dobu.mndobu

Ц.Идэрбат: Даатгалд хамрагдсан малчдад зудын үед урьдчилгаа олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-03

Ц.Идэрбат: Даатгалд хамрагдсан малчдад зудын үед урьдчилгаа олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон билээ. Улмаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг гарч, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ахлан ажиллаж байгаа юм. Хуулийн төсөл ямар шатандаа яваа талаар түүнтэй ярилцлаа.

-Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ. Орон нутагт ажиллаж, хуулийн төслийг малчдад таниулан, тэдний санал бодлыг сонсоно гэж байсан. Хөдөөгөөр явав уу?

-Малын индексжүүлсэн даатгал 2009 оноос төсөл хэлбэрээр хэрэгжиж байгаад 2014 оноос бие даасан хууль болж гарсан юм. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг Монгол Улсад цаг уурын хүнд нөхцөл үүссэний дараа түүнээс үүдсэн гамшгийн эрсдэлийг нөхөх, даван туулах зорилготойгоор анх батлагдсан. Энэ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад, УИХ хэлэлцэх эсэхийг нь дэмжиж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо руу шилжүүлсэн. Ингэд тэндээс У.Отгонбаяр, Р.Сэддорж, Ж.Батжаргал, Г.Ганбаатар болон миний бие гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, би ахлан ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн хуулийн төслийг иргэд, малчдад танилцуулж, саналыг нь авах ажлыг дөрөвдүгээр сар хүртэл зохион байгуулсан. Малчдын зүгээс “Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ нэмж хэд хэдэн өөрчлөлтүүд оруулах нь зүйтэй” гэдэг хүсэлтүүдийг хэлсэн. Тухайлбал, Манай улсад тохиох зудын давтамж ойртож байгаа хэдий ч тийм ч их биш байна. 2023, 2024 оны зудаас өмнө бол 10 орчим жил зудын хорогдол бага байлаа. Энэ хугацаанд жил бүр даатгалд хамрагдаад байдаг. Гэтэл үр ашиггүй байна гэх асуудал яригдсан юм. Энэ мэт малчдын хэлсэн саналыг Засгийн газраас өргөн барьсан хуульд тусгах ямар бололцоо байна вэ гэдэг дээр нэлээд ажилласан. Улмаар Сангийн яам, даатгалынхан, УИХ-ын тамгын газрынхан зэргийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулсан юм. Тэд маань ч сайн ажилласан.

Харамсалтай нь, малчдын хэлж буй зарим нэг саналыг хуулийн төсөлд тусгах гэхээр Хууль тогтоомжийн тухай хуульд захирагдах шаардлага үүсчхээд байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд хөндөгдөөгүй заалтыг бид хөндөх бололцоо байхгүй шүү дээ.

Тиймээс нэр бүхий 10 гишүүн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа өнгөрөгч тавдугаар сард Засгийн газарт тавьсан юм. Үүний хариу 14 хоногийн өмнө гарсан. Бидний тавьсан саналыг Засгийн газар дэмжих бололцоогүй гэсэн. Тийм учраас ямартай ч эхний ээлжинд Засгийн газрын өргөн барьсан хуулийг яаралтай батлуулъя гэдэг байдлаар ажиллаж байна.

Энэ хуулийн төсөлд хоёр гол зүйл байгаа юм.

Нэгдүгээрт, Одоо мөрдөгдөж буй хуулиар даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлт 6 хувь байгаа. Үүнийг хуулийн төсөлд “...уян хатан байдлаар даатгагчийн саналаар Засгийн газар тогтооно” гэж өөрчлөн тусгасан байна. Харин бидний зүгээс уян хатан байдлаар тогтооно гэхгүйгээр одоо байгаа 6 хувиас буулгах хэрэгтэй гэх санал оруулаад байна.

Хоёрдугаарт, нөхөн төлбөр олгох хугацааны асуудал.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар, гамшгийн дараа хагас жилийн малын тооллогоор гарсан хорогдолд үндэслэж, гамшгийн нөхөн төлбөр нь малчинд олгогддог. Энэ процесс зургаадугаар сараас хойш үргэлжилсээр 10, 11-р сарын үед малчдын дансанд мөнгө нь орж байгаа юм. Тэгэхээр үүнийг урагшлуулаад, яг зудын үед малчдад урьдчилгаа өгөх бололцоо гаргая гэдэг асуудал тусгагдсан байна. Энэ бол Засгийн газрын өргөн барьсан хуулийн амин сүнс нь гэж ойлгож болно.

-Малчдын зүгээс өөр ямар саналууд хэлж байна?

-Тэд олон зүйлийг хэлсэн. Хохирлыг сум сумаар нь, бүр баг багаар нь гаргадаг болмоор байна гэсэн. Нэг сум дөрвөн багтай гэхэд урд хоёр баг нь зудтай, хойд талын хоёр нь хэвийн байдаг. Сумын дунджаар авч үзэхээр малын хорогдол бага гарах асуудал байна.

Нөгөө талдаа, мал аж ахуйд тулгамддаг асуудлыг зөвхөн зуд гэж харж болохгүй. Ган, үер усны осол, аянга цахилгаан гэх мэт маш олон эрсдэл байна. Үүнийг хуульд хэрхэн тусгах вэ гэдэгт нэлээд санал хэлсэн.

Өмнө нь хэлсэнчлэн зарим зүйлийг дураараа хөндөж болохгүй учраас энэ удаагийн хуулийн төсөлд малчдын саналыг бүрэн тусгаж чадахгүй. Гэхдээ эхний ээлжинд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг батлуулна.

Дараа нь дахин хуулийн төсөл өргөн барих бодолтой байна. Нэр бүхий 10 гишүүдийн саналд Засгийн газраас хариу хэлэхдээ дэмжихгүй байгаа шалтгаанаа бичсэн байна лээ. Тэрийг нь арилгаад, хуулийн төслөө дахин өргөн барих болно. Ингэж байж хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарыг гэнэтийн олон хохирлуудаас аврах, нөхөн төлөх бололцоо гарна.

-Хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэзээ хэлэлцэхээр байгаа вэ?

-Ажлын хэсэг хуралдаад арваннэгдүгээр сарын 12-ны өдөр байнгын хороондоо танилцуулаад, тэр долоо хоногт нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлэхээр зорьж, ажиллаж байна. Тэгэхээр энэ сарын 14-ны үед УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Малын индексжүүлсэн даатгалд жилд дунджаар нийт малчин өрхийн 11-18 хувь нь л хамрагдаж, нийт малын 7-10 хувь нь даатгуулдаг гэх судалгаа байна. Хамрагдалт ийм бага байгаа нь нэг талаас босго өндөр, нөхөн олговор удаан хугацааны дараа олгогддог зэрэг байдлаас шалтгаалдаг л байх. Нөгөө талдаа малчид малын индексжүүлсэн даатгалын талаар мэдээлэл бага байна уу. Ер нь хэр мэдээлэлтэй байдаг бол?

-Өмнө нь хэлсэнчлэн малын индексжүүлсэн даатгал манай улсад 2009 оноос нэвтэрсэн. Тухайн үед би сумын Засаг даргаар ажиллаж байсан юм. Багийн дарга нартайгаа нийлээд малчдад энэ даатгалын ач холбогдлыг тайлбарлах гэж нэлээд ажиллаж байлаа. “Индексжүүлсэн” гэдэг нь яг юу гэсэн үг юм, ямар онцлогтой юм гээд яриад явсан. Малчид бол хоёр машин мөргөлдөхөд тэр дороо нөхөн төлбөр авдаг шиг тийм үйлчилгээ гэж бодсон байгаа юм. Гэтэл “индексжүүлсэн” гэдэг нь улсын хэмжээнд нийт малын 6 хувь хорогдож байж даатгал олгогдоно гэсэн үг шүү дээ.

Өмнө нь хэлсэн шалтгаануудаас болж малчдад “Даатгал зудын дараа том дэмжлэг болно” гэдэг сэтгэхүй одоог хүртэл суугаагүй юм билээ.  Одоогоор бол амьдрал дээр банкнаас зээл авах гэж байгаа хүн, эсвэл шагналд тодорхойлолтоо явуулах гэж байгаа хүн л энэ даатгалд хамрагдаад байна. Ингэхдээ зах зээлийн үнээр, бодитоор биш, бага хэмжээгээр даатгуулж байна. Жишээ нь, зарим малчид малаа 150 мянган төгрөгөөр даатгуулж байна. Эцэст нь зудын асар их хохирлын дараа тэр хүнд 350-450 орчим мянган төгрөг л олгогдоно. Үүгээр хохирлоо барагдуулж чадахгүй шүү дээ.“Манай мал зудад хорогдвол хохирол багатай давж гарахын тулд даатгалд хамрагдаж нөхөн олговор авна” гэдэг байдлаар тооцооллоо зөв хийх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ “Үндэсний давхар даатгал”-ынхны хэлж байгаагаар өнгөрсөн жилүүдэд 15 сая төгрөгийн нөхөн олговор авсан даатгуулагч ч байна.

Үндсэндээ, мал аж ахуйн салбарыг хамгаалж, эрсдэлийг даван туулахын тулд хуулиа илүү боловсронгуй болгох шаардлагатай. Мөн малчдад сайн сурталчилж, ач холбогдлыг нь ойлгуулах хэрэгтэй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.