dobu.mndobu

Б.Жавхлант: Даатгалын нөхөн олговрыг малчдад гамшгийн үед урьдчилж олгодог болно

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-04

Б.Жавхлант: Даатгалын нөхөн олговрыг малчдад гамшгийн үед урьдчилж олгодог болно

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эхлээд байна. Үүнтэй холбогдуулан “Үндэсний давхар даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхланттай ярилцлаа.

-Малын индексжүүлсэн даатгалд хамрагдалт маш бага хувьтай байдаг юм билээ. Тухайлбал,  жилд дунджаар нийт малчин өрхийн 11-18 хувь нь л хамрагдаж, нийт малын 7-10 хувь нь даатгуулдаг гэсэн судалгаа байна. Тэгэхээр малчид энэ даатгалын талаар хангалттай мэдээлэлгүй байна уу. Эсвэл өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн хууль нь төдийлөн хөрсөн дээрээ буухгүй байна уу?

-Хамрагдалтын түвшин бага байгаа нь Малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүний онцлогтой шууд хамааралтай. Малчдын хүлээлт ойлгомжтой. Маш бага хураамж төлөөд, хотондоо гарсан хохирлын хэмжээгээр нөхөн төлбөр авахыг хүсдэг. Харамсалтай нь хотонд гарсан хохирлоор нөхөн төлбөрийг олгох эдийн засгийн ямар ч бодит боломж байхгүй. Үүнийг бид 1990 он хүртэл судалж, туршаад үзчихсэн. 1968 оноос нэгдлийн малыг уламжлалт аргаар албан журмаар даатгаж эхэлсэн. Тэр үед нийт малын 40 хувийг л даатгаж чадаж байсан гэх тоо бий. Асар их хэмжээний үргүй зардал гаргаж, даатгалын гэрээ хийдэг. Тэр хэмжээгээр асар их хэмжээний хохирол гардаг.

Германы “Munich Re  болон Английн давхар даатгалын компаниуд манай нэгдлийн малыг 1982-1983 оны хооронд даатгаж байгаад 1984 оноос гарсан. Тухайн үедээ “Танай мал аж ахуйн даатгал маш их эрсдэлтэй байна. Энэ хэлбэрээр үргэлжилбэл эдийн засгийн үр өгөөж огт байхгүй” гэж хэлж байсан юм. Ингээд яах аргагүй малын даатгалын тогтолцоог шинэчлэх шаардлага үүссэн. 2001 онд  Монголд томоохон хэмжээний зуд болж, Монгол Улс нийт мал сүргийнхээ 30 гаруй хувийг алдаж байсан. Үүнээс улбаалж Улаанбаатар хот руу маш их хэмжээний нүүдэл ирсэн юм. Тийм ч учраас 2005 оноос Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтраад мал аж ахуйн салбарт даатгалын тогтолцоог хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг асуудалд төсөл хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд малын индексжүүлсэн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн юм.   

Тодруулбал, тухайн сумын том малын зүй бус хорогдол хуульд заасан хэмжээ болох 6 хувиас дээш давсан тохиолдолд даатгуулсан малчин өрх нөхөн төлбөр авдаг тогтолцоог юм.

-УИХ-аар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна. Уг хуульд ямар өөрчлөлтүүд оруулахаар тусгасан байгаа вэ?

-Хууль батлагдсанаар малын индексжүүлсэн даатгалд хоёр гол өөрчлөлт орно.

Нэгдүгээрт, Одоо мөрдөгдөж буй хуулиар хагас жилийн мал тооллогын дараа нөхөн төлбөр олгодог. Өөрөөр хэлбэл, Зудын эрсдэл бол нэг өдрийн дотор болоод дуусдаг зүйл биш. Олон хоног сараар үргэлжилдэг гинжин хэлхээ бүхий гамшгийн эрсдэлийн үйл явц. Нэгдүгээр сард гарсан малын хорогдлын тоо зогсохгүй, дараагийн саруудад ч үргэлжилдэг. Тиймээс хагас жилийн мал тооллогын дараа өмнөх жилийн эцсийн мал тооллогын мэдээлэлтэй харьцуулан босго үзүүлэлт нь 6 хувь давсан сумдын мэдээлэлд үндэслэн даатгуулагчдад олгодог байсан. Энэ үйл явц үргэлжилсээр аравдугаар сард олгогдож байгаа юм. Гэтэл малчин өрхүүдийн талаас энэ нь хэт оройтсон байдаг. Зудын дараах хүнд үеэ даваад, найр наадам, хүүхдүүдийн хичээл сургууль, өвөлжилтийн бэлтгэл эхэлчихсэн байх үеэр мөнгө нь ордог. Үүнийг гамшгийн эрсдэлийн үед буюу 1, 2, 3-р сард олгодог болбол малчдад нэмэртэй. Нөгөө талаас гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхад нь эергээр нөлөөлнө. Тиймээс хуульд ийм байдлаар өөрчлөлт орно.

Хоёрдугаарт, Малчдын хэлээд байгаа босго үзүүлэлтэд өөрчлөгдөнө. Малчдын зүгээс “Нөхөн төлбөр олгох босго үзүүлэлт нь өндөр байгаа учраас даатгуулаад нэмэр алга” гэдэг. Нэг сум гэхэд 5-6 багтай байдаг. Үүнээс хоёр багийнх нь нутагт өвөлжилт хүндрээд, дөрвөн багийнх нь нутагт хэвийн байх тохиолдол олон бий.  Гэтэл сумынх нь гамшгийн нийт үзүүлэлт босгоо давдаггүй. Энэ тохиолдолд их хэмжээний гамшигт нэрвэгдсэн хоёр сумын малчдад хохиролтой болчхож байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд 5000 орчим малчнаас судалгаа авсан. Судалгаагаар босго үзүүлэлтийг бууруулж өгөөч гэдэг саналыг хэлж байсан. Одоогийн байдлаар босго үзүүлэлт 6 хувьтай байна.  Үүнийг газарзүйн байршлаас нь хамаарч сум бүрээр нь салгаж өөр байдлаар тогтоохоор болж байна. Тэгэхээр зарим суманд 4 хувь, заримд нь 5 хувь, заримд нь 6 хувь гэх байдлаар тогтооно гэсэн үг.

Дэлгэрэнгүйг видео хэлбэрээр хүлээн авч үзнэ үү.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.