dobu.mndobu

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг цагдан хорилоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-19

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг цагдан хорилоо

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, сайдаар ажиллаж байгаад "ТЭЦ-4" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байсан Н.Тавинбэхийг эрчим хүчний хөнгөлөлттэй зээлийн төслийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байдаг. Цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөөдөр (2026.01.19) өглөө 09.00 цагт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж, шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, Н.Тавинбэх болон түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

Үүнтэй холбогдуулан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс дараах тоймыг гаргажээ.


Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Н.Тавинбэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Тус шүүхэд яллагдагч Н.Тавинбэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба прокурорын саналын үндэслэл болсон яллагдагчийг цагдан хорих дээрх үндэслэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагч Н.Тавинбэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.


Сануулахад, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас 2 аж ахуй нэгж, МУ-аас 1 аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, Зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.