0

Буурал үсийг урьд өмнө нь зөвхөн хөгшрөлтийн шинж тэмдэг гэж үздэг байсан бол сүүлийн үеийн судалгаагаар энэ нь арьсны хорт хавдрын нэг төрөл болох меланомоос хамгаалах бие махбодын чухал хариу урвал байж болзошгүйг тогтоожээ.
Британийн The Sun сонинд мэдээлснээр, Японы Токиогийн их сургуулийн Анагаах ухааны хүрээлэнгийн судалгааны баг уг судалгааны үр дүнг танилцуулсан байна. Судалгааг профессор Эми Нишимура, туслах профессор Ясааки Мори нар удирдсан бөгөөд уг өгүүлэл олон улсын нэр хүндтэй "Nature Cell Biology" сэтгүүлд нийтлэгджээ.
Судалгаанд дурдсанаар, үсний уутанцарт орших меланин пигмент үүсгэдэг меланоцитын үүдэл эсүүд ДНХ нь хэт ягаан туяа болон хорт хавдар үүсгэгч нөлөөнд хүчтэй гэмтэх үед хоёр өөр зам сонгодог байна. Зарим эсүүд ДНХ-ийн ноцтой гэмтлийг “аюултай” гэж танин үржихээ зогсоож, устдаг бөгөөд үүний үр дүнд үс өнгөө алдан буурал болдог ажээ.
Энэхүү процесс нь “p53–p21 дохиоллын зам” хэмээх эсийн хамгаалалтын системээр зохицуулагддаг бөгөөд хорт хавдар үүсэхээс сэргийлэх байгалийн механизм гэж судлаачид тайлбарлаж байна.
Профессор Ясааки Мори “Үс бууралтах нь меланоцитын үүдэл эсийн хомсдолтой холбоотой бөгөөд энэ нь меланомын эсрэг хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг” гэжээ. Гэсэн хэдий ч зарим гэмтсэн үүдэл эсүүд энэхүү хамгаалалтын механизмаас зугтаж, амьд үлдэн мутацид орсноор меланома үүсэх эрсдэл нэмэгдэх боломжтойг судалгаанд онцолсон байна.
Профессор Эми Нишимура “Саарал үс ба меланома нь хоорондоо холбоогүй үзэгдэл биш, харин эсүүд стрессэд хариу үйлдэл үзүүлэх явцад гарч ирдэг хоёр өөр үр дүн” хэмээн тайлбарлав.
Судалгааны баг “Буурал үс нь хорт хавдраас шууд сэргийлдэг гэсэн үг биш” гэдгийг онцолж, баталгаагүй гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээний аргыг болгоомжтой хэрэглэхийг анхааруулжээ. Хэрэв биеийн байгалийн хамгаалалтын систем алдагдвал гэмтсэн эсүүд хорт хавдар болон хувирах эрсдэлтэй аж.
Эх сурвалж: Digital Times
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.