0
Эмнэлэг нь эмчгүй, сургууль нь ч багшгүй болж сурагчид нь лааз өшиглөхөд хүрээд байна. Багш нар үндсэн цалингаа нэмүүлж 3,5 сая төгрөг болгохоор ажил хаяж, талбай дээр сууж байхад нөгөө талд сурагчид нь сурах бичиггүй дамардаж байна.
Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 1.2 сая хүүхэд суралцана гэсэн статистик бий. Гэвч зарим сургуулийн дунд сурах бичгийн хүртээмж хангалтгүй байгаагаас сугалаа явуулах нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн сурах бичгийн сугалааны талаар Боловсролын ерөнхий газрын дарга Б.Ням-Очир хэлэхдээ, сургуулийн хүрээнд сугалаагаар ном олгох боломжгүй гэж мэдэгдэж байсан ч бодит байдал дээр хэрэгжилт өөр байсан юм.
Хичээлийн шинэ жил эхлээд бараг хоёр сар болж байхад өнөөдрийг хүртэл зарим сургууль сурах бичиггүй байна. Тиймээс багш нар сурагчдадаа хичээл зааж, даалгавар өгөхөд хүндрэл үүсэж байгаа юм. Ялангуяа алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн сурагчдад интернэт, тоног төхөөрөмжийн асуудал их байдаг. Энэ мэтээр хөөрхий хүүхдүүд хохирсоор байна. Ном байхгүй, интернэт ч байхгүй хүүхдүүдийн сурч боловсрох эрх энд зөрчигдсөөр байх уу. Гэтэл салбарын сайд нь хэдэн багш нартайгаа хэлэлцээр ч хийж чадахгүй түгдчиж явна.
“1-5 ДУГААР АНГИЙН СУРАГЧДАД СУРАХ БИЧИГ ҮНЭГҮЙ, 6-12 ДУГААР АНГИЙНХАНД ТҮРЭЭСЭЭР ОЛГОНО”
Дээрх асуудалтай холбогдуулан Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр
"Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн 11.7 дугаар зүйлд бага ангийн сурах бичгийг улсын зардлаар 100 хувь үнэгүй хангана. Харин 6-12 дугаар ангийн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан түрээсийн хэлбэрээр болон эцэг, эх, асран хамгаалагчид хүсэлт гаргасан тохиолдолд төлбөртэйгөөр сурах бичгийг ашиглана гэсэн хуулийн зохицуулалттай.
Энэ хүрээнд сурах бичгийг хэвлэх, ханган нийлүүлэх ажлыг Боловсролын ерөнхий газар хариуцаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хууль буюу Тендерийн тухай хуулийн дагуу холбогдох тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд зохион байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
1-5 дугаар ангид хүүхдийнхээ тоогоор шаардлагатай сурах бичгүүд хүрсэн. Бага ангийн хүүхдүүд маань сурах бичгээ ашиглаад явж байна. 6-12 дугаар ангид 2019 онд хэвлэгдсэн 187 мянга гаруй багц сурах бичиг хэвлэгдсэн. Эдгээр сурах бичиг дөрвөн жилийн эдэлгээний хугацаа дуусаад 78 мянга орчим багц буюу 47 хувь нь аагтлагдсан.
Яагаад гэхээр энэ сурах бичиг хүүхдийн эрүүл мэндэд хортой, тоос тортог болчихсон учраас сургуулиуд нь аагталсан. Ойролцоогоор 109,000 орчим багц үлдэж байгаа юм. Дээр нь нэмээд 2022-2024 онд хэвлэсэн 186,000 багц сурах бичиг байгаа. Өөрөөр хэлбэл түрээслэх боломжтой сурах бичиг гэсэн үг. Энэ хоёрыг нийлүүлэхээр 300,000 орчим багц сурах бичиг болж байна. Мөн нэмээд эцэг, эхийн захиалгын дагуу худалдаалах хэлбэрээр 75,900 багц сурах бичиг зах зээл дээр байгаа. Энэ тоог нийлүүлэхээр 370,000 гаруй багц сурах бичиг болж байна. Дээр нь нэмээд 54,400 сурах бичгийг шинээр хэвлэсэн. Энэ сурах бичгээ хүргэлтийн компанитайгаа гэрээгээ байгуулаад өнөөдрөөс сургуулиуд руу гарах ажил эхэлж байна.
Тэгэхээр сүүлд хэвлэсэн 54,400 сурах бичиг нь аагтлагдсан сурах бичгийнхээ оронд нөхөн нийлүүлэх зохион байгуулалтаар хийгдэж байгаа. Энэ хичээлийн жилд урьдчилсан мэдээллээр 420,000 гаруй хүүхэд 6-12 дугаар ангид сурч байгаа бол энэ хүүхдүүдийн сурах бичгийн тоог үзэхээр 2019 онд хэвлэгдсэн 109,000, 2022-2024 онд хэвлэгдсэн 186,000, дээр нь нэмээд сургуулиудад хуваарилагдан очиж байгаа 54,400 багц, зах зээл дээр худалдаалагдаж байгаа сурах бичгийнхээ тоог нийлүүлэхээр сурах бичгийн хүртээмж хангалттай болчхож байгаа юм. Мөн сурах бичгийг цахим хэлбэрээр ашиглах боломж бүрдсэн.
1-5 дугаар ангийн 33 сурах бичиг цахим хэлбэрт шилжсэн. 6-12 дугаар ангийн 100 сурах бичгийг мөн цахим, дижитал хэлбэрт шилжүүлээд интерактив, цахим хэлбэрээр ашиглах боломж бүрдсэн.
1-5 дугаар ангийн сурах бичиг, ялангуяа 1 дүгээр ангийн сурах бичгийг хүүхэд бүрийн тоогоор өгдөг. Яагаад гэхээр дасгал ажлын дэвтэртэй. Тиймээс тэр дээрээ тэмдэглэлээ хийгээд явдаг. 2-5 дугаар ангийг хавар хичээлийн жил дуусахын үед Боловсролын газруудаасаа сургуулиудаараа дамжуулаад захиалга авдаг. Яг хэдэн сурах бичиг шаардлагатай байгаа захиалгын тоонд нь үндэслээд хэвлэдэг гэсэн үг. Дунд ангийнханд түрээслэх тодорхой тооны сурах бичиг сургууль дээрээ байж байгаа. Боловсролын ерөнхий газраас аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсүүдтэйгээ нягт хамтарч ажилладаг. Боловсролын газар, хэлтсүүд маань сургуулиудаасаа тоон мэдээллээ нэгтгэж ирүүлдэг. Үүнд үндэслээд бид сурах бичгүүдээ нийлүүлж байгаа. Магадгүй хүүхдийн шилжилт хөдөлгөөн ихэссэн, шинэ сургууль байгуулагдсан гэх мэтээс шалтгаалаад зарим сургууль дээр дутагдах, заримд нь илүүдвэл сургууль хоорондоо зохицуулалт хийх боломж нээлттэй.
2019 онд анх хөтөлбөрийн сайжруулалт хийсэн. Тэгэхээр одоо бидний ашиглаж байгаа сурах бичиг бол дандаа 2019 оноос хойших сурах бичгүүд байгаа. Тэгэхээр энэ оноос хойших эрүүл мэндэд хортойг аагталчихсан. Үүнээс үлдсэн сурах бичиг болон 2022-2024 оны сурах бичиг, 2025 онд хэвлэгдэж байгаа сурах бичгүүдийн агуулга адилхан.
Ирэх хичээлийн жилээс бага ангийн хичээлийн хөтөлбөр шинэчлэгдэнэ гэсэн төлөвлөгөө Боловсролын яамнаас гарчихсан байгаа. Тэгэхээр тэр төлөвлөгөөний дагуу бага ангийн сургалтын хөтөлбөр батлагдаад, тэр батлагдсан хөтөлбөрийн дагуу шинэчилсэн сурах бичгүүдийг боловсруулах ажил хийгдээд явах юм бол 2026 оны хичээлийн жилээс бага анги шинэ сурах бичиг, хичээлийн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явна гэсэн чиглэлтэй байгаа.
6-12 дугаар ангийн сурах бичгийг түрээслээд тэр орлогоороо дахиад хэвлэдэг. Тэгэхээр түрээсийн сурах бичиг 100 хувь хангалттай хэмжээнд 6-12 дугаар ангийнханд хүрч чадахгүй гэсэн үг. Эхний болон 2 дахь жилдээ ашиглаж байгаа сурах бичгээ арай өндөр үнээр, 4 дэх жилдээ арай бага үнээр түрээсэлдэг. Ингэж түрээсэлсэн орлого нь Түрээсийн эргэлтийн санд төвлөрөөд тэрнээс орж ирсэн орлогоор бид буцаад хэвлэдэг учраас бүрэн хангалттай биш байгаа гэсэн үг.
Гэхдээ хуулиараа эцэг, эхийн захиалгын үндсэн дээр хүсэлт гаргасан тохиолдолд худалдаж авч болно гэдэг нээлттэй хуулийн зохицуулалт байгаа учраас Боловсролын ерөнхий газраас худалдахтай холбоотой нээлттэй зарыг байршуулаад энэ хүрээнд холбогдох компанид эрхийг нь олгоод тухайн компаниас нь нээлттэй байдлаар цахим системээр нь дамжуулаад худалдах зохицуулалтын ажлууд хийгдээд явж байгаа" хэмээв.
-ПИСА-ГААР “УНШИХ ЧАДВАР ЭЗЭМШЭЭГҮЙ” ГЭСЭН ҮНЭЛГЭЭ АВАВ-
Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) 2000 оноос хойш PISA /ПИСА/ үнэлгээг 3 жил тутамд зохион байгуулж байгаа билээ. PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцооны чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын Олон улсын үнэлгээ юм.
Тухайлбал, 2023 оны PISA Олон улсын тандалтын үнэлгээгээр 15 настай Монгол хүүхдүүдийн 64 хувь нь “Унших чадвар эзэмшээгүй” гэсэн үнэлгээ авсан байдаг. Өөрөөр хэлбэл, гурван хүүхэд тутмын хоёр нь суурь түвшиндээ хүрээгүй гэсэн үг.
Мөн математикийн мэдлэг ур чадвараар дэлхийн 81 орноос 47 дугаар байранд эрэмбэлэгдсэн. Энэ нь Монгол хүүхдүүд OECD-ийн орнуудын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байгаа харамсалтай дүн юм.
Арга ч үгүй биз. Сурах бичиггүй хүүхдүүд хаанаас, яаж унших чадвар эзэмшиж, юу сурах вэ, П.Наранбаяр сайд аа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.