0

Өнөөдөр гэрэл цахилгаан хязгаарлахаар сая мэдсэн юм шиг УИХ-ын гишүүн Ө.Шижир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах гарын үсэг цуглуулж, Ерөнхий сайдад өргөн барихаа мэдэгдлээ. Одоо хэн нэгнийг огцруулаад өөр нэгийг томилоод нэмэргүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Т.Доржханд, Б.Чойжилсүрэн хоёрын оронд бурхан байгаад ч нэмэргүй болсон. Яахав, Ө.Шижир гэх улстөрчийн акц л биз. Түүнээс эрх биш мэдэх байх.
Ерөөсөө гэрэл гэгээ тасарч, гал алдахдаа тулчихсан нөхцөл нь Дулааны цахилгаан станцын хуучирч муудсан тоног төхөөрөмж шүү дээ. Аль эрт хугацаагаа дуусгасан Дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмжийг алт шиг гартай хэдэн инженер техникийн ажилчид л ажиллуулж байгаа учраас өнөөдөр Улаанбаатар хот гэрэл гэгээтэй, гал хөстэй яваа юм. Түүнээс аль эрт хот харанхуй хөлдүү байх хэмжээнд хүрсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Шинээр эх үүсвэр барьж чадахгүй байгаа бол ядахад байгаагаа нөөцтэй болгочих л доо. Энэ мэт тулгамдсан асуудлынхаа эх үүсвэрийг ярихгүй байж тэрийг огцруулна гээд улс төр хийх юм. Ёстой л “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгч болж байна.
Энд Б.Чойжилсүрэнг өмгөөлөх гэсэнгүй. Энэ нөхөр Эрчим хүчний сайдаар хоёр удаа томилогдон ажиллахдаа манай Дулааны цахилгаан станц дээр нөхцөл байдал ийм байна. Энэ оны төсөвт нөөц эх үүсвэрийн хөрөнгө мөнгө суулгаж өг гээд гүйхгүй яасан юм. Сайд дарга нар, УИХ-ын гишүүд нь ойлгохгүй байсан бол газар дээр нь чихдэж авчирч байгаад ч болтугай арга хэмжээ авахгүй яасан юм. Сайд даргын сунгаа болохоор бүлэг фракц үүсгэж, мөнгө төгрөг барьж гүйж байгаад л сайд болчихдог. “Хурд” компанидаа тендер авах болохоороо хэнтэй ч хэл амаа ололцоод бүхий л зүйлийг хамчихдаг биз дээ. Ганц нөөц зуухтай болоход тийм хэцүү асуудал биш. Сайд болох гэж, тендер авах гэж олон удаа өгсөн авлигын чинь мөнгөн дүнд хүрэх үү, үгүй юу л асуудал. Тэгэхээр Б.Чойжилсүрэнг огцруулах нь бол зүй ёсны хэрэг. Заавал ажил хойш татаж сайд дарга байх гээд яадаг юм. “Хурд” компанидаа очиж бизнесээ хий л дээ.
Нөгөө талаар Шадар сайд Т.Доржханд гэж ажил амьдрал мэдэхгүй нөхөр “Хоёр жилийн дараа эрчим хүчээр өөрийгөө хангаж чадаагүй, эрчим хүчний экспортыг эхлүүлж чадаагүй бол өөрөө би хариуцлагаа хүлээгээд улс төрөөс явахад бэлэн байна” гээд цээжээ дэлдээд байсан. Явна уу, байна уу хэнд хамаатай юм. Эрчим хүчний шинэчлэлийн гэх төсөвтэй хөрөнгөтэй хороо байгуулаад ажиллаж байгаа ч үр дүн нь өнөөдрийн байж байгаа царай. Нэгэнт нөхцөл байдлыг мэдсээр байж тартагт нь тулгасан нөхрийг зайлуулах хэрэгтэй. Улс төр хийх болохоороо МАН-тай ойлголцоод дарга сайдын суудалд гарчихдаг биз дээ. Энэ тухайд эх баригчидтай ойлголцож болно шүү дээ. Мөнгө төгрөгийн асуудал гарахаар МАН-ынхаа хөнжилд орж байгаад асуудлаа шийдчихдэг хүн Дулааны цахилгаан станцын шинэчлэлийн асуудлыг УИХ-аар оруулаад шийдчихэж чадахгүй байна гэж үгүй. Чадахгүй байж сайдын суудал бөглөж, хорооны даргын сэтэр зүүж явах хэрэг байна уу. Гай болохгүйгээр МАН-ынхаа хөнжилд л хэвтэж байна биз дээ.
Гагцхүү нэг муу сайдыг явуулаад нөгөө муу сайд л ирнэ. Асуудал нь хэвээрээ л хөглөрч байна гэсэн үг. Тэгэхээр сайд нараа ч явуул. Гэхдээ яг энэ мөчөөс сайд огцруулна гэхээсээ илүүтэй цахилгаан станцын шинэчлэл, дараа дараагийн эх үүсвэрийг ярих, шийдвэрлэх хэрэгтэй.
Хамгийн гол нь манай эрчим хүчний салбар бол үнэхээр өрөвдмөөр болчихсон гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжийг алтан гартай инженер техникийн ажилчдын хүчээр ажиллуулж гал алдахгүй өнөөдөрт ирсэн гэдгийг дээр дурдсан. Тухайлбал, Дулааны IV цахилгаан станцын инженерийн ярьж байгаагаас сонсоход тус станц нь найман зуухтай, өнөөдрийн цахилгааны хязгаарлалт хийж байгаа нь наймдугаар зууханд гэмтэл гарсантай холбоотой юм байна. Яагаад гэхээр наймдугаар зуух зогсчихоор нөөц зуух байхгүй учраас ийн доголдол үүсэж байгаа аж. Зуухыг удаан хугацаанд өндөр даралтад ачаалалтай ажиллуулж байгаа учраас гэмтэл гарчээ. Нэгдүгээр сарын 15-наас наймдугаар зууханд чимээ гарч, эвдрэх нь тодорхой байсан ч зогсоох аргагүй, ид хүйтний үеийг давж байгаад засварлахаас өөр аргагүй байжээ. Тиймээс зүтгүүлж байгаад ид хүйтнийг давахаар азаа үзсэн ч ийнхүү тартагтаа тулаад зогссон байна. Инженерүүд яах аргагүй хүчинд автсанаа л ярьж.
Дулаан, цахилгааны асуудал нь зөвхөн өнөөдрийн асуудал биш. Эртнээсээ л байсаар ирсэн. Одоо сайд огцруулна гээд дулаан ордонд гүйж байхаар бүр ноцтой асуудлуудыг хөндөж гаргаж ирээд тавь л даа. Бид 20, 30 жилийн өмнө эрчим хүчний эх үүсвэрийн тухай ярьсан, зарим нэгийг нь эхлүүлсэн. Одоо хаа байна. Энэ бүхэн хаа очиж хэн гээч нөхөр гацаагаад байдаг юм. Хэн гэгч бүлэглэл нь мөнгө төгрөгийг нь идэж уучихдаг юм гээд яриач. Саяхан, энэ асуудлаас үүдэж, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх тэргүүтэй нөхдийг саатуулан шалгаж байна.
Уг асуудал бүр 2015 оноос эхтэй. Тухайлбал, 2015 онд БНСУ-ын Засгийн газраас 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухайн анх ярьсан. Ингээд 148.7 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулагдаж, 2019 оны долоодугаар сарын 31-нд 10 аймагт дулааны станц барих төслийн мөнгө орж ирсэн. Харин өнөөдөр ажил нь дуусаагүй байхад мөнгө нь дуусчихсан. Тэгэхээр энэ зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр хүүтэй нь төлнө. Харин 10 аймагт баригдах ёстой Дулааны цахилгаан станц байхгүй. Ийм замаар хэчнээн төсөл хөтөлбөр царцаж алга болж байгаа билээ. Энэ мэт зүйлээ хянаж, эх үүсвэрийг нь олох шаардлага байна.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.