dobu.mndobu

“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 12 жилийн үр дүнг хэлэлцэв

“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 12 жилийн үр дүнг хэлэлцэв

"Газар тариалангийн салбарт экстейншний үйлчилгээ, технологи дамжуулалтыг сайжруулах шийдэл, тэргүүн туршлага" сэдэвт Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хаалтын хурал өнөөдөр /2024.11.27/ боллоо. Хурлаар төслийн үр дүн, ололт амжилтыг дүгнэв.

Мөн хурлын үеэр Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн зохицуулагч Алфред Катер Хүнс, хөдөө аж ахуйн яамны жуух бичгээр, GFA Consulting group ХХК-ийн төслийн менежер Симон Виттих жуух бичгээр, IAK Agrar Consulting ХХК-ийн төслийн менежер Ганболдын Ганцэцэг ХХАА-н салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр, Герман- Монголын хамтын ажиллагааны Тогтвортой ХАА төслийн дэд зохицуулагч Баастын Эрдэнэболор ХХАА-н салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр, “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн ажилтан Чулууны Төгсбат ХХАА-н салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр  тус тус шагнагдлаа. 


"Тариаланчдын хамтын холбоог сайжруулах хэрэгтэй"

ХБНГУ-ын ХХААЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, түншлэл хариуцсан 625 дугаар реферат Фрийдеманн Крафт Герман Улсын газар тариалангийн туршлагаас хуваалцсан юм. Тэрбээр:


-Өнөөдөр мэргэжилтнүүдийн яриаг сонсоод надад төрсөн сэтгэгдэл гэвэл үйлдвэрлэгчдийн хамтын холбоо, хоршоо, нэгдлүүд Герман Улсын хөдөө аж ахуйн салбарт маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Монголд ч гэсэн энэ маш чухал болов уу гэж бодож байна. Ялангуяа жижиг талбайд хүнсний ногоо тариалагчдын хувьд нэгдүгээрт, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэх, хоёрдугаарт төрийн бодлогод нөлөөлөхийн тулд зохион байгуулалтад орж, эвлэлдэж нэгдэх шаардлагатай. 


Германд тариаланчдын холбоо бэхэжсэн тогтолцоотой байдаг. Энэ дээр суралцах боломж Монголд байна гэж харж байна. Хоёрдугаарт, Герман Уласд төдийгүй Монгол Улсад сүүлийн жилүүдэд борлуулалтын асуудал тулгамдаж байгаа. Германы хөдөө аж ахуйн бодлого нь борлуулалтыг дэмжихдээ аль болох орон нутгийн тухайн орон нутагт нь борлуулахыг дэмжих ийм стратеги баримталж байгаа. 


Төсөл маань дуусаж байгаа. Гэхдээ яамны зүгээс цаашдаа ХБНГУ-ын Холбооны хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс цаашдаа ч гэсэн Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа. Ялангуяа мэргэжилтнүүдийг хамтран туршлага солилцох, эрдэм шинжилгээний чиглэлээр мэдээлэл солилцох, төслүүдийг шинээр хэрэгжүүлэх чиглэлээр бид хамтарч ажиллах боломжтой гэж харж байна. 


"Герман Улсын хөдөө аж ахуйн салбарын хуулийг судалж байна"


Мөн хурлын үеэр “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн дэд удирдагч доктор Б.Эрдэнэболор “Герман-Монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй" төсөл 2013 оноос эхэлж хэрэгжээд 4 дахь үе шатандаа орж 2024 оны арванхоёрдугаар сард дуусах гэж байна.  Энэ төсөл маань газар тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, институц болон хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж ирсэн төсөл байгаа. Өнөөдөр төслийнхөө 12 жилийн үр дүнг хэлэлцэж байна. Сүүлийн үе шат нь 2022 оноос эхэлсэн байгаа. Энэ тал дээр илүү төвлөрч ярьж байна. Зөвхөн өнгөрснөө яриад зогсохгүй төслийн ололт амжилтад тулгуурлаад төслөөс бий болгосон шинэ мэдлэг, мэдээлэл, бүтээгдэхүүнүүд төслийн бий болгосон шинэ чадавхууд, гадаадад тогтоосон хамтын ажиллагаа зэрэг болгоныг цааш нь яаж үргэлжлүүлэх вэ, мөн ирээдүйд төсөл дууссан ч гэсэн үр нөлөөг нь цаашид яаж үргэлжлүүлэх вэ гэдгийг ярилцах гэж энэхүү хурлыг зохион байгуулж байгаа юм. 


Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орнуудын нэг. Дэлхийн орнуудаас Монгол Улс хамгийн их уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн орнуудын тоонд ордог. Тэгэхээр Монголын газар тариалангийн технологи цаашдаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөрсөө хамгаалахад чиглэсэн технологи байх ёстой. 


Мөн органик тариалангийн асуудал нэлээд яригдах байх. Хэрэглэгчдийн чиг хандлага ч бас тийшээ орж байна. Химийн бодисгүй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх сонирхол цаашдаа нэмэгдэх байх. Тэгэхээр энэ чиглэлээр Германы төслийн хүрээнд нэвтрүүлсэн ноу-хау, гарын авлага, материалууд тариалангийн шинэчлэлд ашиглагдаад явах боломжтой. 


Бид газар тариалангийн тал дээр бүх шатны боловсон хүчнийг чадавхжуулах тал дээр ажлуудыг хийсэн. Мөн дээрээс нь төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал газар тариалангийн хүрээлэн зэрэг газар тариалангийн гол судалгааны байгууллагуудыг Германы эрдэм шинжилгээний байгууллагуудтай холбож өгсөн. Цаашдаа хамтраад явах байх. Одоо хамтын ажиллагааны төслүүд эхлээд явж байгаа. 


Төслийн үр дүнг өнөөдөр тайлагнаж байгаа. Эрх зүйн чиглэлээр 2021 онд батлагдсан Таримал ургамлын үр сортын тухай хууль 2024 онд батлагдсан Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлж боловсруулах тал дээр тусалж ажилласан. 


Европын орнууд дотроос Герман Улс хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомжоор маш сайн орон гэж тооцогддог. Тэгэхээр Германы газар тариалангийн тухай хуулийг Монгол Улс ч гэсэн боловсруулах чиглэл рүү нь бид Германаас мэргэжилтнүүдийг урьж, тус улсын мэргэжлийн байгууллагуудтай холбох, мөн Монгол дахь ажлын хэсгийн уулзалтуудаар мэдээлэл, зөвлөгөө өгөх байдлаар хамтарч ажиллаж байна. Энэ хоёр хууль маань олон улсын жишигт нийцсэн сайн хууль болсон гэж манай салбарын яам маань дүгнэж байгаа. 


Тариаланчид, мэргэжилтнүүдийн 93 хувь төслийн сургалтад хамрагдсанаар мэдлэг, ур чадвар нь дээшилсэн. Үүгээр барахгүй шинээр эзэмшсэн мэргэжлээ мэргэжлийнхээ ажилд болон байгууллагынхаа хөгжил дэвшилд ашиглаад явж байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр энэ тал дээр амжилт гарсан гэж харж байна. 
Институцын зөвлөх үйлчилгээний хүрээнд салбарын судалгаа, нөхцөлийн төв болон тариаланчдын холбоотой түлхүү ажилласан байгаа. 


Тэгэхээр хамгийн амжилттай ажилласан бидний жишээ бол “Монголын ногоочдын холбоо” гэдэг байгууллага 2023 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Хоёр жил хүрэхгүй хугацаанд энэхүү холбоо маань орон нутагт буюу гурван аймагт салбар холбоотой, 2000 гаруй гишүүнтэй. Өнөөдрийг хүртэл ногоочдын 50 мянган тонн ногоог байгууллагын худалдан авалтад зуучилсан байна. Цахим худалдааны платформыг бий болгосон байна. Мөн логистикийн төвийн төсөл санаачлаад явж байна. 


Орон нутгийн салбар холбоодод 2023 оны зургаадугаар сард байгуулагдсан Ховд аймгийн ногоочдын холбоо өнөөдөр ногоочдод үйлчлэх дэлгүүртэй болсон байна. Ногоочдод техник түрээслүүлэх үйлчилгээ эхэлж байна. Одоо 2025 он гараад хүнсний ногооны үнэ үржүүлнэ гээд явж байна. Төсөлд хамтарч ажилласан байгууллагууд, хүмүүс маань нэг зорилгын төлөө хамтарч нэг нэгийгээ дэмжиж ажилласны үр дүн болов уу гэж харж байна. 


Төслийн хүрээнд хүн болгонд хүрч ажиллаж мэдээж чадахгүй. Тэгэхээр аль болох тариаланчдын төлөөлөл болох холбоод тариаланчдад хүрч ажилладаг болох, аймаг сумын мэргэжилтнүүд рүү түлхүү ажилладаг. Гэхдээ төслийн зарим арга хэмжээнүүдэд тариаланчид хамрагдаад явж байгаа. Энэ тариаланчид маань сурч мэдсэнээ бусад тариаланчдадаа түгээгээд явах болов уу гэсэн байдлаар үйл ажиллагаагаа зохион байгуулдаг" гэлээ.


"Монгол оронд атар газар эзэмшсэний 65 жилийн ой энэ жил тохиож байна"


Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хурлын хаалтын үеэр ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа элчин сайд Хэльмут Кулиц, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамыг төлөөлөн ирсэн эрхэм Фрийдеманн Крафт, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хаалтын хуралд оролцож буй нийт оролцогчдод энэ өглөөний мэндийг хүргэе.


Монгол оронд атар газар эзэмшсэний 65 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнээс сүүлийн 12 жилд нь “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл бидэнд түшиг тулгуур болж, газар тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, институцийн болон хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан.


Зөвхөн сүүлийн жилүүдийн ололт амжилтаас дурдахад 2021 онд батлагдсан Таримал ургамлын үр, сортын тухай хууль, 2022 онд батлагдсан Сорт сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журам, 2024 онд батлагдсан Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төслүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан. Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг мөн төслийн тусламжтайгаар боловсруулж, хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, салбарын эрдэм шинжилгээний ба мэргэжлийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, Герман улс, Европын Холбоо, Казахстан улсын мэргэжлийн байгууллагуудтай холбох гүүр нь болж, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан. Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд газар тариаланг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, зөвлөмжүүдийг боловсруулж, Германы газар тариалангийн тэргүүн туршлага, технологи, ноу-хауг Монголд нутагшуулахад түүчээлэн ажиллаж ирсэн. Газар тариалангийн салбарын бүх шатны боловсон хүчнийг чадавхжуулах, эрдэм шинжилгээний ажлын арга зүйг олон улсын жишигт нийцүүлэх, тариалангийн технологийг боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Төслөөс зохион байгуулсан сургалтууд, Германаас урьж ажиллуулсан мэргэжилтнүүд, хэвлүүлсэн гарын авлага материалууд Монголын газар тариаланг дэлхийн жишигт ойртуулахад ихээхэн тус нэмэр болж байна.


Европын Холбооны орнуудаас Монголд хамгийн ойр байж, хамгийн элэгтэй ханддаг улс бол Герман. Хөдөө аж ахуйн салбарт бүр 1970-аад оны үед төмсний Астилла сорт, сүүний хар тарлан үүлдрийн үхрийг Ардчилсан Герман улсаас авчирч, герман мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Төв аймгийн Борнуур суманд тухайн үедээ хамгийн орчин үеийн технологитой саалийн ферм, тэжээлийн үйлдвэр, хүлэмжийн аж ахуйн цогцолборыг байгуулж, хамтран ажиллаж байсан түүхтэй. Газар тариалангийн салбар дахь манай хоёр орны хамтын ажиллагаа “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөр дамжин улам эрчимжсэнд бид бүгд баяртай байдаг. Төсөл маань энэ онд дуусч байгаа хэдий ч бидний хамтдаа бий болгосон бүхэн дахиад олон жил үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Монголын газар тариалангийн салбарыг 12 жилийн турш дэмжиж, хамтран ажилласан герман анд нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээв. 

Хуваалцах:

|
ЗААВАР: Битүү шөл хэрхэн хийх вэ

ЗААВАР: Битүү шөл хэрхэн хийх вэ

18 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.