dobu.mndobu

Р.Даваадалай: Байгаль хамгаалагчдыг "амьд байна" гэхэд өөрийн эрхгүй нулимс урссан

Р.Даваадалай: Байгаль хамгаалагчдыг "амьд байна" гэхэд өөрийн эрхгүй нулимс урссан

Намайг Р.Даваадалай гэдэг. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын зүүн хойно байх Жаргалант гол хавиар манайх зусдаг байлаа. Сүүлийн үед “Хөлддөггүй гол” гээд өвлийн улиралд жуулчид шавах болжээ. Өмнө нь төдийлөн тоодоггүй байсан би олон хүн шуурах цагт л дэндүү үзэсгэлэнтэйг нь мэдэрсэн юм. 

Би Улаантайгын УТХГ-т олноо алдаршсан Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын байгаль хамгаалагчаар ажилладаг. Багшийн Дээдийн Математикийн багшийн ангиа орхин цэргийн алба хаагаад, нутагтаа ирэн анх 22 насандаа байгаль хамгаалагч болсон юм. 2017 онд эчнээгээр байгаль хамгааллын мэргэжлээр сурч төгсөхөд иргэдийн мэдээлэл хомс, хяналт шалгалтаар явахад олон эсэргүүцэлтэй тулгардаг байв.

Хэдэн жилийн өмнө ирвэсийн эргүүл, судалгаагаар камер тавихаар манай захиргаанаас зургаан хүн явав. Бид үүргээ хуваарилан, би нэг ахтайгаа камер байршуулахаар уул, хад асгаар өдөржин яваад ширүүн бороонд дарагдан осгохын наана гал дээрээ харуй бүрийтэй уралдан ирлээ. Гэтэл дарга, мэргэжилтэн хоёр ирчихсэн, нөгөө байгаль хамгаалагчид маань байдаггүй. Шөнө нь уулаараа цас орж хоноход ч ирсэнгүй. Өглөө нь дарга дуудаад тэр хоёр амь эрсэдсэнээс гарцаагүй гэхэд дотор пал хийгээд л явчхав. Санамсаргүй байдлаар хөл алдахад өндөр хад асга дундаас амьд гарах боломжгүйг бид бүгд мэдэж байгаа ч дотроо амьд байгаасай хэмээн залбирсаар. Бүгд эрж хайхдаа бэлдэж, ачаа тээшээ цэгцлэн би түлээгээ бэлдэхээр явж байтал нэг байгаль хамгаалагчийн долгионы станцад сүлжээ тааран түчигнээд эхэллээ…

Тэр хоёрын нэг нь дөнгөж 18 настай айлын ганц балчирхан хүү байсан юм. Хэсэг чимээгүй байсны дараа манай хоёр амьд байна гэх мэдээ сонсогдож, өөрийн эрхгүй нүднээс нулимс урсаад эхлэв. Шөнийн бороонд аюултай хэмээн хонгилд хоносон байх нь тэр. Энэ мэтчилэн бидний амь нас дээсэн дөрөөн дээр байх үе олонтой. Хүн болгоны хийдэггүй ажил юм даа. Анх ажилд ороход анчдын мөр л цухуйдаг байсан тайга минь одоо хандгай буга эмээсэн шинжгүй хажууд урамдан гарч ирэх ямар сайхан гээч. Өвөг дээдэс маань онгоноор нь байгалиа үлдээж байхад бид үр хойчдоо дордуулж өгч болохгүй шүү дээ. Бид хойч үедээ өртэй хүмүүс. Байгалиа сайхнаар нь хадгалж, өвлүүлэх нь тэр өрөө төлж буй хэрэг юм даа.

Эх сурвалж: National Park Academy

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.