dobu.mndobu

"Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална"

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-12

"Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална"

Ерөнхий сайд Г.Занданшатар болон Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б. Жавхлан тэргүүтэй ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн  Замын-Үүд суманд ажиллажээ.

Энэ үеэр авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлэх үзлэг, шалгалтын үйл ажиллагаатай танилцсан аж.

Мөн Замын Үүд сумын удирдлагууд, Гаалийн улсын байцаагч нартай уулзаж,  санал бодол солилцож, хил гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд цахим үйлчилгээг илүү өргөн хүрээтэй  нэвтрүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгаврыг өгчээ.

2023 онд авто замын боомтын  цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн байна. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байгаа  байна. 

Цахим шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны 5 дугаар сараас цахим гарцтай болжээ. Ингэснээр өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрч, тэр хэрээр нэг шалгагчид ногдох ачаалал буурсан байна. 

Цахимд 100 хувь шилжиж чадаагүй буюу хүний хамаарлыг бүрэн арилгаж чадаагүй нөхцөлд хяналт, шалгалтыг тогтмолжуулж, эрсдлийг хааж ажиллана гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо. 

Тэрбээр "Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Жишээ нь, Замын Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр 5 хүн ээлжилж ажиллаж буй нь тун хангалтгүй байна. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай. 

Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жил ирэх тусам суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч байна" гэв. 

Тиймээс Замын Үүд сумын удирдлагуудад 2026 оны  06 дугаар сарын 01-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүй байдлаас болж боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ гэв. 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум 25,000 орчим иргэнтэй. Үүнээс 5000-8000 нь түр оршин суугч юм байна. Замын-Үүд сум нь төсвөөс татаас авдаггүй харин эсрэгээрээ орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.