dobu.mndobu

2025 ОНЫ ТОЙМ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-29

2025 ОНЫ ТОЙМ

Сайнтай, муутай өдөр хоногууд өнгөрсөөрдахин нэг жилийг ардаа үдэж байна. Амьдрал  яг л өнөөхөөрөө үргэлжилж, утаатай, түгжрэлтэй, үертэй, хэрүүлтэй, тоггүй, усгүй байдал ээлжилсэн 365 хоногийн ард гарчээ. Гэсэн ч энэ өдрүүдэд өнгө нэмж, гэрэл гийсэн явдлууд цөөнгүй тохиолдож байв. Ийм л явдлуудаас баяр баясал, омогшил бахархал, итгэл үнэмшлийг мэдэрч хүнд өдрүүдийг давсан байх. Ингээд 2025 онд Монгол Улсад болж өнгөрсөн үйл явдлуудаас гэрэл гэгээтэйг нь тоймлон хүргэж байна.

ЭМЧ, БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР БОЛЛОО

Багш нар үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан ажил хаялт зарлав. Боловсролын сайдын зүгээс эдийн засгийн хувьд тийм боломж огт байхгүй гэж мэдэгдэж байсан ч багш нарын тууштай тэмцлийн дүнд үе шаттайгаар нэмсээр 3,5 саяд хүргэхээр болоод байна.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар боловсролын салбарт 93,5 мянган хүн ажиллаж буй. Тэдний цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50 хувиар, арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дахин 26 хувиар нэмэхээр Засгийн газрын тогтоол батлав.

Багш нарын ажил хаялтын дараа эмч нар ч мөн дуугарч эхлэв. Тэд цалингаа нэмүүлэхийг шаардан жагссан. Улмаар эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 34,7 мянган хүний цалинг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар, наймдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-н хооронд 9 хувиар нэмэхээр тогтлоо. Мөн шинжлэх ухааны салбарт ажиллаж буй 1800 алба хаагчийн үндсэн цалинг 50-иас багагүй хувиар нэмэгдүүлэхээр болжээ.

Багш, эмч нартай зэрэгцэн жагсаж, Төрийн ордны гадна суулт зарласан хүмүүс ахмадууд байв. Тэдний тэтгэврийг нэмээгүй ч зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 24 сар байсныг 36 болгон уртасгалаа. Ингэснээр тэдний сард төлөх зээлийн дүн багасаж буй юм.

ЭХ ОРНОО ДЭЛХИЙД ГАЙХУУЛЖ БУЙ УРЛАГИЙНХНЫ БУУХИА ТАСАРСАНГҮЙ 

Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлэн, далбаагаа мандуулж буй урлагийнхны буухиа ар араасаа үргэлжлэв.

Казахстаны нийслэл Астана хотноо болсон "Silk Way Star" олон улсын шоу тэмцээнд дуучин И.Мишээл амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ. И.Мишээлд 10 орны шүүгчид бүгд боломжит хамгийн дээд буюу 12 оноог өгсөн бөгөөд үзэгчдийн саналаар ч тэргүүлж чадсан юм. Тэрбээр өөрийн зохиосон МОНГОЛ хэмээх дуугаа дуулж, Монгол Улсаа дэлхийд алдаршууллаа. 

“Moon dance” хамтлаг Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Өмнө нь Стандарт бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байсан “Moon dance” хамтлагийнхан энэ удаад Латин бүжгийн ДАШТ-д хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-ий хос медальт хамтлаг боллоо.

Монгол Улсын Ардын жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин “Дуурийн Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг гурав дахь удаагаа хүртлээ. Тэрбээр анх 2020 онд анх удаа хүртсэн бөгөөд 2023 онд Германы Берлинд хоёр дахь удаагаа гардаж байсан юм.

МОНГОЛЧУУД СПОРТООРОО ДЭЛХИЙД НЭРЭЭ ГАРГАСААР...

Холимог тулаанч "The Tormentor" (Taрчлаагч) хочит Б.Энх-Оргил Netflix-ийн Physical Asia шоунд амжилттай оролцож олонд танигдан, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж өндөр оноо аваад байсан юм. Тэгвэл удалгүй тус шоуны дараа тэрбээр Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан “ONE Championship” холбооны аварга болж, эх орондоо аваргын бүсийг авчирсан юм. 2014 онд түүний багш Ж.Нарантунгалаг тус холбооны аварга болж байсан билээ. Ийнхүү тэрбээр 11 жилийн дараа багшийнхаа амжилтыг давтаж түүхэн амжилт үзүүлэв.

Сагсан бөмбөгийн спортоос залуу гавьяатууд төрлөө. Сагсан бөмбөгийн хамгийн өндөр зэрэглэлийн, дэлхийн түвшний албан ёсны тэмцээн болох “FIBA 3x3 World Cup нь 3×3” 2025 оны зургаадугаар сарын 23-наас 29-ний хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан билээ. Энэхүү тэмцээнд 20 эрэгтэй, 20 эмэгтэй баг дэлхийн өнцөг булан бүрээс FIBA-гийн онооны дагуу шалгарч оролцдог. Тэгвэл тус тэмцээнд манай эмэгтэй шигшээ баг алтан медалийн төлөө Нидерландын шигшээ багт 15:9-өөр ялагдаж, мөнгөн медаль хүртсэн нь энэ жилийн онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн байлаа. Тэмцээний дараагаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмэгтэй шигшээ багийн тамирчид болох М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарыг Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнасан юм. 

The MongolZ баг 2025 онд Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Монголын цахим спортын чадварыг батлан харууллаа. Тэд энэ онд оролцсон олон улсын тэмцээнүүдийнхээ ихэнхэд хагас шигшээд шалгарч, Саудын Арабад зохион байгуулагдсан “Esports World Cup 2025” дэлхийн цомын тэмцээний аварга болов. Үүний дараагаар "BLAST Bounty Fall 2025" дэд байрт орсон зэрэг нь багийн чансааг эрс өсгөв. Энэ бүхний үр дүнд тэд HLTV болон Valve-ийн чансаагаар дэлхийд нэгдүгээрт бичигдсэн нь Монголын цахим спортын түүхэнд онцлох амжилт боллоо. Зуны турш залуус төв талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газарт цуглан The MongolZ багийн тоглолтыг үүр цайтал үзэж дэмжсэн нь 2025 оны онцлох дүр зураг байв. Тэднийг Монгол Улсын үндэсний шигшээ багт багтааж, Монгол Улсын соёлын элчээр томилсон юм. 

Э.Цэндбаатар монголчуудын бахархалт хүү болов. МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд 14 дэх ялалтаа авч, босоо аварга боллоо. Тэрбээр Мексикийн боксчин Abraham Eduardo Montoya Torres-тай 10 үе тулалдаж оноогоор ялалт байгуулснаар дэлхийд чансаагаараа 17 дугаарт эрэмбэлэгдсэн юм. Ингэснээр тэрбээр Монголын ард түмний бахархалт хүү болж чадлаа.

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо.“Enjoy AI 2025” олон улсын уралдаанд Монгол Улсаас 56 бяцхан инженер оролцсоноос “Дрон кодчилол” төрөлд 14 настай Р.Ууганбаяр хүү Дэлхийн аварга болж бахархам амжилт үзүүллээ. 2025 оны арванхоёрдугаар сарын 5-нд Дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэд хуран цугларч, робот, кодчиллын ур чадвараа сорьсон юм. Үүний дараагаар тэрбээр “2025 оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан юм.

Барилгын талбайгаас Монголын анхны холимог тулааны эмэгтэй дэлхийн аварга төрөв. Барилга дээр ажиллаж тэмцээний зардлаа олдог хэмээн ярьж байсан Б.Алтанчимэг охин холимог тулааны Дэлхийн Аварга болж төрийн дууллаа эгшиглүүллээ. Улсын хоёр удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү Холимог тулааны спортоор Залуучуудын Дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин болов. Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдсөн Тбилисийн ДАШТ-д тэрбээр ийнхүү аваргалсан юм.

ТӨРИЙН ХИЙЖ ЧАДААГҮЙГ ЗАЛУУС ХИЙЖ, МОНГОЛ УЛСАА ДЭЛХИЙД СУРТАЛЧЛАВ

Netflix-ийн "Physical Asia" шоу тэмцээнд Монголын баг оролцож дэд байр эзэлсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа. Өмнөд Солонгос, Монгол, Япон, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин гээд нийт найман орны баг оролцсоноос манай Монголын баг Өмнөд Солонгосын багтай тунаж үлдэн хүч үзсэн билээ. Монголын багт Улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил, жүдо бөхийн ОУХМ А.Адъяасүрэн, волейболын ОУХМ Г.Хандсүрэн, МУГЖ, циркчин, уран нугараач Э.Лхагва-Очир, сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн нар багтсан юм. Тус нэвтрүүлгийн дараа бусад орны зарим тамирчин Монголд ирж, ахуй соёл, спорттой танилцан сурталчилсан. Мөн Netflix-ийн уран бүтээлчид Өмнөд Солонгосын болон Монголын баг тамирчдын хамтарсан "Physical: Welcome to Mongolia" тусгай дугаарыг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгоод буй. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.