dobu.mndobu

Ерөнхий сайдаа Х.Ганчулуун нарын “хуульгүй” хурган даргаа зайлуулаач  

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-14

Ерөнхий сайдаа Х.Ганчулуун нарын “хуульгүй” хурган даргаа зайлуулаач  

Ерөнхий сайд Г.Занданшатар орон нутагт ажиллаж, зарим хууль бус үйлдэлд газар дээр нь арга хэмжээ авч байгаа. Саяхан Дорноговь аймгийн Замын-Үүдийн Гаалийн даргад газар дээр нь арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлчихлөө. Энэ мэт шударга, шуурхай ажиллаж хууль бус зүйлтэй тэмцэж чадвал нийгэмд гэрэл гэгээ тусна хэмээн иргэд олон нийт ч ихээхэн талархалтай хүлээн авч байна. Орон нутагт Төрийн хараа хяналтаас хол хууль зөрчиж суудаг, “хууль”-гүй хурган дарга цөөнгүй бий. 

Тэдний нэг бол “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит компанийн захирал Х.Ганчулуун. Уг нь тэрбээр Хэнтий аймгийн ИТХ-д иргэдээ төлөөлдөг гэх боловч 2021 оноос үндсэн ажлаа орхин, Улаанбаатар цахилгаан түгээх станцаас эхлэн ажиллахдаа эхнэрийнхээ нэр дээр байгуулсан “Ар хөв энерги” компаниараа дамжуулан тендер авсан гэдэг бол одоо “Мэнхэн тахилга” компаниар дамжуулан тендер авдаг гэх мэдээлэл ч байдаг. 

Үүнийг энэ удаад түр орхин, 2025, 2026 он дамжсан төсөл арга хэмжээг тендерийн болон төсвийн хууль зөрчин гүйцэтгэсэн. Тухайлбал, Хэнтий аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн барилгын ажлын төсөвт 2025 онд 550 сая төгрөг тусгаж, үлдсэн мөнгийг нь 2026 онд шилжүүлэх байсан ч 912 сая төгрөг шилжүүлсэн нь төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, мөнгө хэтрүүлэн шилжүүлж хууль зөрчсөн. Мөн 2025, 2026 он дамжин хэрэгжих Шуурхай ажиллагаа явуулах зориулалттай ажлын байрны төсвийг хэтрүүлж шилжүүлсэн зэрэг хууль зөрчсөн явдал бий. Энэ нь Х.Ганчулуун захирлын 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр гарын үсэг зурсан тушаал, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2026 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд бий.

Үүнээс гадна “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит компанид хууль зөрчсөн үйлдэл олон бий. Нэгэн жишээ дурдахад Ерөнхий инженерийн өрөө, Х.Ганчулууны Туслахын өрөөний засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх тендер зарласан ч тендер шалгаруулаагүй байхад ажлын байрны засварын ажил дууссан. Тухайн өрөөнүүдийн засварын ажил өнгөрөгч 2025 оны есдүгээр сарын 25-нд дуусаж, харин 2025 оны аравдугаар сарын 08-ны өдөр тендерт шалгарсан хоёр компанийн нэрийг зарласан. Гүйцэтгэгч нь тодорч, төсөв мөнгө нь шийдэгдээгүй байхад засвар үйлчилгээний ажлыг ямар мөнгөөр ямар компани гүйцэтгэв гэдэг нь хачирхалтай. Үүнээс харахад Х.Ганчулуун захирал өөрийн хамаарал бүхий компаниа аль эрт шалгаруулаад засвараа хийлгэсэн байна гэж ойлгогдож байна. Харин мөнгийг нь хаанаас гаргав гэдгийг ч шалгах ёстой. Энэ мэтээр Х.Ганчулуун захирал алхам тутамдаа хууль зөрчин ажиллаж байна. 

Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар Та Багануур хотод ажиллаж, тэр тусмаа “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” гэх мэт төрийн өмчит компаниудад байгаа энэ мэт хууль бус явдлыг нүдээр харж, чихээр сонсон, Х.Ганчулуун мэт захиралд газар дээр нь арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгж чадвал багануурчууд Танд ихээхэн талархах болно. 

Дашрамд дурдахад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа Хэнтий аймгаас хэдэн хүнийг Төрийн албанд өөд нь татсаны нэг нь Х.Ганчулуун. Тэр уг нь орон нутагт Нутгийн өөрөө удирдах байгууллагын Төлөөлөгч. Гэтэл хэнтийчүүдийн итгэлийг олж 2020, 2024 онд ИТХ-д Төлөөлөгчөөр сонгогдсон байтал таван жил төв суурин газарт хурган даргын суудалд залран, хууль зөрчиж явна. Хэтдээ аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын Төлөөлөгч нарыг ямар нэгэн албанд томилдоггүй, үндсэн ажлыг нь хийлгэх шаардлага тулгараад буй. УИХ-ын гишүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу сайдын алба хашдаг болохоос аймаг хошуу алгасан өөр алба хашаад байдаггүй биз дээ.  

 

С.Данзан
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.