dobu.mndobu

Мэндчилгээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-26

Мэндчилгээ

Өнөөдөр бол монголчуудын бахархалт өдрүүдийн нэг мөн. Өдгөөгөөс 101 жилийн өмнө монголчууд Төв Азийн цээжин дээр олон улсад “Бид Үндсэн хуультай Бүгд найрамдах улс шүү” хэмээн тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр. Найман зууны тэртээ дэлхийн талыг морин туураар тамгалж явсан Их Монголын үр сад он цагийн түмэн нугачаанд унаж босож явсаар өнөөдөр Монгол Улс хэмээн НҮБ-ын гишүүн, олон улсын гэрээ конвенцoд нэгдэн орсон дэлхийд данстай улс болох бууриа засаж, өвөг дээдэс маань 101 жилийн тэртээ бидэнд бэлдэж өгөөд үлджээ.

 

Тэдний зассан буурин дээр өнөөдөр бид Ардчилсан Монгол Улс хэмээн тооноо өргөн, тулгандаа гал ноцоож, Төв Азийн цээжинд гэрэлтэж явна. Энэ бол бидний өндөр их хувь заяа хэмээн сүсэглэхээс өөр аргагүй. Тухайн цаг үед хэдийгээр Төвд, Тува гэх мэт хүчин буурай улсууд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч байсан ч энэ бол агуулга том эхлэл байв.

 

Үүний үндсэн дээр бид тусгаар улсаа байгуулж, улмаар хамтралжих хөдөлгөөнөөс эхлээд өнөөдрийн энэ нийгэм хүртэл хөгжил дэвшлийн нэгэн зууныг лавхан туулжээ. Энэ л зассан буурин дээр өргөө гэрээ төвшитгөж, монголчууд 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монголын бүх ард нийтийн санал хураалтаар тусгаар тогтнолыг 100 хувь дэмжиж, улмаар 1946 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр БНХАУ Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, 1949 оны аравдугаар сарын 6-ны өдөр шинээр тогтсон БНХАУ, Монгол Улс харилцан нэг нэгийгээ хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

 

Дотоодод нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, гадаад харилцаанд ч амжилт гаргаж явсаар 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн орон болсноор өнөөдөр дэлхийн 193 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна. 

 

Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан. Анхдугаар Үндсэн хууль батлагдсанаар нийгэм, эдийн засгийн олон ололтыг Монгол Улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарласан нь өдгөө ч Үндсэн хуулийн нэгэн гол агуулга, ард түмний үнэт эрдэнэ байсаар байна.

 

Үүгээр зогсохгүй иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчилсан явдал нь өдгөө бидэнд юугаар сольж болохгүй үнэт зүйлүүд билээ. Ингээд нийт монголчууддаа Бүгд найрамдах улсаа тунхагласан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Dobu.mn

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.