0

АНУ-д Эллистон Берри гэх 16 настай охин Adaptive Security болон Pathos Consulting Group компаниудтай хамтран хиймэл оюун ухаан ашиглан үүсгэсэн хуурамч зураг, тэдгээрээр дарамтлах, шантаажлах эрсдэлээс хэрхэн өөрийгөө хамгаалах талаар заах онлайн сургалт зохион байгуулж байна.
Берри 14 настай байхдаа ангийнх нь хүүхэд түүний нүцгэн зургийг хиймэл оюун ухаан ашиглан хуурамчаар бүтээж, бусдад тараасан хэрэг гарч байжээ. Тэр үед хаанаас тусламж авах, хуурамч зургуудыг хэрхэн устгуулах талаар мэдээлэлгүй байсан бөгөөд өөрийн нэртэй холбоотой зургийг олон нийтийн сүлжээнээс бүрэн устгахад есөн сар зарцуулсан байна.
Энэ явдлын дараа ийм төрлийн гэмт хэрэг дахин давтагдахаас сэргийлэх зорилгоор Берри өөрийн туршлага дээр үндэслэн бусдад мэдээлэл, мэдлэг түгээх сургалтыг санаачилжээ.
Сүүлийн үед хиймэл оюун ухаан ашиглан бэлгийн агуулгатай хуурамч, зураг бүтээж, ялангуяа өсвөр насныханд дарамт, шахалт үзүүлэх явдал эрчимтэй нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногт xAI компанийн Grok чатбот эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхдүүдийн хуурамч зургуудыг үүсгэхэд ашиглагдсан гэх шүүмжлэлд өртөж, зураг үүсгэх функцийг түр хугацаанд хязгаарласан байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын баталсан “Take It Down” хуулиар зөвшөөрөлгүй авсан болон хиймэл оюун ухаанаар хуурамчаар үүсгэсэн зургуудыг тараахыг гэмт хэрэгт тооцож, платформууд мэдээлэгдсэн зургийг 48 цагийн дотор устгах үүрэг хүлээсэн юм.
Берригийн хамтран зохион байгуулж буй онлайн сургалт нь дунд болон ахлах ангийн сурагчид, багш, эцэг эхчүүдэд зориулагдсан бөгөөд бэлгийн дарамт, шантаажийн схемийг таних, хохирогчдод туслах боломжит эх сурвалжууд, хууль эрх зүйн үр дагавар, хуурамч зургуудыг хэрхэн устгуулах аргуудыг багтаасан байна. Adaptive Security компани уг сургалтыг сургууль болон эцэг эхчүүдэд үнэ төлбөргүй санал болгожээ.
Adaptive Security компанийн гүйцэтгэх захирал Брайан Лонг “Энэ бол тоглоом биш. Хуурамч зураг үүсгэх нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хүмүүст бодитой, ноцтой хор хөнөөл учруулдаг” хэмээн анхааруулсан байна.
Харин Эллистон Берри “Сүүлийн нэг сарын хугацаанд ийм зүйл тохиолдсон охидын тоо цөөнгүй байна. Тиймээс мэдлэгээ нэмэгдүүлж, илүү ихийг сурч, бусдад түгээх нь хамгийн чухал” гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.