dobu.mndobu

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Лхагважав нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах уу 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Лхагважав нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах уу 

    “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг 2025 оны Монгол Улсын төсөв эцэстээ Засгийн газраа огцруулах хэмжээнд хүртэл тулж мэдэхээр байна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин МАН дотор сөрөг хүчин болсноо төсвийн хэлэлцүүлгийн үеэр ил болгосон юм. 

Тэрбээр “МАН: 2.1.1. Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна. АН: 5.1.3. Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана. ХҮН: 1.4.5. … төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтална. 

Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60 хувь нэмэгдүүлж, ДНБ-ны 37.7 хувь болгож нэмэгдүүлэхээр төсвийн төсөл оруулж ирсэн. Төсвийн урсгал зардал 2023 оноос 53 хувь буюу 9 их наядаар нэмэгдэнэ. Үүнийг санхүүжүүлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгжүүд 31.9 их наяд төгрөг буюу 2023 оноос 49 хувь илүү (10.5 их наяд) татвар, НДШ төлөхөөр тусгажээ. Бараг бүх иргэд, аж ахуйн нэгжүүд нь зээлээс зээлийн хооронд, цалингаас цалингийн хооронд гундуухан явахад ийм өндөр төсвийн тэлэлт хийхийг яагаад ч дэмжихгүй. 

Компаниудын НӨАТ-ын өр ковидын өмнөх үеээс 3.6 дахин нэмэгдэж 540 тэрбум төгрөг болсон, татварын алданги, хүү, торгууль 2023 оны байдлаар 3 жилийн дотор 3.5 дахин нэмэгдсэн байна. Ийм хүнд үед төсвийг тэлж татвар төлөгчдийн ачааллыг нэмэхгүй байхыг, мөн дөрөвхөн сарын өмнө хэлсэн ярьснаасаа буцахгүй байхыг МАН 68, АН 42, ХҮН 8 гишүүддээ уриалж байна, сонгогч та бүхэн ч бас төсвийн зардлыг нэмэх хүсэлтийг гишүүддээ гаргахгүй байхыг уриалж байна. Уг нь Засгийн газар энэ амлалтаа хэрэгжүүлбэл тулгамдсан маш олон асуудлууд шийдэгдэнэ. Сонгуулиар юу амласныг нь сонгогчдынхоо өмнөөс тууштай сануулж, шахах болно” хэмээн мэдэгдсэн. “Хэрэв төсөв дээр эсрэг байр суурьтай байгаа гээд намын бүлгийн гишүүнээс хасвал хасна биз” хэмээн хэлээд авна лээ. 

Тэгвэл өчигдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийж, данхайсан төсвийг бүрдүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүд бүсээ тасартал зүтгээд ч дийлэхгүй. Татварыг 10.5 их наядаар нэмэх шийдвэрийг дэмжихгүй гэсэн юм. Харин иргэдийнхээ амьдралаас тасарсан МАН-ынхан Д.Энхтүвшин гишүүн шоудаж байна хэмээн гөрдөж эхэлсэн. Хөрсөн дээр буусан бодит амьдрал, өнөөдрийн нийгмийн толины тусгалаа ч МАН-ынхан олж харж чадахаа байсныг түүн рүү чиглэсэн дайралтуудаас харж болно. Намын бүлгийн гишүүнээс “хөөгдөх” хүртэл эрсдэл үүрч ийм шийдвэр гаргаж, бизнесийн салбарын төлөө дуу хоолойгоо хүргэж байгаа түүн рүү амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй, компани удирдахын хатуу, хөтүүг мэдэхгүй хүмүүс ноцож байна лээ. 

Тэгвэл унаж, босож, шатаж үзсэн ч шантарч үзээгүй бизнесийнхэн дуу хоолойгоо нэгтгэн үгээ хэлэв. Төсвийн урсгал зардал нэмэгдэж, хэт үрэлгэн төсвөө танах ёстой гэсэн юм. МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байсан МАН-ын Бага хурлын гишүүн Б.Лхагважав “Танхимын экс ерөнхийлөгч маань парламентад баялаг бүтээгчдээ төлөөлж байгаа. Тэр утгаар нь МАН урьж оруулсан байх гэж бодож байна. Тэгээд молигодсон байна лээ. 

Татварын тоо хэмжээг нэмээгүй байхад татварын орлогыг 10 их наядаар нэмэгдүүлнэ гэдэг чинь биднийг илүү дарамталж, боолчилно гэсэн үг. Энэ дарамт, дарангуйллаас гаръя. Дарамтыг бид дийлэхээ больж байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах арга хэмжээ авна. Биднийг дарамталж авсан татварыг төлөхгүй байх эрхтэй” хэмээн мэдэгдэв. Б.Лхагважавын хувьд МАН-ын гишүүн хэдий ч бизнесийн эрх зүйн орчныг хамгаалахын тулд намынхаа үе үеийн дарга нартай үзэж ирсэн. Энэ удаа намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулна гэж хэлсэн нь сэтгэл хөөрлөөр хэлчихсэн үг биш хэмээн үзэх хүмүүс байна. Түүний хэлсэн үг бизнесүүдээ хамгаалахаар дуугарсныхаа төлөө намынхандаа зүхэгдэж яваа Д.Энхтүвшингээ өмөөрч хэлсэн үг. Магадгүй Д.Энхтүвшин гишүүний үг ч байж мэднэ.

МАН-д хамгийн том эрх мэдлийг авч, ямар ч хүнийг өмнөөсөө дуугарч чадахгүй болгосон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өмнөөс “Огцруулна шүү” хэмээн дуугарсан хүн нь Б.Лхагважав болж байна. Л.Оюун-Эрдэнэ ингэтлээ томорч, эрх баригч намынхан тэр хэрээр жижгэрсэн нь харагдана. МАН-ын гишүүд кноп дардаг л үүрэгтэй байсан бол танхимын экс дарга нар Засгийн газрыг огцруулна гээд хэлээд авч байна. Тэдний энэ үг, үйлдэл Л.Оюун-Эрдэнэд дургүйдээ бус өдрөөс өдөрт жижгэрсээр байгаа бизнесийнхэнээ хамгаалж хэлсэн үг. Тиймээс бизнес эрхлэгч нар эрх мэдэлтэй Л.Оюун-Эрдэнийн талд бус өөрсдийнх нь төлөө дуугарч байгаа Д.Энхтүвшин, Б.Лхагважав нарын талд гарч зогсох нь гарцаагүй. Бизнесийнхэн ийм л амь нэгтэй. 

Тиймээс данхайсан төрийн үрэлгэн зардалдаа цэг тавь, 10 их наядаар нэмэгдүүлэх татварыг дэмжихгүй гэсэн тэднийг буруутгах  ямар ч үндэслэл байхгүй. Амьдралаас тасарч, иргэн, аж ахуйн нэгжүүдийнхээ нөхцөл байдлыг мэдэхгүй ийм төсөв тэвэрч оруулж ирсэн Сангийн сайд Б.Жавхлангийн ч буруу бий. Гэхдээ Ерөнхий сайдынхаа ард нуугдчихаад ил гарахгүй амиа хоохойлж байгаа Б.Жавхлангаас эхлээд хариуцлага тооцох цаг болж байна. 

“Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцруулна” гэж мэдэгдсэн тэр цагаас хойш бизнесийнхэн энд тэнд уулзаж, утсаар ярьж, эрх зүйн орчноо дээшлүүлэх, төрийн дарамтаас гарахын тулд үзэл бодол, хүчээ нэгтгэх ёстой хэмээн яриад эхэлсэн нь хоосон цуу, хов үг биш гэдгийн эхлэл байж мэдэх юм. 

Р.ЖАРГАЛ

Хуваалцах:

|
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

5 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

3 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

5 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.