dobu.mndobu

Багш нарын ажил хаялтыг Л.Оюун-Эрдэнэ уухайлаад байна уу

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-27

Багш нарын ажил хаялтыг Л.Оюун-Эрдэнэ уухайлаад байна уу

Цалин харамжаа голсон багш нар хугацаагүй ажил хаялт зарлачихсан байна. Тэдний хүсэж байгаа хэмжээнд цалин нэмэгдүүлнэ гэвэл 3.3 их наяд төгрөг болно. Ийм хэмжээний мөнгө байхгүй нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газар багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 20 хувь, 2026 оны долдугаар сарын 1-нээс 10 хувиар тус тус нэмэгдүүлэх тооцоолол гаргасан ч саналыг хүлээн аваагүй. Багш нарын хувьд цалингаа нэмэгдүүлэхээр тэмцэл өрнүүлж байгаа нь зүй ёсны хэрэг.

 

Гэхдээ улс орны эдийн засаг, нийгмийн бодит байдалтай эвлэрч ажил хаялтаа зогсоож улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа сургах шаардлага үүсээд байгаа. Уг нь бол Засгийн газраас тодорхой тооцоолол гарган, цалин нэмнэ гэдгээ мэдэгдсэн ч багш нар гүрийж байгаагийн цаана ямар нэгэн хүчин зүйл байж таарна. Тодорхой хэлбэл хэн нэгэн байна.

 

Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат гэгч нөхөр ажил хаялтыг дэмжиж байхыг үгүйсгэхгүй. Цаашилбал, багш нарын ажил хаялтыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд дэмжин уухайлж байхыг үгүйсгэхээргүй байна. Тэдэнд Г.Занданшатарын Засгийн газрыг муухай харагдуулах улс төрийн зорилго бий.

 

Экспортын орлогыг голчлон бүрдүүлж буй нүүрсний үнэ унасан, нууц гэрээ нэрээр хулгай дээрэм үүрлэсэн Засгийн газар хүлээж авсан Г.Занданшатараас үр дүн нэхэн, шахаж байгаа нь ч үүнийг илтгэнэ. Засгийн газар хүлээж аваад 100 гаруйхан хонож байгаа хүнээс үр дүн нэхэж шахна гэдэг бол цэвэр улс төрийн зорилго. Харин ч Г.Занданшатарын хувьд богино хугацаанд эдийн засгаа сэргээх бодлого зангидан ажиллаж байна. Үүний зэрэгцээ төрд үүрлээд байгаа баялгийн хулгайч нартай тэмцээд эхэлчихсэн байгаагаас харахад богино хугацаанд чамгүй ажиллаж байгааг харуулсан хэрэг.

 

Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ хэдэн мега төсөл хэмээх лоозон бүхий сав нь хоосорчихсон Засгийн газар хүлээлгэж өгчхөөд маргааш нь үр дүн нэхнэ гэдэг байж боломгүй асуудал. Тэр өөрөө засаг тэргүүлж байхдаа юу хийсэн юм. Том том мөнгөн дүнтэй төсөл ярьж, нууц гэрээ хийсэн. Энд тэнд шав тавьснаас өөр юу ч хийгээгүй. Эцэст нь өнөөдөр багш нар ажил хаяж, эмч нар суулт хийж байна. Энэ бол яах аргагүй эдийн засгаа өөд татах бодлого барьж ажиллаагүй Л.Оюун-Эрдэнийн буруу. Тэр зөвхөн лоозогнож байснаас өөрцгүй.

 

Өөрсдөө ийм байдалд тулгачхаад багш нарын ажил хаялтыг уухайлж, Засгийн газрыг муухай харагдуулах ажил хийж байгаа нь харамсалтай. Багш нар цалингаа нэмүүлэхийг зорьж байгааг нь буруутгах аргагүй. Гагцхүү цаана нь улс төрийн зорилгоор багш нарыг сэмхэн турхирч байгааг зөвтгөх аргагүй.

 

Цагийн цагт ямар ч жагсаалын ар талд улс төрийн зорилго нуугдаж ирсэн. Иргэний хөдөлгөөнөөс тодорсон С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан, О.Магнай, Г.Баасан нарыг өөрийнхөө хүсэл зорилгоор, ард түмнийг талбай дээр нэгтгэж байсан гэж бодож байна уу. Үгүй л байхгүй юу. С.Ганбаатарын хувьд ид жагсаж байхдаа аль ч талд үйлчлэхийн зэрэгцээ өөрийгөө нийгэмд таниулсаар УИХ-д орж ирсэн түүхтэй. Сүүлдээ жагсаалын захиалга авдаг болсон гэх ч яриа байдаг. Үнэн худлыг нотлох арга алга.

 

Г.Уянга тэргүүтэй “Ард түмний амлалт нэхэх холбоо”-ны удаа дараагийн тэмцэл, түүний ар талд Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын ашиг сонирхол байсныг бүгд мэднэ. Ж.Батзандан, О.Магнай нарын ар талд бизнес улс төрийн бүлэглэлийн эрх ашиг байсан гэдэг. Тэр ч бүү хэл “Долоодугаар сарын 1”-ний үймээний өмнө Ж.Батзанданг Хятадын Элчин сайдын яамнаас гарч харагдсан гэх хардлага ч өдгөө хэвлэлийн архивд зураг хөрөгтэйгөө бий.

 

Г.Баасангийн хувьд ч олз хайсан жагсаалыг удаа дараа зохион байгуулж, Ахмадын холбооны барилгыг төртэй булаалдаж явсан нь зөвхөн хувийн эрх ашиг юм. Одоо эд нар бүгд хүсэл зорилгодоо хүрсэн учраас хэзээ ч ахин жагсахгүй. Тиймээс багш нарын ажил хаялтыг тодорхой улстөрчид уухайлан дэмжиж байгаа нь ойлгомжтой харагдана.

 

Их Мэдэгч

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.