dobu.mndobu

Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх хуралдаан Лхагва гарагт болно

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-20

Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх хуралдаан Лхагва гарагт болно

Өнгөрөгч аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн, шийлвэрлэсэн билээ. Уг шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан Лхагва гарагт буюу аравдугаар сарын 22-нд болохоор болжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж, нэгтгэжээ.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгажээ.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.