dobu.mndobu

Грийнланд АНУ-аас илүүтэй Данийг сонгоно гэдгээ мэдэгдэв

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-14

Грийнланд АНУ-аас илүүтэй Данийг сонгоно гэдгээ мэдэгдэв

Грийнландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен хэрэв ард түмэн нь “энд, одоо сонголт хийх шаардлагатай бол АНУ-ын оронд Дани улсыг сонгоно” гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ байр сууриа Данийн Ерөнхий сайд Метте Фредериксентэй хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг нэгтгэх талаар дахин мэдэгдэл хийснээс хойших хамгийн хатуу байр суурь болж байна.

Трамп “Грийнланд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой бөгөөд Орос, Хятадаас хамгаалахын тулд “-эзэмших шаардлагатай” хэмээн удаа дараа мэдэгдсэн. Цагаан ордон өмнө нь арлыг худалдаж авах санал тавьж байсан төдийгүй хүч хэрэглэх хувилбарыг ч бүрэн үгүйсгээгүй юм.

Харин НАТО-гийн гишүүн Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен цэргийн хүч хэрэглэх аливаа оролдлого нь Атлантын далай дамнасан батлан хамгаалах эвслийг задлах аюултай гэж анхааруулжээ. Тэрбээр Копенгаген хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр “хамгийн ойрын холбоотны зүгээс ирж буй хүлээн зөвшөөрөх аргагүй дарамт”-ыг буруушааж, нөхцөл байдал улам хүндрэх магадлалтайг онцолсон байна.

Ерөнхийлөгч Трамп Нильсений мэдэгдлийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Энэ бол тэдний асуудал. Би түүнтэй санал нийлэхгүй. Энэ бол түүний хувьд том асуудал болно” гэжээ.

Хүн амын нягтрал багатай ч Грийнланд нь Хойд Америк ба Арктикийн стратегийн огтлолцолд байрладаг бөгөөд пуужингийн довтолгооноос эрт сэрэмжлүүлэх систем, хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах чухал байршилд тооцогддог. АНУ Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Грийнландын баруун хойд хэсэгт байрлах Питуффик баазад 100 гаруй цэргийн албан хаагчийг байнга байршуулсаар ирсэн бөгөөд одоогийн гэрээний дагуу цэргийн тоог нэмэгдүүлэх эрхтэй.

Гэсэн ч Трамп одоогийн түрээсийн гэрээ хангалтгүй бөгөөд АНУ “өмчлөх эрхтэй байх ёстой” хэмээн мэдэгдэж, НАТО үүнийг ойлгох ёстой гэж хэлсэн нь олон улсын анхаарлыг татав.

Грийнландын Ерөнхий сайд “Бид геополитикийн хямралтай нүүр тулж байна” хэмээж, “Грийнланд АНУ-ын эзэмшилд байхыг, АНУ-ын удирдлага дор орохыг, мөн АНУ-ын нэг хэсэг болохыг хүсэхгүй” гэж тодорхой мэдэгдлээ.

Энэ мэдэгдлийн дараа Европын томоохон орнууд болон Канад, Данийн НАТО-гийн холбоотнууд “Дани, Грийнланд хоёр л харилцааныхаа асуудлыг шийдэх эрхтэй” хэмээн дэмжиж буйгаа илэрхийлж, НҮБ-ын дүрмийн дагуу бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг уриалжээ.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөс хайлж, Грийнландын ховор элемент, уран, төмөр зэрэг байгалийн нөөц баялагт хүрэх боломж нэмэгдсэн нь геополитикийн сонирхлыг улам хурцатгаж байна. Эрдэмтэд мөн газрын тос, байгалийн хийн ихээхэн нөөц байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.