dobu.mndobu

Д.Үүрийнтуяа дээдсийн гэрэгэ сөрж “алуулах”-гүйгээ мэдэх байгаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-10

Д.Үүрийнтуяа дээдсийн гэрэгэ сөрж “алуулах”-гүйгээ мэдэх байгаа

МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нүүр тулахаар УИХ-ын гишүүн Б.Үүрийнтуяа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар тунаж үлджээ. Ямартай ч МАН-д гавьяагүй хоёр эмэгтэй хүч үзэхээр болсон нь хачирхалтай. Хоёр нэр дэвшигчийг жин дээр тавиад үзвэл яг адилхан. Насны хувьд нэг нь далаад оных, нөгөө нь наяад оных гэсэн ялгаа л гарах байх, бусдаар яг адилхан. Уг нь МАН цагийн цагт намдаа үйлчилсэн, намын төлөө зүтгэж явсан нөхдийг аливаа гадаад дотоодын сонгуульд нэр дэвшүүлдэг, дарга сайд болгодог байв даа. Тэр хөг ч өнгөрчээ.

Тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Оюунхорол гэхэд аль тэртээ 1989 оноос Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар энэ намд зүтгэсэн. Олон ч шатны сонгуульд МАН-ын төлөө гүйсэн хүн. Ц.Цогзолмаа гэхэд ерээд оноос нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны даргаар энэ айлд зүтгэж ирсэн төдийгүй аанай л шат шатны сонгуульд олон жил ажиллаж МАН-ыг мандуулсан гавьяатай учир энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв. Өөрөөр хэлбэл олон жилийн турш энэ намд зүтгэж байж авсан шагнал гэх үү дээ. Харин Б.Батцэцэг, Д.Үүрийнтуяа хоёрын хувьд МАН-д байгуулсан гавьяа үнэндээ байхгүй. Харин ч энэ намын нэрээр чамгүй хоол залгуулж яваа хоёр эмэгтэй.

Уг нь аливаа улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага бол нийт рейтингийн 20-30 хувийг хадгалж байдаг том институци. Тиймээс энэ байгууллагыг хөдөлгөдөг, манлайлдаг эмэгтэй ерөнхийлөгч байх ёстой. МАН-ын эмэгтэйчүүд дотор хор найруулаад ерөнхийлөгч болж болох ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй бол хэцүү. Үүнээс гадна МАН-д насаараа зүтгэсэн акул эмэгтэйчүүд, УИХ-ын гишүүн, сайд дарга асан эмэгтэйчүүдэд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг амаргүй. Гагцхүү тэдэнд хүлээн зөвшөөрөгдөнө гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр тэд өөрсдөө нийгэмд хүрчихсэн учраас сонгогч олон тийм эмэгтэйчүүдийг хүсдэг. Тодотгож хэлбэл Б.Батцэцэг, Д.Үүрийнтуяа хоёрыг биш гэсэн үг.

Айсуй сонгуулийн 20-30 хувийн саналыг МАН-д авчрах ёстой байгууллага гэхээр маш том хариуцлага бий. Тус байгууллага ямар даргатай байхаас шалтгаалж айсуй 2028 оны сонгуулийн үр дүн харагдана. МАН-д авчрах ёстой 20-30 хувийн саналаа авч чадахгүй бол МАН ялагдана.

Гэтэл Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн мөнгөний нөмөрт жаргаж яваад ирсэн нэг эмэгтэй, “Мөнхийн үсэг” группээр дамжуулан тендер хамж ирсэн гэх нэг эмэгтэй гээд хоёр эмэгтэйн аль нэгийг Ерөнхийлөгчөөр сонгочхоод ирэх сонгуульд 20-30 хувиа хүлээх нь зөв шийдэл үү гэдгийг ч тунгаах ёстой байв.

Гэхдээ өнөөдөр нэгэнт тодорчихсон хоёр өрсөлдөгчийг яах ч аргагүй.

Эх сурвалжийн хэлж байгаагаар Б.Батцэцэг өндөр дээдсийн гэрэгэтэй бол Д.Үүрийнтуяа МАН дотор эмэгтэйчүүдийн дэмжлэгтэй аж. Тэгэхээр тун удахгүй өндөр дээдэс дийлэх үү, МАН-ын эмэгтэйчүүд дийлэх үү гэдгийг харах л үлдлээ. Хамгийн гол нь өндөр дээдэс маань МАН-ын бүх шатны байгууллагыг өөрийнхөө гарт авчихсан төдийгүй бүхий л эрх мэдэл дээдсийн гарт байгаа учраас өндөр дээдсийн гэрэгэ атгасан эмэгтэй ерөнхийлөгч болох нь тодорхой л болов уу. Тиймээс Д.Үүрийнтуяа дээдсийн гэрэгэ сөрөөд “алуулна” гэдгээ эрх биш гадарлах байгаа. Эмэгтэй хүн ад хүсэлдээ хөтлөгдөөд дээдсийн гэрэгэ анзаараагүй байж мэдэх учраас анхааруулж байгаа хэрэг. Яахав, дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн утгаар нэр хавчуулж байж ч болох юм.

С.Данзан

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.