dobu.mndobu

Карьераа орхиж, хоттой зууралдах “тэнэг” Х.Нямбаатараас өөр байна уу

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-30

Карьераа орхиж, хоттой зууралдах “тэнэг” Х.Нямбаатараас өөр байна уу

Олон л Хотын даргын нүүр үзэж, нийслэлд аж төрөхдөө Х.Нямбаатар шиг гал дундуур, хараал ерөөл ганзагaлан ажил хийхээр зүтгэсэн дарга хараагүй хэмээн ахмадууд ярьдаг. Үүнтэй санал нийлэх нь ч бий, нийлэхгүй нь ч бий байх. Үнэн зүйл гэвэл УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудал, өндөр карьераас бууж хэл амтай, эмх замбараагүй Хотын даргаар ажиллах “тэнэг” Х.Нямбаатараас өөр байхгүй. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойших 35 жилд Хотын даргаар Х.Нямбаатар хүртэл 13 хүн ажилласан. Ардчиллын анхны дарга Б.Энэбиш УИХ-ын дарга болтол дэвшиж ажилласан. М.Энхболд Ерөнхий сайд, УИХ-ын дарга болтол дэвшсэн гээд өдгөөгийн УИХ-ын гишүүн С.Амарсайхан Шадар сайд хүртэл бүгд л Хотын даргын суудлаар дамжин өндөр авсан байдаг. Ингэхийн тулд л Хотын даргын суудалд очдог байсан нь нууц биш. 

Том агуулгаар нь харвал Х.Нямбаатар эсрэгээр нь явж, “Хотын мафи”-тай тэмцэн, нийслэлд байгаа зөвшөөрөлгүй барилга байгууламжийг нураах, хууль бус барилга объектыг нийслэлийн өмчид бүртгэх, хууль бус авсан газруудыг нийслэлд авахаас эхлэн, карьер бүү хэл амь насанд халтай ажлыг эхлүүлсэн. Хамгийн наад зах нь ес эхэлчихсэн ид утааны цагаар Улаанбаатарын утаа илтэд буурсныг харж болно. Одоо бүсчилсэн хэлбэрээр хийн түлш туршихаар зэхсэн. Урьд өмнөх жилүүдэд хэчнээн зуун хүн угаартаж, хэдэн арван хүн нас барж байв. Өвлийн ид хүйтний үеэр хүн угаартсан, эндсэн мэдээлэл алга л байна. 

Замын түгжрэл эрс буураагүй ч нэмэгдээгүй. Яагаад гэхээр зам уулзваруудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Үүнээс гадна Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 километр авто замын ажлыг эхлүүлчихсэн, 2027 онд ашиглалтад өгнө. Улаанбаатар хот түүхэндээ анх удаа 500 тэрбумын бонд босгож, гацаатай байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станц руу 300 тэрбумыг нь хийчихлээ. Үлдсэн 200 тэрбумаас авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлийн ажилд 150 тэрбум, Ариутгах бохир усны Туул-1 коллектор болон үерийн байгууламжид 50 тэрбумыг зарцуулахаар болсон нь зоримог шийдвэр байв. Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан, эрчим хүчний асуудал ямар байгаа билээ. Өнөө маргаашгүй харанхуй болж, хөлдөхдөө тулчихсан байхад маш зөв шийдвэр болсон. 

Мөн “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны 2200 нэгж талбарыг чөлөөлж, 12 мянган өрхийн орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айл нь газраа чөлөөлсөн төдийгүй Ногоон нуур орчмын 1080 айлын орон сууцны хорооллыг ирэх онд ашиглалтад өгөхөд бэлэн болчихсон гэх мэт дурдаад байвал олон зүйл бий. Үүнээс гадна нийслэлд нэн шаардлагатай Метро, Трамбай, Тойрог зам, Тусгай замын автобус, Өөдөө тэмүүлэх гүүр, Олон түвшний уулзвар, Дүүжин замын тээвэр, Багахангай Хүннү чиглэлийн салбар төмөр зам, Хөнгөн төмөр замын тээвэр гэх мэтээс судлахыг нь судалж, боломжтойг нь эхлүүлчихсэн явна. Одоогийн нөхцөлд нийтийн тээврийн асуудлыг бол шийдчихсэн. Хэн ингэж зориглон хийсэн юм. 

Ийнхүү Х.Нямбаатарын нийслэлийг эмх цэгцэнд оруулахаас эхлэн томоохон бодлого, шийдвэр бүхэн хотын хэмжээнд ноёрхож байсан улс төр, бизнес бүлэглэлийн эрх ашгийг хөнддөг учраас түүнийг харлуулах ажлыг зохион байгуулдаг. Хамгийн наад зах нь Хогийн цэг шахуу болчихсон ТҮЦ-үүдийг буулгахад гаднын CU сүлжээ дэлгүүрт боломж олгож байна хэмээн турхирна. Иргэдийн ихэнх нь ойлгохгүй өнөөх л Хотын даргаа зүхнэ. Хот цэвэрхэн байх ёстой. ТҮЦ гэхээр л ар өврөөр хог хөглөрч, өтгөн шингэн холилдож байдаг газар байж болохгүй учраас үүнийг цэгцлэхээс өөр арга байгаагүй. ТҮЦ түүхэн үүргээ гүйцэтгэсэн, одоо болно.

Саяхан Х.Нямбаатар төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд, жолооч нарт ээлтэй систем бий болгож, аюулгүй, тухтай, стандартад нийцсэн, тогтсон үнэтэй болгохыг зорьсон. Ингэхдээ хувийн хэвшлийнхэнд боломж олгон, 26 хувь буюу 20 тэрбум төгрөгийг зургаан жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлөөр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргаж өгөхөөр төлөвлөсөн. Энэ нь такси үйлчилгээний бүх компанид нээлттэй. 

Гэтэл “UB cab” такси үйлчилгээний нөхөд гарч ирээд хувийн хэвшлийнхээ ажлыг Төр булаалаа. Х.Нямбаатар хятад машин Төрд шахах гэж байна хэмээн харлуулж эхэлсэн. Үнэн хэрэгтээ Төрийнхөө дээр шахам суучихсан “Эм Си Эс”-ийн такси үйлчилгээ юм билээ. Такси үйлчилгээ ч гэж дээ. “UB cab” нь ямар ч стандарт байхгүй, нийгмийн даатгал, татвар төлөхгүй, нэгдсэн зохион байгуулалт байхгүй, нэг ширхэг машингүй, такси баазгүй, нийгэмд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Дурын нэг нөхөр цахимаар бүртгүүлээд тэдэнд татвараа өгөөд өөрөө ашиг хүртэх үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар нийгмийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй зүгээр суугаад мөнгө олдог бүлэглэлийн эрх ашгийг хөндсөн. Энд мэдээж, С.Амарсайхан шиг, Ж.Батбаясгалан шиг НИТХ-аас ч юм уу, гудамжнаас нэг нөхрийг томилчхоогүй. Дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаас эхлэн, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга гэх мэт анхан шатнаас ажиллаж, УИХ-д хоёр удаа сонгогдон ажиллахдаа Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан хуульч хүний хувьд зангараг зааж, “Хотын мафи”-тай тэмцэж чадаж байна. Тиймдээ ч зоримог шийдвэр гарган, түүнийг хөрсөн дээр хэрэгжүүлж чадсан. Үүний нэг илрэл нь тэр нийслэлийн Засаг дарга болсон даруйд 60 гаруй хууль санаачлан батлуулж, үүнийхээ хөрс суурин дээр бүтээн байгуулалтаа ч төлөвлөсөн, хууль бус зүйлтэй ч тэмцэж эхэлсэн. 

Уг нь бол Х.Нямбаатараас өөр улстөрч нийслэлийн энэ эмх замбараагүй ажилтай зууралдаж, хүмүүсийн хэл амны бай болж явахгүй. Яагаад гэхээр тэр хаа нэг газраас даргын суудал дамжих гэж ирсэн хаяггүй нэгэн биш. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж, улс төрийн карьер нь ид өнгөлж явахдаа Хотын даргаар томилогдож ирсэн улстөрч. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.