dobu.mndobu

Сангийн сайд Б.Жавхлан чиглэл өгч “Мо Эн Ко” компанид ногдуулсан 315 тэрбум төгрөгийн актыг түдгэлзүүлсэн үү...

Сангийн сайд Б.Жавхлан чиглэл өгч “Мо Эн Ко” компанид ногдуулсан 315 тэрбум төгрөгийн актыг түдгэлзүүлсэн үү...

“Мо Эн Ко” ХХК-ийнхан өөрсдийгөө Монголын топ татвар төлөгч хэмээн өргөмжилдөг. Харамсалтай нь татварын байгууллагаас ногдуулсан татварын өр төлбөрөө төлөлгүй луу унжих нь топ татвар төлөгчийн хувьд байдаг л нэг үзэгдэл бололтой. Өнгөрөгч тавдугаар сарын 30-ны өдөр “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголоор Мо Эн Ко компани хамгийн их насжилттай, хамгийн их өртэй компаниудыг хол тасархай тэргүүлсэн байдаг.

Сангийн яамны харьяа Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Мо Эн Ко ХХК-д ногдуулсан 315 тэрбум төгрөгийн татварын актыг түдгэлзүүлсэн ноцтой шийдвэр гарсан юм. Тодруулбал, Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн ордын лицензийн эзэмшиж байгаа хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай Мо Эн Ко компанийн 2017 оны  нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны  албан татвар ногдуулалт,  төлөлтийн байдалд шалгалт хийсэн. Уг шалгалтаар 710 тэрбум 81 сая 215 мянга 867 төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнд нь 180 тэрбум 830 сая 313 мянга 601 төгрөгийн төлбөр төлүүлэх акт тавьсан байна.

Монгол Улсын татварын улсын байцаагч нар “Мо Эн Ко” компанийн 2017-2020 онд БНХАУ-д экспортолсон 3 сая 362 мянга 142 тонн коксжих баяжуулсан нүүрсний борлуулалтын үнийг бодит бус үнэ хэрэглэсэн гэж үзсэн юм. Тиймээс ААНОАТ ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэн 134 тэрбум 550 сая 664 мянга 704 төгрөгийн төлбөрийг ногдуулж байсан удаатай.

Гэсэн ч татварын улсын байцаагчийн Мо Эн Ко компанид ногдуулсан 315 тэрбум төгрөгийн татварын актыг тэд хүлээн зөвшөөрөөгүй тул Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан байна. Улмаар Татварын маргаан таслах зөвлөл 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж 315 тэрбум төгрөгийн татварын актыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Сангийн сайд нь нэг гараараа татварын акт тавиулж, нөгөө гараараа буюу Татварын маргаан таслах зөвлөлөөрөө татварын актыг түдгэлзүүлсэн юм биш биз гэх хардлага урган гарч байгаа юм.

Татварын маргаан таслах зөвлөл гэгч хэдхэн бүлэг хүн БНХАУ-ын компанид тавьсан өндөр үнийн дүнтэй татварын актыг түдгэлзүүлж байгаа нь эхнийх биш. Өмнө нь БНХАУ-ын төрийн өмчит Петрочайна дачин тамсаг компанид тавьсан 312 тэрбум төгрөгийн татварын актыг бас түдгэлзүүлж байлаа. Харин энэ удаа БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай Мо Эн Ко компанид ногдуулсан 315 тэрбум төгрөгийн татварын актыг түдгэлзүүлсэн нь анхаарал татна. Өнгөрөгч тавдугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд болсон өдөр “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголоор “Мо Эн Ко” компанийн татварын өр төлбөр нийт 413.4 тэрбум төгрөг болсон талаар Татварын ерөнхий газраас мэдэгдсэн.

Татварын маргаан таслах зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй. Даргаар нь Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн гэгч ажилладаг. Тэгэхээр Татварын маргаан таслах зөвлөл Сангийн сайд Б.Жавхлангийн үүрэг чиглэлийн дагуу “Мо Эн Ко” компанид ногдуулсан 315 тэрбум төгрөгийн татварын актыг шийдвэр түдгэлзүүлсэн байх магадлал тун өндөр. Учир нь Татварын маргаан таслах зөвлөлийн даргыг Сангийн сайд томилж чөлөөлдөг. УИХ нь 2025 оныхоо төсвийг баталж, Ерөнхийлөгч “урсгал зардлаа тана” хэмээн төсөвт бүхэлд нь хориг тавьж, засаг төргүй үймэж байхад нь Сангийн сайд нь 315 тэрбумын татвараа авахгүй цамаан загнаж байна.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар Сангийн сайд Б.Жавхлан Татварын маргаан таслах зөвлөлд чиглэл өгч “Мо Эн Ко” компанид ногдуулсан 315 тэрбум төгрөгийн татварын актыг түдгэлзүүлэх шийдвэр гаргуулсан гэх мэдээлэл ч байгаа юм.

Сангийн яам, Татварын маргаан таслах зөвлөл хууль зөрчиж МоЭнКо компанид ногдуулсан 315 тэрбум төгрөгийн татварын актыг хав даржээ...

Сангийн яам болон Татварын маргаан таслах зөвлөл БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай МоЭнКо компанид ногдуулсан 315 тэрбум төгрөгийн татварын асуудлыг хууль зөрчин хав дарж, цаг хугацаа хожиж байгаа нь ямар учиртай вэ.

Татварын ерөнхий хуулийн 47.15-д “Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гомдол гаргаснаас хойш 30 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэж, уг шийдвэрийг маргааны оролцогч талуудад гардуулна” гэсэн заалтыг Сангийн яам, Татварын маргаан таслах зөвлөл зөрчсөн байгаа юм.

Дээрх хуулийн заалтыг хэрхэн зөрчив гэдгийг тайлбарлая: Татварын улсын байцаагч 2023 оны  долоодугаар сарын 4-ний өдөр “Мо Эн Ко” компанид 315 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Хэрэв “Мо Эн Ко” компани татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй бол Татварын ерөнхий хуулийн дагуу 30 хоногийн дотор Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах заалттай. Гомдлыг Татварын маргаан таслах зөвлөл хүлээн авснаас хойш 1 сарын дотор шийдвэр гаргах хуультай юм. Өөрөөр хэлбэл Татварын маргаан таслах зөвлөл хуулиа дагасан бол 2023 оны есдүгээр сард багтаж “Мо Эн Ко” компанид тавьсан 315 тэрбум төгрөгийн татварын гомдлыг хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой байв. Харамсалтай нь тэд хөдөлсөнгүй. Дөрвөн сар гаруй хууль зөрчин байж 2024 оны  нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, татварын улсын байцаагчийн “Мо Эн Ко” компанид ногдуулсан 315 тэрбум төгрөгийн актыг түдгэлзүүлэн дээд шатын татварын албанд буцаасан байдаг. Татварын алба 90 хоногийн дотор дахин шалгаж, Татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлэх хуультай. Маргаан таслах зөвлөл татварын актыг 60 хоногийн дотор хэлэлцэн, өнгөрсөн долоодугаар сардаа багтааж шийдвэр гаргах ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаагүй байгаа нь Сангийн сайд Б.Жавхлан Татварын маргаан таслах зөвлөлд чиглэлд өгч түдгэлзүүлсэн байх магадлалтай гэдэг яриа илүү үнэнд ойртож байгаа юм.

 

Хуваалцах:

|
Засгийн газар 20:00 цагаас ээлжит бусаар хуралдана

Засгийн газар 20:00 цагаас ээлжит бусаар хуралдана

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонголоо

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонголоо

2 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.