Хоёр хүүхдийг салгаж авч явдаг шүү дээ. Та зөвхөн уг үзэгдэлд зориулан сэтгэл зүйгээ онцгойлон бэлтгэж байсан удаа бий юу?
- Тийм. Манай дуурийн театр Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн 70 насны ойд зориулан 36 дахь удаагийн нээлтээ эл эрхмийн бүтээсэн үндэснийхээ дууриар нээж эхлүүлсэн. Цомнолыг нь Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат бичсэн. Уг мундаг эрхмүүдийн бүтээсэн дуурьт дуулж, улирлын нээлтийнхээ тоглолтоор тайзнаа гарч үзэгчидтэйгээ уулзсан даа туйлын их баяртай байгаа.
Мэдээж Цай Вэн Жин гүнжийн дүр болоод чиний хэлдэг, дуурийн төгсгөлд хоёр хүүхдийг салгаж авч явдаг хэсэг бол дуучдын хувьд ч тэр тун хүнд л дээ. Цай Вэн Жин арван хоёр жилийн турш Жи Жи Шаньюйтай ханилж хоёр сайхан хүү төрүүлсэн. Эцэст нь аав руугаа очихын тулд, нутгаа зорихдоо нэг хүүгээ авч явдаг. Жи Жи Шаньюй ч тэр дайн, тулааны хөлөөс холдож, нутагтаа очиж, амар амгаланг сахин суух нь илүү өлзийтэй гэж эхнэр Цай Вэн Жиндээ хэлж байгаа юм л даа. Тэдний салалт өш хонзон бус эв нэгдлийн бэлгэдэл байдаг. Цаад санаа нь бол Жи Жи Шаньюй улс орноо төвхнүүлэхийн тулд өөрийн өрх гэрийг хувааж байгаа юм. Яг тэр үзэгдэл дээр хөгжим нь хүртэл хүний сэтгэлийн дотрыг хэмлэх шиг маш их түгшүүртэй болдог. Тэгэнгүүт яах аргагүй л гол руу нэг юм өгсөөд ирдэг. Өөртөө “Уйлж болохгүй, уйлж болохгүй шүү” гэж давтан давтан хэлдэг дээ.
- Бэлтгэлийн үед бол уйлах явдал гарч байсан уу?
- Тэгэлгүй яахав. Сургуулилалт хийх явцад өөрийн эрхгүй нулимс бөмбөрөөд л ирвэл найруулагчид хэлдэг. Найруулагч маань “За, яахав. Одоо нэг сайхан уйлаад ав. Тоглолт дээр уйлж болохгүй шүү” гэдэг.
- Цай Вэн Жин гүнжийн дүрд хоёр л хүн дуулж ирсэн. Та 2016 оноос хойш энэ дүрд дуулж байгаа бил үү?
- Харин тийм. Бид хоорондоо ярилцдаг л даа. “За, чи яаж байна, хэцүү байна уу” гээд асуухаар “Хүнд байна аа л” гэдэг. Тэгээд л нэгнийхээ байдлыг мэдчихэж байгаа юм л даа. Ер нь бол хоолой зангираад л ирдэг дээ.
- Тухайн үед өөрийгөө хэрхэн барьж, сэтгэл зүйгээ тэнцвэржүүлдэг вэ?
- Би тайзан дээр байгаа шүү дээ гэдгээ санадаг. Тэгж байж л сэтгэлээ хатамжилна.
- Ямар ч байсан дуурийн театрын нээлтийн тоглолтууд амжилттай болж өндөрлөсөн. Та хүндхэн даваагаа давчихаад гарч ирсэн. Харин одоо тун удахгүй “Хүндэтгэл II” тоглолтоо хийхээр бэлтгэлдээ орсон гэж дуулсан...
- Өмнө нь би “Хүндэтгэл I” хэмээх тоглолтоо дуурийн театр дээрээ дан төгөлдөр хуур, мөн их хуур хөгжмийн аялгуутай хоршуулан хоёр хэсэгтэй зохион байгуулсан. Эхний хэсэг нь дан сонгодог бүтээлүүд, харин хоёр дахь хэсэгт нь “Монгол сонгодог” гэх тодотголтойгоор концерт хийсэн. Тус тоглолт маань үзэгчдийн хүлээлтийг хөсөрдүүлээгүй. Үзэгчдийн таашаалд ихэд нийцсэн л дээ. Мэдээж төгөлдөр хууртай дуулна гэдэг бол дуучин хүний хувьд өөрийгөө чинээнд нь тултал дайчилдаг. Тун нарийн мэдрэмж, өнгө, дуулалт шаарддаг. Ер нь яагаад дуурийн дуучин болсон юм, одоо хэр зэрэг зиндаанд бүтээлээ туурвиж яваа вэ гэдгийг төгөлдөр хууртай хэр зэрэг дуулж байгаагаар нь дэнсэлдэг.
- Тэр болгон дуучид төгөлдөр хууртай дуулаад байдаггүй шүү дээ...
- Тийм. Тэр ч утгаараа өөрийгөө сорих, бусдад ямар хэмжээнд дуулж, бүтээл туурвиж байгаагаа харуулъя гэж зорьсон.
- Тэгвэл “Хүндэтгэл II” тоглолтын хувьд юугаараа онцлог, илүү баялаг болж байгаа вэ?
- Манай суут хөгжмийн зохиолчид болох С.Гончигсумлаа, Г.Бирваа, Д.Лувсаншарав, Б.Шарав, Б.Дамдинсүрэн агсан, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал нарын дэлхийд хүртэл данстай монголын сонгодог бүтээлүүдийг театрынхаа симфони оркестртайгаа хамт дуулъя гэх бодол дотроо тээж явсан юм. Үүнийгээ ажил хэрэг болгохоор зорьж, жилийн өмнөөс төлөвлөж эхэлсэн. Ингээд ирэх сарын 5-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа мөн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулахаар болсон. Эхний хэсэг нь сонгодог дууриудын дуэт аринуудаас бүрдэж байгаа. Хоёр дахь хэсэг нь мэдээж сая дурдсан монголын хөгжмийн зохиолчдын сонгодог дуунаас бүрдсэн тоглолт юм. Тоглолтын маань концертмейстрээр МУГЖ Б.Солонго, ерөнхий удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир нар ажиллана.
- Та тоглолтоо Б.Шарав зохиолчийн “Чингис хаан” дууриар эхлүүлэхээр төлөвлөсөн байсан. Мэдээж үндэсний хөгжим, монголчуудын бэлгэдэл, хамгийн том шүтээн болсон түүхэн дүрийг мөнхөлсөн эл дууриар “Хүндэтгэл II” тоглолтоо эхлүүлж байгаа нь цаанаа ямар нэгэн учир шалтгааныг агуулж байгаа болов уу. Тэрхүү учир шалтгааныг талаар яривал...
- Би анх театрт ороод “Чингис хаан” дуурийн Хадааны дүрд дуулж байсан юм. Сүүлд 2016 оноос эхлэн Бөртэ хатны дүрд дуулж эхэлсэн. Одоо 11 сард мөн тус дуурь манай театртын тайзнаа дахин эгшиглэх хуваарьтай байгаа. Би мөн л Бөртэ хатны дүрд дуулна. Аливаа юмны эхлэл гэдэг өөрөө их утга учиртай шүү дээ. Үүнээс гадна “Чингис хаан” дуурь гэхлээр нэг тийм сүрдмээр, цаанаасаа л бахархмаар хийгээд үндэстний ялгарал тээсэн мэдрэмж төрдөг л дөө. Би чинь монгол хүн шүү дээ гэж эд эсээрээ мэдэрдэг. Үнэхээр л тэр хөгжим, дуучдад зориулж бичсэн гоё ари, дуэт зэрэг нь биширмээр. Маш гоё тансаг аялгуутай дуурь л даа.
- Та яг аль дуэтийг нь онцолж сонгосон бэ?
- Мэдээж Тэмүүжин, Бөртэ нарын хоршил, дуэтийг сонгож оруулсан. Монголын театрт дуулж байгаа, мөн өөрийнхөө дуулсан дууриудын дуэт ари болоод дээхнэ үед тоглогдож байсан боловч одоогоор төдийлөн нийтэд хүрэхгүй байгаа бүтээлүүдийг тоглолтдоо сонгож дуулахаар бэлдсэн.
Би өөрөө Баянхонгор аймгийн Богд сумын охин л доо. Тэр сайхан байгаль, уул, усны салхийг залгиж өссөн хүүхэд. Тийм ч учраас аймгийнхаа хөгжмийн зохиолчдын зохиолуудаас түлхүү оруулж өгөхийг зорьсон. Иймээс С.Гончигсумлаа, Г.Бирваа гуай ч юм уу, орчин үед уран бүтээлээ ид сайхан туурвиж яваа Г.Жанцансамбуу гуайн эцэг хүний талаар өгүүлсэн нэгэн сайхан шинэ уран бүтээлийг оркестртайгаар анхлан тайзнаа толилуулах гэж байгаа.
- Мэдээж бие даасан уран бүтээлийн тоглолт гэдэг бол нэг талаараа өөрийнхөө уран бүтээлчийн дотоод мөн чанарыг, уран бүтээлийн замналын түүхийг хүмүүст хүргэж байгаа хэлбэр шүү дээ. Та тоглолтынхоо үзэгчдэд нөлөөлөх гол шинж чанарыг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ?
- Би тоглолт дээрээ хамгийн сайхнаараа үзэгчдэд харагдах ёстой. Тэднийг хүндлэх, хүндэтгэх хэрэгтэй. Үүнээс гадна бүхий л чадлаараа, театрынхаа тоглолт бүрд гаргадаг шиг эрч хүчээ дайчилна. Өөрт минь байгаа бүхнээ үзэгчдэдээ зориулна. Энэ л миний тоглолтын хамгийн амьд, халуун дулаан чанар байх болов уу.
- Ер нь уран бүтээлийн тоглолтоо хийнэ гэдэг дан ганц бүтээл, туурвилаа хүмүүст хүргэхээс гадна хувь уран бүтээлч ч тэр туршлагаж, шинийг сурч авдаг байх, тийм үү?
- Тэгэлгүй яахав. Ер нь дуурийн дуучин хүн төгөлдөр хууртай мөн оркестртай тоглолт заавал хийх ёстой гэх хувийн үзэл бодол миний дотор оршдог л доо. Мэдээж хүн болгон хийх албагүй, зөвхөн миний л үзэл, хандлага тэр юм. Учир нь мэргэжлийн хувьд ч тэр шат ахиж, туршлагажиж байдаг.
Цагийн эрхээр би бууралтаж, дуулахаа болих үе ирнэ шүү дээ. Тэр үед үр хүүхэд болоод ард минь үлдэх хүмүүст энэ тоглолт гэгээн сайхан дурсамж болно гэж боддог. Үлдэх юмтай байна гэдэг зөв амьдарсны, амьдарч чадсаны илрэл байх.
Ер нь дуучид маш их хөдөлмөрлөж, бүтээлийнхээ талаар дотроо үргэлж бодож, тунгааж явдаг. Саяхан манайд нэг Италийн нэртэй удирдаач ирж мастер класс орсон. Тэр хүн “Монгол дуучид хэлсэн юмыг тун хурдан хүлээж авч, уран бүтээлдээ тусгадгаас гадна дотроо маш их бясалгадаг хүмүүс байна” гэж онцолсон. Тэгэхлээр нэг дуу сурсан байлаа ч зөвхөн дуулж сурах биш үг, ая эгшиг, нугалаа гээд бүгдийг нь дотроо тунгааж, дахин дахин бэлдэж байж сайжирдаг. Тиймээс тоглолт хийнэ гэдэг нэг талаасаа үргэлжид суралцаж байгаагийн илэрхийлэл юм.
- Дэлхийн олон оронд очиж дуулж байсан байх. Тэдгээрээс яг эх орныхоо дуурийн театрын тайз дээр дуулж байгаа шиг мэдрэмжийг авч байсан тийм орон аль улс байсан бэ?
- Америкт нэг удаа очиж дуулахад сайхан мэдрэмж авсан. Ер нь манай орон байгаль цаг агаараасаа шалтгаалдаг ч байх, дуулахад басхүү жаахан хүндрэлтэй. Гадаадын дуучид зүв зүгээр ирчихээд тоос шорооноос болсон уу, хоолой нь аргах, муудах тохиолдлууд гардаг. “Дуулахад нэлээд хүндрэлтэй байна” гэж ч хэлдэг. Бид бол орчин нөхцөлдөө дасчихсан шиг байгаа юм. Тийм ч учраас гадаад оронд очиж дуулахад уур амьсгал, орчин нөхцлөөсөө шалтгаалдаг ч юм уу, илүү тайван, айдасгүй, зоригтой дуулдаг. Дээр нь нэгэнт л зориод очсон, миний ард эх орны минь нэр буй гэх бодлоос үүдээд сайхан, зоригтой дуулахыг хичээдэг.
- Магадгүй эх орондоо дуулахад танил, ойр дотныхон, багш нар нь үздэг болохоор илүү бэргэх мэдрэмж төрдөг юм болов уу?
- Тийм байх шүү. Найз нөхөд, анх шалгалт өгч байсан багш нар хүртэл сууна. Тэгэхлээр үнэхээр айдас төрөөд байдаг шүү. Муухай дуулах, алдах эрх байхгүй. Ер нь тэгээд аливааг эхлүүлсэн л бол бүхнээ дайчлах гэсэн зарчимтай. Тоглолт хийхээр зориглосон л бол хамгийн сайхан төгсгөлд хүрэх ёстой.
- Дуурийн урлаг бол сонгодог урлагийн оргил нь гэж ярьдаг шүү дээ. Тайз дээр гарахын тулд, томоохон дүрүүдэд дуулахыг эрмэлзэж насаараа хөдөлмөрлөу яваа хүмүүс ч байдаг. Таны хувьд яг л тэр хүн шиг дуучин болох юм сан гэж зорьж, хүсэж, тэмүүлдэг дуучин бий юу?
- Мэдээж жаахан байхдаа олон сайхан дуучдыг сонсож, яг л энэ хүн шиг болох сон гэж хүсэж мөрөөддөг байсан. Жишээ нь, Монгол Улсын Ардын жүжигчин Ө.Бүтэд багшийнхаа дуулахыг анх сонсоод яг л тийм хүсэл, мөрөөдлийг дотроо тээж явсан. Яг одоо бол би хүн дуурайж болохгүй, авахыгаа авч, хаяхыгаа хаях ёстой юм байна шүү дээ гэж бодох болсон.
- Дуурийн урлагийн бусдад хүргэж байгаа, үзэгчдэд хэлж буй хамгийн хүчтэй илэрхийлэл, мөн чанар нь яг юу юм бэ?
- Зарим хүн юмсыг харж таашаал авдаг бол зарим нь сонсож таашаал авдаг. Харин дуурийн дуучин хүн харагдах талаасаа ч эерүү, сонсож буй нэгний чихэнд хүрэх хоолойн цар хүрээгээрээ сайтар бэлтгэгдсэн байх ёстой. Үүнээс гадна дүрээ мэдрэхийн тулд, түүнийхээ дотор оршиж, чин сэтгэлээсээ дуулахын шалтгаанаас үүдээд дүрдээ орох шаардлагатай. Тиймээс энэ бүхний нийлэмж дуурийн дуучныг бий болгоно. Харин тэрхүү уран бүтээлчээс гарч буй энерги, хүч зэрэг нь мөнөөх урлагийнхаа мөн чанарыг тодорхойлох биз. Жишээ нь, зарим хүн нүдээ аниад зөвхөн дуурь, аялгуу эгшгийг мэдэрдэг гэдэг. Гэтэл өөр бусад нь тухайн уран бүтээлчийг харахгүйгээр үзэж чаддаггүй, гоё сайхныг мэдэрдэггүй гэх нь бий. Хүн бүрийн өгөгдөл, хүлээн авах мэдрэмж өөр, өөр учраас урлагийн мөн чанар ч бас нэгэн хэвийн байдлаар дүгнэгдэхгүй болов уу гэж санана.
- Дуурь өөрөө сонгодог гэдэг нэршлийг титэм болгон зүүдэг урлаг. Эл урлаг хэрхэн таныг өөртөө татах болсон бэ?
- Арван жилийн сурагч байхдаа нэг их дуулж хуурдаад байдаг хүүхэд байгаагүй л дээ. Ганц нэг уралдаан тэмцээнд орвол тайзнаас хоосонгүй буучихдаг тийм л хүүхэд байснаас биш цойлоод байдаг хүүхэд байгаагүй. Ер нь бол миний аав л дуурийн дуучин болох замналыг бүтээж, босгож, замыг маань засаж өгсөн.
Хөдөөний хүүхдүүд дуурийн дуучин болох хэцүү. Мэдээж сайхан дуулдаг байж болно. Гэхдээ л тухайн үед хотод ирээд дуурийн урлаг руу орж, театрын дуучин болоход маш их туршлага, хөдөлмөр шаарддаг. Хүн өөрөө хүсэж мөрөөдөөд, шаргуу бэлдэж, хөдөлмөрлөх аваас биелэхгүй зүйл гэж үгүй л дээ.
- Аав нь таны дуулахыг сонсож байсан уу. Урлагийн замд хөтөлсөн хүн охиноо тайзнаас хараад ямар мэдрэмж төрсөн бол. Үүнийгээ хуваалцаж байв уу?
- Аав маань 2007 оны эхээр арваннэгдүгээр сард бие нь муудаж Улаанбаатарт ирсэн. Яг тухайн үед дуурийн театрт сонгодог концерт тавихаар ид бэлтгэлдээ орчихсон гүйж явсан л даа. Аавын бие нь муу тэдгээр өдрүүдэд ч ажлаа орхилгүй, бэлтгэлдээ гүйсээр л явсан. Гэтэл тоглолт болохоос сар шахмын өмнө аав минь бурхан болсон. Тухайн үед сэтгэл зүйн байдал тогтворгүй болж, ерөөсөө дуулахаа болъё гэж бодсон. Харин театрынхны зүгээс “Сонгодог урлагийн дуучин хатуужилтай, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Аав нь тэнгэрийн оронд одсон ч тэднээс чамайг харж, сайхан дуулахыг чинь сонсохоор хүлээж байгаа. Тиймээс зорьсноосоо битгий буц” гэж зөвлөсөн. Тэгээд л би тайз руугаа буцаж алхсан.
Тоглолтоо дуусгаад алхаж явахад өр өмрөөд болдоггүй. Жилийн өмнөөс төлөвлөөд, дуулж байгаагаа аавдаа харуулчихдаг байж дээ гэж бодохоос өөрийн эрхгүй уйлчих гээд байж билээ. Аав минь намайг ерөөсөө дуулж байхыг үзэж чадаагүй байхгүй юу.
- Ганц удаа ч болов тайз дээр дуулж байхыг нь сонсоогүй хэрэг үү?
- Хөдөөний хүмүүс чинь тэр бүр хот руу ирээд, дуурь үзээд суух боломж, бололцоо байхгүй шүү дээ. Яахав, “Чингис хаан” дуурийн Хадааны дүрд дуулж байхад нэг удаа зорин ирж үзсэн л дээ, хөөрхий минь. Би ч тэр үед залуу, аливаа зүйлийг бодож тунгаахгүй дэврүүн л явж дээ. Аавыгаа жаахан урдуур суудал олоод суулгачихгүй, тээр ард суулгаад тоглолтоо үзүүлсэн. Тэгтэл аав надад “Охиныгоо ерөөсөө олж харсангүй. Харин дуулах үед нь хоолойгоор нь л танилаа” гэж хэлж байсан.
Хүн ер нь эцэг, эхийгээ мөнх л гэж боддог юм билээ. Үргэлж л хажууд, мөнхөд дэргэд байх шиг санадаг. Гэтэл аав минь гэнэтэд үгүй болоход уул нурах шиг л мэдрэмж төрсөн.
- Хүн үнэхээр хоолойн сайнаар дуурийн урлагт онцгой нэгэн болж гялалзаж чадах уу?
- Үнэхээр төрмөл, байгалиас заяасан сайхан хоолойтой хүн бий. Нөгөө талдаа маш их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон хүчирхэг хоолой ч байдаг. Тэгэхээр нэг зоосны хоёр тал шиг аль аль нь хүнд байж болох нь шүү дээ. Гэхдээ үүнийгээ эвдчихэж болохгүй л дээ. Зөв авч явах хэрэгтэй. Дуулна гэдэг бол ухааных. Үнэхээр сайхан хоолойтой боловч удирдаж чаддаггүй хүн ч гэж бий. Тэгээд бодохоор хүн ухааны цараар л дуулдаг, дуучин болж чаддаг болов уу. Үнэхээр авьяас, сайхан хоолойг бурхнаас бэлэглэж, байгалиас заяасан байж болох ч түүнийгээ хөдөлмөрлөхгүйгээр хадгалж үлдэж чадахгүй.
- Байгалиас өгөгдсөн хоолойтой гэснээс үнэхээр хүнд заяасан авьяасын өгөгдлүүд төрсөн газар орон, нутаг усны онцлогтой нь зарим талаар уялдаатай юм шиг санагддаг. Ингэхэд таны төрж өссөн Богд сумыг их сайхан байгальтай гэж хүмүүс ярьдаг л даа...
- Үнэхээр гайхалтай сонин, өвөрмөц тогтоцтой газар. Сэгс Цагаан Богдын наад талын Их Богд хэмээх уул цэнхэрлэн сүндэрлэж үзэгдээд л, урд талд нь Зүүн Богд, Жаран Богд зэрэг уулс давхарласан сүглэгэр сайхан хангай бий. Түүнээс нааш жар гаруй километрийн наана Богд сум ярайж байдаг. Мөн уулынхаа наагуур сунайн цэнхэрлэсэн Орог нуур хэмээх сайхан нуур бий. Мөн Байдрагийн гол сумын дэргэдүүр урссаар нуур луугаа цутгадаг. Голоо гатлаад жаахан урагшлабал нүд талбиун сайхан хөндий байдаг. Ёстой л говь, хангай, тал цөм бүрдсэн тийм л онцлогтой байгалийн тогтоц бүхий газар. Ер нь хувь уран бүтээлчид заяасан тэрхүү төрмөл авьяастай нь нутаг ус холбоотой гэдэг бол үнэн байх. Би лав үүнд итгэдэг.
- Байгалийн ямарваа нэгэн үзэгдлийг хараад цаанаасаа л дуулмаар санагддаг үе байдаг уу?
- Нутагтаа очихоор л нэг сайхан дуулмаар болдог доо. Ер нь ч тэгээд хөдөөний хүүхэд болохоор ч тэр юм уу, хотоос гарахад л уул ус, тал нутаг угтддаг шүү дээ. Тэр үеүдэд л ямар ч хөгжимгүй, зүгээр л сайхан дуулаад явмаар, хэдэн ч дуу байсан дугараа өргөчихмөөр санагдах үе бий.
- Та Гавьяат жүжигчин А.Бүтэдийн гарын шавь нарын нэг. Багшийнхаа тухай дурсаж ярихгүй. Анх хэрхэн танилцаж, таныг шавиа болгосон бэ?
- Багш минь “Хөхөө гэрэл дөхлөө” киноны худалдагч Сувдаа охины дүрийг бүтээж байсан монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Анх 1995 онд Хөгжим бүжгийн сургуульд орохоор аавтайгаа хамт нутгаасаа гарч, 53 машинаар хотод ирж байлаа. Гэтэл элсэлтийн шалгалтаасаа хоцорчихсон. Харин А.Бүтэд багш маань “Ямартаа ч дуулуулаад үзье” гэсэн.
Дараа нь “Хоолойны диапазон сайтай л хүүхэд юм” гэж ярьж байснаа “Намар хүрээд ирнэ биз, орон тоо гарвал авна” гэсэн. Тэгээд намар болуут аавыгаа харин ч нэг шалж, гуйсаар байгаад хот руу дахиж ирсэн. Гэтэл орон тоо гардаггүй ээ. Аав ч намайг үлдээчихээд нутаг буцсан. Би өглөө бүр сургууль дээр ирээд А.Бүтэд багшийн өрөөний ойрхон зогсчихно. Тэгсээр сар шахам хугацааны дараа багш дуудаад “За, чи 28 мянган төгрөг тушаа. Тэгээд хичээлд сууж болно. Сургуулийн захиргаа ингэж шийдлээ” гэх баярт мэдээ дуулгасан. Тэгэхэд би арван зургаахан настай байсан даа. Ингэж л анх багштайгаа учирсан.
Багш маань бидэнд багшилж, дараа нь дуурийн театр дээр ирж дасгалжуулах зэргээр үргэлж дэргэд байж, би ч хормойноос нь зүүгдсээр л яваа хүн. Дуучид ер нь мэргэжлийн багштайгаа их ойрхон байдаг хүмүүс л дээ. Хоолоо хувааж иднэ, дасгал номоо уншина, зовлон жаргалаа ч ярилцана. Тэр ч утгаараа миний ээж шиг хүн гэж хэлж болно. Ер нь багш хүн зөвхөн дуулуулж, дасгал уншуулаад л гаргачихдаггүй. Оюутнуудынхаа тэр өдрийн ааш араншин, сэтгэл зүйг анхаарч, харилцан ажилладаг мэргэжил.
Миний багш бол хүнийг дуулуулж чаддаг увидастай хүн. Мэдээж хүнд зарим өдөр хоолой нь суучихсан, дуулж чадахгүй үе ч байдаг. Ямар ч үед хараад “Миний охин юм идсэн үү?” гэж асуудаг. “Идсэн” гэх юм бол дасгалаа уншуулна, “Идээгүй” гэвэл цүнхээ ухаад л эхэлнэ. Тэгээд мөнгө гаргаж өгснөө “Яваад хоол идчихээд ир” гэдэг байсан. Энэ болгон нь тухайн шавьтайгаа ойр байх, хүүхдэд хандах хандлага, чин сэтгэлийнх нь илэрхийлэл л дээ. Хоосон ходоодтой, яг өөр зүйл рүү чиглэсэн, сэтгэл зүй тогтворгүй үед дуулахад бол хэцүү байдаг.
- Би цаашид дуулахгүй, одоо ингээд больё ч гэдэг юм уу, итгэл алдрах үед танд байсан уу?
- Яг аавыгаа бурхан болох үед л тэгсэн. Б.Шарав гуайн “Аав бид хоёр” дууг яагаад ч дуулж хүчрэхээ байчихсан байж билээ. Дуулах гэхээр л нүдэнд нулимс дүүрээд, хоолой чичигнээд ирнэ. Тэр үед л “Ингээд дуулж чадахаа больчихож байгаа юм байх даа” гэж бодсон. Гэтэл өөр дуу дуулахаар зүгээр байсан л даа. Гэвч тэр бүхнийг даван туулахад, хүний сэтгэл эдгэрэхэд цаг хугацаа шаардлагатай гэдэг бол үнэн юм билээ.
- Дэлхийн сонгодог дууриудын ноён оргилын нэг нь Ж.Вердийн “Аида” шүү дээ. Энэ дуурь таны урын сангийн гол бүтээлүүдийн нэг. Хамгийн анх “Аида”-д дуулчихаад тайзнаас буухад ямар мэдрэмж төрж байсан бэ?
- “Аида” мэдээж маш том дуурь. Тус дуурийг анх тайзнаа амилуулсных нь 140 жилийн ой буюу 2011 онд манай театрт тавьсан л даа. Уг дуурийг театрын тайзнаа тавьсан Азийн анхны орон болсон. Ер нь “Адиа”-г тавих гэж, түүнд дуулах гэж бүхий л театр, уран бүтээлчид мөрөөддөг. Бүтэн гурван цаг тасралтгүй дуулна. Би 31 настай Адиа дуулж, дараа нь 43 настайдаа “Макбет” дуурьт дуулсан. Мэдээж анх дуулчихаад тайзны ард гарч ирэхдээ дуучин болсон, энэ мэргэжлийнхээ хамгийн гайхалтай мөчийг, аз жаргалыг мэдэрсэн.
- Тун удахгүй “Хүндэтгэл II” тоглолт маань хөшгөө нээнэ. Та тайзан дээр гарахад бэлэн үү?
- Дуурийн дуучин хүн маргааш дуулахад ч үргэлж бэлэн, бэлтгэлтэй байх ёстой. Тиймээс би бэлэн байна.
Ярилцсан | Б.Алтанхуяг