dobu.mndobu

"Унасан нэгнээ улам түлхдэг биш урмын үгээрээ сэтгэлийн тэнхээ өгдөг байгаарай"

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-12

"Унасан нэгнээ улам түлхдэг биш урмын үгээрээ сэтгэлийн тэнхээ өгдөг байгаарай"

Netflix-ийн “Physical Asia" шоу нэвтрүүлэгт оролцож буй Монголын тамирчидтай холбоотой сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч байна. Үүнтэй холбоотойгоор тус төслийн удирдагч Э.Боргил байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Өчигдрийн дугаараас болоод "Г.Хандсүрэнг яагаад оруулсан юм, арын хаалгаар оруулсан уу" гэх мэт урам хугалмаар мессежүүд их ирж байна, Хандаа руу маань ч дайралт их байх шиг байна.

Спортод ялах нэгэн байхад, ялагдах нэгэн байдаг нь жам юм шүү дээ.

Ер нь аливаа спортод, ялангуяа багийн спортод амжилт үзүүлэхэд зөвхөн талбай дээр гарч тоглохоос гадна олон зүйлсээс хамаардаг. Ялсан ч, ялагдсан ч нэг нэгэндээ итгэж, бие биенээ үргэлж дэмжиж, үргэлж урмаар тэтгэж, нэг хүсэл нэг зорилго дор нэгдэж байж амжилт гаргадаг. Хандаа маань яг л тийм хүн юу ч тохиолдсон үргэлж “Бид чаднаа” гээд бусдыгаа тултал дэмжиж, “Дайчид” багийг нэгтгэж, дотоод уур амьсгалыг гэрэлтүүлж явдаг манай багийн амин сүнс гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх.

Та бүхний зарим нь мэдэхгүй байх, гэхдээ Г.Хандсүрэн маань волейболын Монголын анхны легионер тоглогч, Монголынхоо нэр хүндийг аль хэдийн өөрийн чаддаг зүйлээрээ өндөрт өргөж яваа хүн.

Одоо хүртэл Япон Улсын дээд лигт маш амжилттай тоглож явна. Энэ хүн бидэнд ямар ч өргүй шүү, харин ч бид эцсээ хүртэл тэмцэж, гэмтсэн ч гэсэн гүрийж гүйлтээ дуусгасанд нь, Монголынхоо нэрийг мандуулж яваад нь талархах ёстой.

Өчигдөр Хандаатайгаа холбогдож ярихад хамгийн их урмаар тэтгэж, “Зүгээр дээ дараагийн удаа заавал ялаарай” гэсэн мсжүүдийн ихэнх нь бусад улсаас байна гэж ярьж байна лээ, бүр өрсөлдсөн Турк, Япон, Солонгос улсын иргэд манай хүнийг дэмжиж байгаа юм. Гэтэл бид "Чи яаж орсон юм", "Волейболын холбоогоор хэлүүлсэн үү", "Явж үх" гэх мэтээр хэмлэж байдаг, үнэхээр урам хугарам байна шүү. Хандаа маань цэвэр өөрийн авьяас хүч хөдөлмөрөөрөө энэ шоунд сонгогдож оролцсон юм шүү. Монголын багийн зохион байгуулалтыг хариуцаж ажилласны хувьд хэлэхэд бидэнд ямар ч арын хаалга, ямарваа нэгэн улс төрийн оролцоо байгаагүйг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цэвэр хүсэл эрмэлзэл, эх орноо таниулах гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөж манай багийнхан ажилласан юм шүү.

Унасан нэгнээ улам түлхдэг биш, татаад босгодог, дараа нь ялна даа гээд урмын үгээрээ сэтгэлийн тэнхээ өгдөг, ер нь бие биендээ хайртай байгаарай Монголчуудаа! Бид чинь цөөхүүлхнээ шүү" гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.