dobu.mndobu

Малын индексжүүлсэн даатгал Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой

Малын индексжүүлсэн даатгал Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой

Нүүдэлчин монголчууд эрт дээр үеэсээ байгаль дэлхийтэйгээ харьцаж, цаг уурын эрс тэс уур амьсгалыг нүүдэлчдийн ухаанаар давж ирсэн түмэн. Харин өнөө цагт дэлхийн дулаарал явагдаж энэ хэрээр ган зудын давтамж ойртсон төдийгүй цөлжилт асар хурдтай явагдаж байна. Ийм нөхцөлд мал аж ахуйн орон болсон Монгол Улсын баялаг аюулд өртөх нь элбэг болжээ. Нөгөө талаар төв Азийн өндөрлөгт орших эрс тэс уур амьсгалтай орон. Тиймдээ ч малчид маань ган, зудыг өөрсдийн хүчээр буюу хамтын хүчээр давах гэж чармайдаг ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө сөхөрдөг. Хотоо харлуулсан, амьжиргаагаа алдсан жишээ дурдаад байвал тоолж барахгүй олон. Тэгвэл ийм эрсдэлийг хамтдаа даван туулах, малчдын амьдралын баталгааг хамгаалах нэгэн ухаалаг арга бол Малын индексжүүлсэн даатгал юм. Гэхдээ малын индексжүүлсэн даатгалын тухай сайтар ойлгоогүй малчид байдаг учраас дараах мэдээллийг хүргэж байна.

-МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ-

Энгийнээр тайлбарлахад Малын индексжүүлсэн даатгал нь малчин бүрийн хохирлыг нэг бүрчлэн тооцдоггүй. Харин тухайн сум, багийн хэмжээнд малын хорогдол, байгалийн гамшгийн үзүүлэлт (индекс) тодорхой хэмжээг давахад даатгалд хамрагдсан бүх малчинд нөхөн төлбөр олгодог.

Жишээ нь, нэг суманд зуд болж, малын хорогдол зургаан хувиас дээш гарвал, даатгалд хамрагдсан бүх малчинд шууд нөхөн төлбөр олгогдоно. Энэ нь үнэлгээ, маргаан багатай, хурдан шуурхай арга юм. Индексжүүлсэн даатгалыг зөвхөн Монголд бус, дэлхийн олон оронд малчид, тариаланчдад амжилттай хэрэгжиж байна.

-ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТЭРСЭН САЙН ТУРШЛАГА-

Индексжүүлсэн даатгал нь олон улсад нэвтэрч тухайн орны малчид, тариаланчид амьжиргаагаа хамгаалах болжээ. Тухайлбал, Кени, Этиоп зэрэг Африкийн орнуудад малчид ган, хуурайшилт, байгалийн гамшгийн эрсдэлд их өртдөг. Тэнд индексжүүлсэн даатгалын тогтолцоог хэрэгжүүлснээр, малчид бүс нутгийн статистик үзүүлэлтээр нөхөн төлбөр авч, амьжиргаагаа хамгаалж байна. Энэтхэг, Хятадад тариаланчид ургацын индексжүүлсэн даатгалыг өргөн ашигладаг. Хураамжийн тодорхой хувийг төрөөс дэмжиж, даатгалд хамрагдах боломжийг илүү хүртээмжтэй болгожээ. Олон улс оронд энэ даатгалын гол давуу тал нь нөхөн төлбөрийг хурдан, ил тод олгодог, малчид, тариаланчид эрсдэлээ хуваалцаж, санхүүгийн баталгаатай болдог явдал юм.

-Б.ЖАВХЛАН САЙД ДААТГАЛЫГ ИЛҮҮ ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙЛГАХ ТАЛ ДЭЭР АНХААРСАН-

Энэ онд Сангийн сайд Б.Жавхлан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулж, илүү олон малчдад хүртээмжтэй болгох, даатгалын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Сүүлийн шинэчлэлээр даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг уян хатан болгож, хохирлын явцын мэдээлэлд тулгуурлан нөхөн төлбөрийг хэсэгчлэн, урьдчилан олгох боломж нээгдсэн. Малчид гамшгийн дараа удаан хүлээхгүй, шуурхай дэмжлэг авах боломжтой болж байна. Мөн даатгалд хамрагдсан малчид хөнгөлөлттэй зээл авах боломжтой болж байгаа нь санхүүгийн баталгааг нэмэгдүүлнэ. Малын индексжүүлсэн даатгал нь малчдад эрсдэлээ хуваалцах, амьжиргаагаа хамгаалах, гамшгийн дараа санхүүгийн дэмжлэг авах боломжийг олгодог ухаалаг тогтолцоо юм. Олон улсын туршлагаас харвал энэ даатгалын загвар нь малчид, тариаланчдад бодит хамгаалалт, итгэл өгдөг.

-ОЙЛГОЛТ ДУТМАГ БАЙГАА Ч ЭНЭ ТАЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА-

Монгол Улсад, малчдын дунд индексжүүлсэн даатгалын талаар ойлголт, мэдээлэл дутмаг байгаа ч шинэчлэл, сурталчилгаагаар дамжуулан илүү олон малчин энэ боломжийг ашиглах, амьдралын баталгаагаа хамгаалах нь чухал юм. Малын индексжүүлсэн даатгал бол малчдын амьдралын баталгааг хамгаалах, олон улсад туршигдаж, үр дүнгээ өгсөн, Монголд ч илүү хүртээмжтэй, ойлгомжтой болгох шаардлагатай чухал тогтолцоо юм. Тиймээс энэ тал дээр төрөөс хууль, эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч, мэргэжлийн байгууллага ч шамдан ажиллаж байна.

-МОНГОЛД ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛ НЭВТРЭЭД 20 ЖИЛ БОЛЖЭЭ-

Монголд Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо 2005 оноос эхэлж, 2014 онд хуульчлагдсан. Сүүлийн жилүүдэд даатгалд хамрагдах малчин, малын тоо нэмэгдэж байгаа ч нийт малчин өрхийн дөнгөж 11-18 хувь, нийт малын 7-10 хувь л хамрагдаж байна. Энэ онд буюу 2025 онд гэхэд 23 мянган малчин өрх, 3.4 сая толгой мал даатгалд хамрагдаж, 4.1 тэрбум төгрөгийн хураамж төлсөн байна. Даатгалын ач холбогдол, хэрэгцээ их байгааг харуулж байгаа ч малчдын дунд индексжүүлсэн даатгалын талаар бүрэн ойлголтгүй, эргэлзээтэй ханддаг, зарим нь “энэ даатгал яг ямар үр ашигтай вэ”, “хэрхэн нөхөн төлбөр авах вэ” гэдгээ сайн мэддэггүй тал бий. Тэгэхээр төр, даатгалын байгууллага илүү идэвхтэй сурталчилгаа, зөвлөгөө өгөх, малчдад ойлгомжтой тайлбарлах шаардлага байгаа.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.