0

УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ОРОН НУТГУУД РУУ ЗАМ ТАВИАД БАЙДАГ ГЭТЭЛ ТЭНД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГ НЬ АЖИЛТАНГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛ ҮҮСЧХЭЭД БАЙНА-
-УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг ид хэлэлцэж байна. Энэ үед багш, эмч нар цалингаа нэмүүлж, 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна. Гэтэл Засгийн газраас тэдний цалинг үе шаттайгаар нэмэх ч яг хэлж буй дүнд нь хүргэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед нийгмийн гол салбарууд болох боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа нэмүүлэх бодитой шаардлагуудыг тавьж, ажил хаялт зохион байгуулж байна. Тэдний ярьж байгаа зүйлсэд бид зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой. Миний хувьд анхнаасаа л 2026 оны төсөвт шинэ зүйл алга гэдгийг хэлж байсан. Аль нэг салбарын асуудлыг бүрэн шийдсэн юм байхгүй. 2024 оны УИХ-ын сонгуульд орохдоо бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал ярьсан ч түүнийгээ огт барьсангүй. Хэнийх нь тойрог руу хэдэн төгрөг тавих вэ гэдэг асуудал яригдаад байгаа болохоос биш, яг бодлогын шинж чанартай зүйл энэ төсөвт огт алга.
Нөгөө талдаа, багш нарын цалинг нэмэхгүй бол Монгол Улс багшгүй боллоо. Яг амьдрал дээр “Энэ хэдэн хүүхдээ төгсгөчхөөд больё доо” гэсэн багш маш олон байна. Залуу багш нар 1-5 жил ажиллаад мэргэжлээ орхиж байна гэх судалгаа гарсан байна лээ. Багшийн залгамж халаа гэдэг зүйл байхгүй болох бодитой эрсдэл үүсчихлээ. Үүнд бид нэн тэргүүнд анхаарах ёстой.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт ч цалингийн асуудал яригдаж байна. Тэдний цалинг мөн л боломжоороо нэмэх ёстой. Нөгөө талдаа эрүүл мэндийн салбарт үүсээд буй нөхцөл байдал арилах ямар ч нааштай шийдвэр алга. Эм тариагаа гаднаас импортолдог байдал, эрүүл мэндийн даатгалын асуудал гээд энэ салбар бүх талдаа болохгүй байна.
Гэхдээ зөвхөн багш, эмч нарын цалинг нэмнэ гэж туйлширч болохгүй. Төрийн бүх алба хаагчдын цалинг ярих хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгүүдийн үйлчилгээний албан хаагчид, эмнэлгийн жолооч, асрагч нарын цалин маш бага. Тэдний асуудлыг шийдэхгүй бол энэ салбарууд дахиад л доголдоно. Яг үнэндээ, хамгийн бага цалинтай хүмүүс нь үйлчлэгч, жижүүрүүд шүү.
Багш, эмч нарын цалинг нэн тэргүүнд нэмэх нь зөв ч нийт төрийн албан хаагчдынхаа цалинг яримаар байна. Төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй байгаа юм. Засгийн газар үүнд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ хүмүүс жагсаж, цуглахгүй гэдэг байдлаар хандаж болохгүй.
-Цалинг нэмэх ёстой гэж хэлж байгаа гишүүд олон байна. Гол нь гарц гаргалгаа чухал. Таны харж байгаагаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх ямар шийдэл байна вэ?
-Шинэ хөрөнгө оруулалтуудаа нэг удаа тэвчиж болно шүү дээ. Шинээр барих гэж байгаа зам харгуй, байшин барилга олон байна. Нэг жил зам тавихгүй байж болно. Монгол Улсад авто тээврийн салбар үүсээд 100 жилд болж байна. Үүнийхээ 80 орчим жилд нь шороон замтай байсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд аймгийн төвүүдээ авто замаар холбочихлоо. Зарим сумд ч засмал замаар холбогдчихсон байна. Одоо авто замын сүлжээ нэлээд аятайхан болчихсон.
Төрийн үйлчилгээний байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэдийн боловсрол, эрүүл мэндийг анхаарч, хүн төвтэй бодлого явуулахгүй бол энэ улсад ажиллах хүнгүй боллоо. Орон нутгууд руу нэг л сайхан зам тавиад байдаг гэтэл тэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг нь ажилтангүй болох эрсдэл үүсчхээд байна.
Эхэлчихсэн байгаа бүтээн байгуулалтуудаа бол хурдхан хийж дуусгах нь зөв. Тэгэхгүй бол жил өнгөрөх тусам төсөв нь нэмэгдээд явах эрсдэлтэй.
-ЦААШДАА ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ БОЛОЛЦОО УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТОМ ТӨСЛҮҮДЭЭС Л ГАРЧ ИРНЭ-
.jpg)
-Төрийн бүх албан хаагчийн цалинг нэмнэ гэвэл дахиад л мөнгө хэрэг болно. Шинэ бүтээн байгуулалтуудаа тэвчээд ч ийм боломж үүсэхгүй байх. Төсөвт орлого нэмэх талд ямар боломж байна вэ?
-Мэдээж төрийн албан хаагчдын цалинг нэмэхийн тулд улс орлогоо сайжруулах шаардлага үүснэ. Татвар нэмэх ямар ч бололцоо байхгүй. Өнөөдөр аж, ахуй нэгжүүд асар их дарамт дунд ажиллаж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг ч нэмэх боломжгүй. Тэгэхээр цаашдаа бид экспортын орлогоо нэмэгдүүлэх, ашигт малтмалын салбараа хулгайгүй болгох хэрэгтэй. “Рио тинто”, стратегийн ордууд гэх мэт зүйлүүдэд ард түмэн хяналтаа сайн тавих ёстой. Цалин тэтгэвэр нэмэх боломж бололцоо уул уурхайн салбарын том төслүүдээс л гарч ирнэ. Энэ нь монголын ард түмэнд ашигтай байх талд төр засаг ч ажиллах ёстой, ард түмэн ч хяналтаа тавих хэрэгтэй.
-Яг одоогийн нөхцөлд багш, эмч нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх бодитой боломж байна уу. Зарим гишүүдийн зүгээс төсвийг нарийвчлан харж, хасах боломжтой хөрөнгө оруулалтуудыг хайж байна...
-Төсвийн зарлагыг хасахдаа юунаас хасах вэ гэдэг нь туйлын чухал. Өмнө нь хэлсэнчлэн шинээр барих гэж байгаа барилга, замуудаа тэвчих хэрэгтэй. Мөн тоног төхөөрөмжүүдийн хөрөнгө оруулалтуудаас хасаж болно. Ингэхдээ эрүүл мэндийн салбарынхыг хасахгүй, ширээ сандал гэх мэт зүйлсээ хасаж болно шүү дээ. Танах боломжтой зүйл олон бий.
-ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАСАЖ БОЛОХГҮЙ. УЛАМ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЖ, ХҮҮХДЭД ӨӨРТ НЬ ХҮРДЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ-
.jpg)
-Хүүхдийн мөнгийг хасаад цалин нэмнэ гэдэг асуудал яригдлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Би Төсвийн байнгын хорооны гишүүн биш учраас тийм санал гарсан эсэхийг хэлж мэдэхгүй байна.
Хүүхдийн мөнгө байх ёстой. Энэ бол хүн амаа өсгөх бодлого. Дэлхийн бусад улсууд, тэр дундаа Азийн зарим орнууд сурагчгүйн улмаас сургуулиа хаалаа гэж байна. Тэнд төрөлт байхгүй болж, улмаар ийм байдалд хүрч байгаа юм. Манай улс хүн амаа өсгөх нь туйлын зөв бодлого. Тиймээс хүүхдийн мөнгийг зогсоох нь буруу.
Нөгөө талдаа, хүүхдийн мөнгийг яг хүүхдэд нь зориулдаг байх хэрэгтэй. Хүүхдийн хичээлийн хэрэгсэл, гутал хувцаснаас эхлээд сурах, амьдрахад нь бодит дэмжлэг болж байх ёстой. Одоо бол энэ мөнгө эцэг, эхчүүдийн дансанд орж байгаа шүү дээ. Яг хүүхдэдээ хүрч байна уу гэвэл эргэлзээтэй. Тиймээс хүүхдийн мөнгөний бодлогыг улам төгөлдөржүүлээд үргэлжлүүлэх ёстой.
-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ МАШ САЙН НЭМСЭН-
.jpg)
-Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн байгуулалт хийсэнгүй, эмч, багш нарын цалинг нэмсэнгүй гэдэг шүүмжлэлийг зарим гишүүд хэлж байна...
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед харин ч төрийн алба хаагчдын цалин хөлсийг маш сайн нэмсэн. Тухайлбал, намайг 2021 онд УИХ-ын гишүүн болохын өмнө хамт ажиллаж байсан залуучууд 600 мянган төгрөгийн л цалин авч байсан. Одоо тэд орон нутгийн нэмэгдэлтэйгээ 1.4 сая төгрөг авч байна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед цалин нэмээгүй гэдэг бол худлаа. Үүнийг ганц би ч биш Монгол Улсын төрийн албанд ажиллаж байгаа 230-аад мянган төрийн алба хаагч хэлэх байх.
Тухайн үед жижүүр, үйлчлэгчид гэхэд 500 гаруй мянган төгрөгийг сард хоёр хуваагаад авдаг байсан. Одоо бол 900 гаруй мянган төгрөг авч байна. Харамсалтай нь, инфляцад идэгдээд байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.