dobu.mndobu

"Миний бурхан цагаан машинд суусан хүн болгон маш их гоё сайхан хүлээж авдаг, зарим нь бүр зориод хайж ирдэг"

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-15

"Миний бурхан цагаан машинд суусан хүн болгон маш их гоё сайхан хүлээж авдаг, зарим нь бүр зориод хайж ирдэг"

Такси бол зүгээр нэг зорчих хэрэгсэл биш. Зарим хүний хувьд энэ бол дулаан яриа, үнэгүй тамхи, чихэр, урмын үг, бүр амьдралын итгэл найдвар өгдөг орон зай. Батчулууны Оюунцэцэг бол 24 цагийн турш жолооны ард сууж, мянга мянган хүнд инээмсэглэл, тус дэм түгээж яваа эмэгтэй. Өөрийнхөө хөдөлмөрөөр хуримтлал үүсгэж, 50 нас хүртлээ 50 айлыг гэр оронтой болгох зорилготой түүний амьдралын замнал, хүнлэг сэтгэлийн тухай ярилцлаа.

– Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
– Намайг Батчулууны Оюунцэцэг гэдэг. Би амьжиргааны цагаан машинаараа такси үйлчилгээ үзүүлж, давхар ачаа ачдаг. Таксинд одоо 3 дахь жилдээ явж байна. “Mini Truck Mongolia” клубт нэгдээд мөн 3 жил болж байгаа. Манай хамт олон маш гоё, эв нэгдэлтэй, найрсаг хүмүүс бий. 24 цагаар өдөр болгон таксинд явж, ачаа ачдаг.

Миний “бурхан цагаан” машинд суусан хүн болгон маш их гоё сайхан хүлээж авдаг. Зарим нь бүр зориод хайж ирдэг. Орж ирсэн хүн бүрээс “ямар тамхи татах вэ, чихэр идэх үү, бохь зажлах уу, ямар хөгжим сонсох вэ” гэж асуудаг. Учир нь би зүгээр л өөрийн “хүнээ” олшруулж, сайхан энерги түгээхийг хүсдэг.

– Та үйлчлүүлэгчдэдээ гарын бэлэг өгдөг гэж сонссон, энэ талаараа та яриач
– Тийм ээ. 20 мянган төгрөгөөс дээш явсан хүн болгонд янмалын оймс бэлэглэдэг. Мөн куртканы ханцуй бохирдохоос хамгаалдаг хөөрхөн ханцуйвч өгдөг. Цаашдаа ч таксинд суусан ч бай үйлчлүүлж буй бүх хүмүүст гарын бэлэг өгнө гэсэн бодолтой байна.

– Та таксинд явж байхдаа тамхи татдаг хүмүүст үнэгүй тамхи санал болгодог гэсэн талаараа яриач
– Одоогоор 42 нэр төрлийн тамхи бий. Хүн бүр өөр өөр тамхи татдаг болохоор цуглуулсан. Зарим хүмүүс харчхаад “яагаад тамхины хайрцаг цуглуулдаг юм” гэдэг. Тэгээд л би хайрцаг биш ээ, тамхи гэж санал болгодог.

Миний машинд суусан хүн болгон ая тухай, өөрийнхөөрөө тамхиа татаж тухтай үйлчлүүлээсэй гэж бодсон болохоор аль болох ая тухыг нь хангахын тулд тамхи татдаг хүмүүст зориулж урдаа тамхи тавьсан байгаа. Үүнээс орж ирсэн хүн болгон үнэгүй тамхи аваад татах боломжтой. Мөн хүүхдүүд орж ирвэл бохь, модон чихэр санал болгож өгдөг.

– Мартагддаггүй дурсамжаасаа хуваалцахгүй юу?
– Нэг удаа 100 айлын уулзвар дээр, өвлийн хүйтэнд түгжрэл дунд нэг залуу цэцэг барьчихсан гүйж ирээд миний машинд суусан. Би гэдэг хүн чинь сандраад машиныхаа паараа нэмээд л даарсан байх гэж гэж бодсон доо. Тэгсэн тэр залуу “Би чамтай таарахыг маш их хүссэн, энэ цэцгийг чамд өгье” гээд буугаад явсан. Тэгээд л гэнэт замд түгжрэл дунд цэцэг авсан тэр мөч үнэхээр гоё дурсамжтай байсан.

– Та өдөрт хэчнээн хүн тань руу залгадаг вэ?
–Ихэвчлэн 100 гаруй хүн над руу залгаж холбогддог. Гэхдээ тэгээд 100 гаруй хүнээс үйлчлүүлж байгаа нь 2-3 хүн л байдаг. Заримдаа бүр ажилгүй өнгөрөх ч тохиолдол гардаг. Гэхдээ хүмүүс сүүлийн үед хүмүүс их залгаж холбогддог болсон. 

– Машиныхаа хаалганы хажууд байршуулсан рекламынхаа тухай тайлбарлавал
– Аан энэ тухайд манай 2 дахь ах маань автын цахилгаан хийдэг болохоор намайг өдөр болгон хөдөө гадаа явдаг болохоор чиний машины хажууд рекламынхаа зарын салбарын байршуулж тавья хүмүүс их харна гээд наасан юм. Гэхдээ энэ чинь үнэгүй биш ээ ах маань надад сар болгон 500 мянган төгрөг цалин гэж өгдөг. Нэг хаалга нь 250 мянган төгрөгөөр бодож сар болгон ахаасаа 500 мянган төгрөгийн цалин авдаг даа.

– Бага нас, амьдралынхаа хүнд үеэс яривал?
– Багадаа эцэг эхээ алдаж, амьдралын хатуу хэцүүг үзэж л явлаа. Айлаар үнээ мал сааж, айлын мал хариулахаас эхлээд бүгдийг нь хийж явж байсан. Өөрийн гэсэн гэр оронгүй айлд толгой хорогдож явах ямар байдаг талаад маш сайн мэднэ.  Анх 24 жилийн өмнө Архангайн Хайрхан сумаас нялх хүүхэдтэйгээ Улаанбаатарт ирээд очих газаргүй, Баянзүрх захын орцонд хоёр шөнө хонож үзэж байсан. Тиймдээ ч одоо сайн үйлсийн аян хийж 20 гаруй айлыг гэр оронтой болгож, удахгүй 21 дэх айлаа гэр оронтой болгохоор төлөвлөж байна.

– Сайн үйлсийн аян хийж, хүмүүст гэр бэлэглэхдээ, хамгийн анх гэр бэлэглэж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач
–Орцны жижүүр хийж байхдаа 4 өнчин хүүхэдтэй эгчид гэр бэлэглэж байсан. Тэр үед гар утас ховор, Nokia 3310 барьдаг хүн баян гэгддэг байлаа. Би гэдэг хүн гэдэг хүн чинь гар авах хэмжээнд хүрэхгүй болохоор хүнд тусалж сайн үйлс хийе гэж бодоод 4 хүүхэд эгчид анхныхаа гэр бэлэглэж байсан. Надад мах баярлаж талархсанаа хэлж, уйлж билээ. Одоо хүртэл холбоотой байдаг. Өвөл түлээ, нүүрс дөхүүлж өгч тус болдог доо. Эхлээд эгчид гэр бэлэглэчхээд дараа нь би өөрөө гэртээ болно гэж бодож явсны эцэст өөрөө ч гэр оронтой болж, хүүхдүүдтэйгээ хоёр идэхгүй хоосон хонохгүй сайхан амьдарч байна.

– Одоогоор хэчнээн айлыг гэр оронтой болгосон бэ?
– Улаанбаатар хотод албан ёсоор 20 айлыг гэр оронтой болгосон. Албан бусаар гэвэл 22 айлыг гэр оронтой болгосон. 2 айлыг яагаад оруулахгүй хасаад байгаа гэвэл ойр дотнын хамаатныхаа 2 хүнийг гэр оронтой болгосон юм. Тэгээд хамаатан гэсэн утгаараа хасаад албан тоондоо оруулахгүй байгаа. Энэ оноос эхлээд хөдөө орон нутагт байдаг хүмүүсийг түлхүү гэр оронтой болгоно гэж бодож байна.

– Та санхүүгээ яаж зохицуулдаг вэ?
– Би гурван хуримтлалын данстай. Өдөр бүр нэг данс руугаа 10 мянгыг (гэр орон, сайн үйлсийн аянд), нөгөө хоёр руу нь хүүхдүүдийнхээ хуримтлалд тус бүр тав таван мянган төгрөгийг татдаг. Санхүүгээ 100 хувь өөрөө гаргадаг болохоор хуримтлал сайн үүсгэж байхгүй бол болохгүй гэж боддог до. Хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулаад бас өдөр болгон 5 10 мянган гэлтгүй хуримтлалынхаа дансанд хийдэг.

– Эцэст нь та юу хэлэхийг хүсэж байна вэ?
– Миний машинд суухыг хүсдэг, надаар үйлчлүүлдэг бүх хүнд баярлалаа. Аав, ээж минь маш сайн хүмүүс байсан. Даанч бага балчир байхад минь биднийгээ орхиод тэнгэрийн орон луу явсан болохоор том ах минь  дөрвөн өнчин дүүгээ хүн болгосон. Ах минь 8 дугаар ангиа төгсөөд бааранд DJ хийж, айлын мал хариулахаас эхлээд бүгдийг нь хийж 4 өнчин дүүгээ сайн хүн болгож хүмүүжүүлсэн. Тиймээс том ахдаа маш их хайртай шүү гэж хэлье. Тэнгэрээс ээж минь хараад баярлаж байгаа гэж боддог. Ер нь хүн зөв л зүйл хийх ёстой шүү.

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.