dobu.mndobu

Үндэсний тусгаар тогтнолоо тунхаглан зарласан өдөр

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-29

Үндэсний тусгаар тогтнолоо тунхаглан зарласан өдөр

Өдгөөгөөс 114 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт хаанд өргөмжилсөн түүхтэй. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан билээ. 

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үеийн бахархан дурсах түүхт үйл явдал юм. Монголчууд XIII-XIV зуунд дэлхийн түүхийг тодорхойлж байсан хүчирхэг байдлаа алдсан нь хоорондоо зөрчилдөж, хагаран бутарснаас үүдэлтэй. Энэ нь Монгол төрийн баганыг хазайлгаж, Манж чин улсын эрхшээлд ороход хүргэсэн гэж түүхчид үздэг.

Монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнөө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ. 

Олноо Өргөгдсөн Монгол Улсын яам нь таван яамдаас бүрдэж байв. Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам Чин ван Минжиддоржийн Ханддорж /Одоогийн Гадаад хэргийн яам/, Цэргийн яам Эрдэнэ далай ван Ваанчигийн Гомбосүрэн /Одоогийн Батлан хамгаалах яам/, Сангийн яам Түшээ гүн Гадинбалын Чагдаржав / Одоогийн Сангийн яам/, Шүүх яам Эрдэнэ ван Мижиддоржийн Намсрай, Дотоод явдлын яам Да лам Цэрэнчимэд /одоогийн Хууль зүй, дотоод хэргийн яам/ нарын сайдтайгаар байгуулагдав. Эдгээр сайд нарын эрх мэдлийн зөрчилдөөний улмаас тэдний дээр ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг томилжээ.

Тиймээс УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зарлаж байв. Улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.
Өдгөө тэмдэглэлт өдрөөр Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн барилдааныг 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж, анхны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж байжээ.  

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.