Үндсэн хуулийн цэц Монгол Улс Үндсэн хуультай бүрэн эрхт улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргалаа. Яах аргагүй УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хууль зөрчиж гэдгийг тогтоолоо. Тэр тусмаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нар лавтай буруудна. Энэ нь эхний ээлжинд шүү.
Зөвхөн Засгийн газар огцорсон нь буруу, зөв гээд орхих биш цаашлаад хэн буруутай вэ гэдгийг тогтоохын тулд эрүүгийн хуульд шилжүүлэн арга хэмжээ авч таарна. Ингэж байж Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, цаашдаа хуультай эх орон гэдгийг харуулна. Энэ нь ч зөв. Ингээд орхиж болохгүй. Хэн дуртай улстөрч нь гарч ирээд төрийн эрхийг авах гэж санаархдаг байдлыг таслан зогсоосон сайн хэрэг болж байна.
Энэ утгаараа Үндсэн хуулийн цэцэд баярлалаа гэж иргэн бүхэн хэлж байгааг нийгмийн уур амьсгалаас харж болно. Тухайн процессоор бол Төрийн байгуулалтын байнгын хороо ч биш, УИХ-ын гишүүд ч хамаарна. Монгол Улсын Хууль тогтоох дээд байгууллагад арай ч төрийнхөө эсрэг гэмт хэрэг үйлдэх хэмжээний боловсролтой хүмүүс байгаагүй гэж бодож байна. Тэгэхээр энэ нь “санаатай” гэсэн үг. Үндсэн хуулийн цэц, хууль хүчний байгууллага ингээд орхих юм бол ёстой төрийн эргэлт болно. Болох болохдоо эх оронгүй болно.
Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах процесс нь Үндсэн хууль зөрчсөн учраас УИХ ч тарах ёстой. Яагаад гэхээр 126 гишүүний 71 нь гар өргөж баталсан тогтоол нь Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар явж, Үндсэн хууль зөрчсөн учраас хууль сахиулагчид өөрсдөө хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Ингэж байж Үндсэн хуулийн цэцийн шийдвэр үнэн, төгс болно. Хэрвээ жирийн иргэн хууль зөрчсөн бол аль эрт ял аваад явчихсан байгаа. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн ч бай, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга ч бай бүгдээрээ Монгол Улсын иргэн, хуулийн дор адил тэгш амьдрах ёстой.
Монгол Улсын төрд олон асуудал байсан, үймж байсан, нэгнээ унагааж байсан, нэгнээ хорлож ч байсан. Гагцхүү Хууль тогтоох дээд байгууллагынх нь гишүүд зэрэгцэж суугаад Үндсэн хуулиа зөрчиж, төрийн эрхийг булаан авах санаархал байгаагүй юм шүү. Энэ байдал даамжирвал хэн дуртай луйварчин нь гарч ирээд бидний дээр сандайлах юм байна.
Ямартай ч “Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байдаг” гэж үгийг батласан төдийгүй Монгол Улсын ард иргэд Үндсэн хуультай оронд амьдарч байгааг мэдэрсэн үйл явдал боллоо.
Их Мэдэгч