dobu.mndobu

Гадаадын банк оруулахаар хэн хоосорч, хэн баяжих гээд байгаа юм

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-09

Гадаадын банк оруулахаар хэн хоосорч, хэн баяжих гээд байгаа юм

Гадаадын банк оруулж ирэх сургаар банкны эзэд тэргүүтэй хэдэн нөхөд байж суух газраа олж ядан, парламентад байгаа хамгаалагчид руугаа хошуу цорвойгоод эхэлсэн сураг бий. Гэхдээ УИХ-д байгаа банк болон ББСБ-тай холбогдох нөхдүүд хэчнээн хамгаалах гээд нэгэнт өнгөрөв бололтой. Юуны өмнө гадаадын банк оруулж ирэхийг ард түмэн дэмжиж байна. Аргагүй, олдохгүй байж өндөр хүүтэй зээлд дарамтлуулж өрөнд орж байгаа хүмүүс үүнийг л хүснэ. 

Хамгийн гол нь гадаадын банкыг дээд түвшиндээ дэмжиж байгаа. УИХ-ын дарга Н.Учрал “Гадаадын банк оруулж ирэх ёстой. Яагаад гэвэл өрсөлдөөн бий болгож зээлийн хүүг бууруулах ёстой” гэдгээ илэрхийлээд энэ тал дээр тодорхой алхам хийж эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч арваннэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ “ОХУ-ын банк салбараа Монголд нээх зөвшөөрлийг олгоход бэлэн” гэдгээ илэрхийлж байв. Өдгөө УИХ-ын дарга хойд хөршид айлчлахаар аяны дөрөө авсан нь ч зүгээр нэг хэрэг биш.

Өнөөдөр гадаадын банк оруулж ирэхийг эсэргүүцэж байгаа олон эдийн засагч бий. Хүмүүс ч бий. Эсэргүүцээд яах вэ дээ. Бид өнөөдөр гадаад эзэнтэй банкуудаар л үйлчлүүлж байгаа. Манайд “Хаан”-аас эхлээд банкуудын утас учгийг хөвөөд явахаар ямар нэгэн байдлаар гадны эзэд үзүүрийг нь бариад сууж байх талтай. Гадны банк оруулахаар хэн нь хоосорч хэн нь баяжих гээд эсэргүүцээд байгааг ойлгож ядах юмгүй. Худалдаа хөгжлийн банкнаас эхлээд ил далд эзэд нь Төрийн ордонд сууж байна. “Голомт” банкыг хамгаалагчид АН-д цөөнгүй бий гэхээр ойлгомжтой биз дээ. Үүнээс гадна ордонд олон хамгаалагчтай “Эс Си Эс”-ийн банк, “Ажнай”-н банк, Лу.Болдын банк гээд дурдаад байвал эзэд нь тодорхой шүү. Мэдээж хэрэг эдгээр нөхдийн “шунал” нь хоосорчих гээд байгаа юм болов уу. Харин ард түмэн “баяжих” гээд байгаа юм болов уу.   

Урьтаж нэг асуудал бий. Өнөөдөр Монгол банк Монгол Улсын мөнгөний бодлогыг барьж хянаж буй. Харин хянаж ажиллах шинэхэн эзэнтэй Монголбанк ямар бодлого боловсруулж байгаа нь ихээхэн сонирхолтой санагдана. Тэр тусмаа С.Наранцогт ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайдынхаа энэхүү байр суурийг дэмжиж байгаа юу. Гадаадын банк оруулж ирэх тухай асуудал ид дэгдэж байх үеэр С.Наранцогтыг УИХ-аар хэлэлцэж, банк болон ББСБ-ын эздийн ил далд төлөөлөлтэй парламентаас томилсон гэдгийг мартаж болохгүй. Олны ярьж байгаагаар С.Наранцогт ерөнхийлөгч гадаадын банк оруулж ирэх асуудлыг төдийлөн дэмжихгүй байгаа гэх. Хэрвээ үнэн бол УИХ-аас томилогдсон Төв банкны ерөнхийлөгч нь бодлогоо дэмжихгүй байгаагийн цаана чухам ямар асуудал байна гэх мэт асуудал шил шилээ даран өрнөх байх. 

Үүнийг дараа хөндье.Тэгэхээр Төрөөс бизнес эрхлэгчид, ААН-үүдээ дэмжинэ, дэмжлээ гээд олон жил төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг ч ААН-үүдийн нөхцөл байдал дээрдсэнгүй. Харин ч эсрэгээрээ сүүлийн жилүүдэд олон мянган аж ахуйн нэгж үүдээ барилаа. Энэ нь бизнесийн орчин тийм ч таагүйдээ бус гагцхүү зээлийн хүү хэт өндөр байгаагаас үүдэлтэй. Мэдээж хэрэг татварын орчин үнэхээр дарамттай байгаа. Тиймээс Монгол Улсын арилжааны банкуудын дунд хэдхэн том аж ахуйн нэгжүүд эргэлдэж байдаг болсон. Жижгүүд бол зээл ч авч чадахаа больсон, бараг ихэнх нь банкиндаа өртэй байна. 

Өнөөдөр Хаан банк 20-21 орчим хувь, Худалдаа хөгжлийн банк 22 хувь, Хас банк 18-21 хувийн хүүтэй байдаг аж. Ийм өндөр хүүтэй байж зээл олгохдоо маш хойрго. Түмэн болзол шаардана. Иргэд ААН бичиг цаас, мөнгө төгрөг зарж байж сая нэг зээл өгөх эсэх хурал болоход ихэнх нь хасагддаг гэдгийг ч хэлж байв. Ийм нөхцөлд иргэд ААН-үүд арга буюу ББСБ-д хандахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа тохиолдол ч бий. Гэтэл ББСБ-ын жилийнх нь хүү 40 хувьд хүрчээ. 
Ийм нөхцөлд гадаадын банкууд ороод ирвэл дотоодын банкууд ч уян хатан хандаж хүүгээ бууруулна, мөнгө хүүлж байгаа ББСБ ч оршин тогтнох аргагүйд хүрнэ. Ийм шулаач байгууллага байхын ч хэрэггүй. Тэгээд ч ББСБ-ын ард эрх мэдэл бүхий хүмүүс цөөнгүй бий. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас гарсан мөнгө ББСБ-аар дамжин угаагдсан олон баримт бий гээд дурдаад байвал энэ байгууллага мөнгө угаадаг нэг хэрэгсэл болчихсон. 

Ийм нөхцөлд бизнес хийх ямар ч боломж байхгүй. Тиймээс Монголд арилжааны банкнаас зээл авч, бизнесээ явуулж буй ААН-үүдийн амьдрах нас нь тав орчим жил байдгийг Дэлхийн банкнаас мэдээлсэн. Дундаж давхаргыг бий болгоно гэж олон жил ярьсан. Үнэн хэрэгтээ бизнес эрхлэгчид, ААН-үүдээ дэмжиж байж нийгмийн дундаж давхарга бий болно. Гэтэл бизнес эрхлэгчдээ банкны хүү, татвар хоёроор дарамтлаад байхаар яаж энэ давхарга бий болох юм. Манай төр нэг гараараа зөв шийдвэр гаргадаг ч нөгөө гараараа устгаж бадгийн нэгээхэн жишээ. 

Нэгэн статистик харъя. Монгол Улсад 2024 оны сүүлч гэхэд 247 мянган хувийн ААН бүртгэгдэж, тэдний  99.8 мянга нь “Үйл ажиллагаа явуулж байна” гэсэн тэмдэгтэй. Ердөө 40 хувь нь гэсэн үг. Харин 48.8 мянга буюу 19 хувь нь үйл ажиллагаагаа эхэлж ч амжаагүй, 85 мянга буюу бараг л тогтмол ажиллаж буй хэсэгтэйгээ дүйцэх хэмжээний ААН “Үйл ажиллагаагаа түр зогсоосон” ангилалд орчихсон. Энэ нь нэг талаас татварын дарамт байгаа ч гол нь зээлийн хүү өндөр байгаад оршино. 

Мэдээж хэрэг, гадны банк оруулж ирэхэд анхаарах зүйл цөөнгүй бий. Бид юуны өмнө хууль эрх зүйн орчноо сайтар боловсруулах ёстой. Хэдийгээр мөнгө хүүлж байгаа ч дотоодын банкнууд гадны аваргуудтай өрсөлдөж чадалгүй зах зээлээ алдана гэдгийг бодох хэрэгтэй байх. Гэхдээ олон улсад өрсөлдөх чадваргүй иргэдээ шулж байсан бол ёстой хохь нь болно биз. Гадаадын банкууд бага хүүтэй зээлээр дамжуулж Монгол орны гол салбаруудыг хяналтдаа авах, барьцаа хөрөнгүүд гадагшаа урсаж эдийн засаг гадаадын нөлөөнд орох аюул байгааг зарим эдийн засагчид дурдана лээ. Үүнийг мэдээж хэрэг хууль, эрх зүйн орчин, бусад зүйлээр зохицуулж хянах байх. Мөнгийг дотоодын зах зээлд эргэлдүүлэхээс эхлээд олон асуудал хөндөж таарна. Тэгээд ч дээр дурдсан даа, манай дотоодын банкууд ямар нэгэн учгаар гадны эзэнтэй холбогдоно. 


С.Данзан 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.