0

Наймааны хөгшин морь шиг гар дамжсан ХҮН нам, дарга Т.Доржханд “Манай нам парламентад суудалтай улс төрийн хүчин. Бид нар хүчтэй сөрөг хүчин” хэмээн цээжээ дэлдэж байгаа ч үнэндээ биш юм. Яагаад гэхээр Т.Доржханд эртнээсээ л МАН-ын халаасанд гүйгээд орчихсон хүн. Юун МАН-ын бодлого сөрөх, тэдний өөдөөс ч эгцэлж харж чадахгүй болсон хүн. Тиймдээ ч тус намын төлөөлөл, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Яагаад арга барил таарахгүй байна вэ гэхээр, би цомхон төртэй байхыг шаардаж байгаа” гэсэн бол мөн тус намын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг “Залуусын итгэл сэтгэлийг улс төрийн хөзөр болгож байгаа учраас энэ намаас гарлаа” хэмээсэн. Энэ мэтээр ХҮН намаас гарахаар төлөвлөж байгаа цөөнгүй залуус байгааг дуулгасан.
Үүн лугаа адил АН-ын дарга О.Цогтгэрэл ч МАН-ын хөнжилд шургачихлаа. Шинэ оны өмнөхөн МАН-аас Дэд сайдууд томилж, АН-аас томилогдсон Бүтээмжийн менежерүүдийг буулгасантай холбогдуулан, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдээд байсан бол өнөө энэ асуудал замхарчээ. Үүний цаана ямар нэгэн тохиролцоо байв уу, эсвэл шантааж байв уу гэдэг нь анхаарал татаж байна. Үүнээс гадна О.Цогтгэрэл дарга Засгийн газар, эрх баригчдаас оруулж ирж байгаа бүхий л асуудалд гараа өргөдөг. Төсвөөс эхлээд буруу зөрүү олон хууль тогтоомж УИХ-аар хэлэлцэн батaлж байгаа ч АН-ын даргад бурууг харах ухаан сэтгэл дутуу байгаагаа олон зүйл дээр батлав.
Хөөстэй баталсан төсөв орлого нь тасарчихсан, өмч хувьчлалын хуудуутай асуудал, инфляцын өсөлт, төгрөгийн ханшийн уналт, ард иргэдийн амьдралын уруу дорой байдал гээд олон зүйл бий. Гагцхүү Засгийн газраас өгч байгаа хөөстэй, худал статистикт л тулгуурлаж байна. Ийм нөхцөлд сөрж босож, сөгдүүлж мөргүүлэх байтал шуудхан л эрх баригчдын халаасанд гүйгээд орчихсон нь АН-ын даргын буруу. Ирэх 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно, залгаад УИХ, Орон нутгийн сонгууль болоход О.Цогтгэрэл дарга МАН-ын халаасанд тийчилж байгаад АН-ыг ялагдуулах нь тодорхой болчихлоо. АН сөрөг хүчин шиг ажлаа хийж, айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах, улмаар УИХ, Орон нутгийн сонгуульд ч олонх болох боломжоо нэгэнт алдчихлаа. Л.Гантөмөр АН-ыг нэгтгэж, УИХ-д 42 суудалтай болгож өгсөн ч ийнхүү О.Цогтгэрэл тараах нь тодорхой болов.
Уг нь энэ цаг мөчид МАН-ын нэр хүнд ихээхэн унасан. Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэрийг нь дэвшүүлэх нүүр бардам дүр байхгүй. Одоо яригдаж, санаархаж байгаа Ерөнхий сайд гэх хамгийн муу хувилбар. Өнгөрөгч 2024 оны сонгуульд өвдөглөчихсөн, МАН-ын даргад өрсөлдөөд унасан ч өнөөдөр хүчээр засаглаж байна. Яаж Ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм. Засгийн газар ч асар муу ажиллаж байгаа зэрэг том боломжуудын өмнө зогсож байгаа АН-ын дарга МАН-ын хөнжлөөс гарч чадахгүй аж. Тойргоос санал авч чадаагүй УИХ-ын дарга хэрхэн яаж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд амжилт үзүүлэх юм. Тэгээд ч намынхаа хурлаас санал авч чадалгүй унаж байгаа хүнийг гишүүд нь ч сонгохгүй биз. Ийм том боломжийг АН хэмээх том айл даргаасаа болж алдах гэж байна. Яахав, АН наймааны морь шиг гар дамжсан ХҮН нам шиг бол болно. Гэтэл Монголын улс төрийн зүүний магнайг эзэлж байгаа 30 гаруй жилийн түүхтэй том нам. Олон зуун мянган иргэдийн итгэл үнэмшил дээр тогтож байдаг нам.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.