dobu.mndobu

Ч.Ундрам: Монгол хоолыг шингэц, шим тэжээл сайтай, илүү дээр харагдах тал дээр ажиллана

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-07

Ч.Ундрам: Монгол хоолыг шингэц, шим тэжээл сайтай, илүү дээр харагдах тал дээр ажиллана

Засгийн газрын хуралдаанаар "Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэл тогтоох, олгох, хүчингүй болгохтой холбоотой журам"-ыг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2025 онд 850 гаруй мянган жуулчин хүлээн авч, Монгол Улс түүхэн дээд амжилтдаа хүрсэн. Ирэх жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой болон "COP17" арга хэмжээ болно. Мөн "Physical Asia" зэрэг Монгол Улсыг олон улсад сурталчилж байгаа залуучууд, иргэдийн дэмжлэгтэйгээр 1 сая жуулчин ирнэ гэдэг хүлээлт тавиад байна.

Энэ хүрээнд аялал жуулчлалын компаниудтай нэлээд олон удаагийн уулзалт хийсэн. Энэ салбарт хөнгөлөлттэй зээл зайлшгүй хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Цагаан алт, Хүнсний хувьсгал гэх мэт хөтөлбөрүүд бүгд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж байгаа. Үүн шиг бид энэ оны төсөвт аялал жуулчлалын чиглэлийн үйлчилгээ эрхлэх иргэнд хөнгөлөлттэй зээл олгохоор болж, зээлийн хүүгийн татаасыг нь улсын төсөвт суулгаж чадсан. Тиймээс арилжааны банкуудаар дамжуулан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 180 тэрбум төгрөгийн зээл олгоно. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт энэ салбарт орно гэсэн үг.

Аялал жуулчлалын салбар маш олон зүйлээс хамаардаг. Тиймээс зээлд тодорхой квот гаргасан байгаа.

Тухайлбал,

-Зочид буудал, амралтын газар байгуулах,

-Зам дагуух ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний газар байгуулах,

-Орон нутагт кофе шоп болон ресторан байгуулах,

-Орон нутгийн сувинер үйлдвэрлэгчдийг дэмжих,

-Орон нутгийн тээврийн компаниудыг дэмжих,

-Авиа компаниудын эргэлтийн хөрөнгөд гэсэн чиглэлүүдээр зээл олгоно. 

Миний хувьд татвар төлөгчдийн мөнгөөр янз бүрийн инфлүүнсер авчрахгүй. Бид саваа бэлдэх хэрэгтэй байна. Нэн тэргүүнд ариун цэврийн байгууламжийн асуудал шийдвэрлэнэ. Хоёрдугаарт, монгол хоолыг шингэц, шим тэжээлтэй, илүү дээр харагдах байдалд ажиллана. Гуравдугаарт, үйлчилгээний чанар, стандартад анхаарна" хэмээн хэллээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.