0

Он гарснаас хойш 13 иргэн осголтын улмаас амь насаа алдсан харамсалтай мэдээлэл цагдаагийн ерөнхий газарт бүртгэгджээ. Хүйтний эрч нэмэгдсэн эдгээр өдрүүдэд цагдаагийн байгууллагад осгосон байдалтай нас барсан 4 иргэн, осгосон байдалтай олдсон гэх 2 иргэн мөн осголттой холбоотой 6 дуудлага бүртгэгджээ.
Дээрх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар 47-67 насны иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гудамжинд болон хашаандаа осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Харин осгосон байдалтай олдсон хоёр иргэний хувьд мөн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болж гудамжинд хөдөлгөөнгүй удаан хугацаанд байсны улмаас гарын сарвуу, хөлийн тавхай хэсэг нь осгосон байдалтай эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.
Өнгөрсөн 2025 онд осголт, хөлдөлтийн улмаас иргэд амь насаа алдсан гэх нийт 141 хэрэгт мөрдөн шалгалтын ажиллагааг явуулсан байна.
Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.