dobu.mndobu

Ерөнхий сайд Г.Занданшатар Баялгийн сангийн амыг нээж чадлаа 

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-11

Ерөнхий сайд Г.Занданшатар Баялгийн сангийн амыг нээж чадлаа 

Ерөнхий сайд Г.Занданшатар Стратегийн орд газар эзэмшиж байгаа уул уурхайн акулуудыг Төрийн ордонд “тууж” авчраад эзэмшиж буй орд газруудын 60 хувийг ард түмэнд хүртээх тохиролцоонд хүрчихлээ. Орд газарт хөрөнгөө оруулчихсан үндэсний том капиталистуудаас  60 хувь салгана гэдэг амаргүй

Тодотговол, “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал, “Өсөх зоос”-ын Ч.Чинбат, “Ачит Их”-ийн П.Цагаан нарыг Төрийн ордонд авчирч байгаад Ухаахудаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх тохиролцоо юм. Үнэнийг хэлэхэд анх “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон, бусдын эзэмшилд байгаа стратегийн орд газруудын тодорхой хувийг ард түмэнд эзэмшүүлнэ” гэж байхад хэн ч итгээгүй, бүр тоогоо ч үгүй.  

Эргэн харахад Г.Занданшатар өнгөрөгч 2025 оны зургаадугаар сарын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын асуултад “Орд газруудын хэлэлцээрийг нээлттэй хийх ёстой. Нууж хийснээс булхай луйвар үүсдэг. Стратегийн ордуудтай хэлэлцээ хийх ажлыг ард түмний өмнө нээлттэй хийнэ” гэж байхад “Энэ чадахгүй ээ” гэлцэж байсан нь үнэн. 

Нэг талаас ийн хэлэхээс ч өөр аргагүй. Үе үеийн Ерөнхий сайдууд үүний төлөө яваад “нас” нь хүрээгүй өвдөг сөхөрсөн гэдгийг бид бүгд мэднэ. Хамгийн сүүлд гэхэд Л.Оюун-Эрдэнэ Ухаа худгийг төрд авахаар зүтгэж яваад тамир дутсан гэдгийг ч бүгд мэднэ. Харин Г.Занданшатар 2025 оны наймдугаар сард захирамж гаргаж, стратегийн ач холбогдол бүхий ордуудад үйл ажиллагаа явуулж буй болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээ хийх Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоор ахлуулсан. Үүний дараа 2025 оны есдүгээр сарын 22-ны өдөр стратегийн ач холбогдолтой орд эзэмшигчидтэй уулзсан. Энд Ж.Оджаргал, Н.Нямтайшираас эхлээд Монгол Улсын уул уурхайн томчууд ирсэн байдаг. 

Үүнээс хойш “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” компаниудтай олон удаа уулзаж, хэлэлцээр хийсэн. Харин өнөөдөр 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр дээрх ордыг эзэмшигч талууд гарын үсэг зурчихлаа. Ерөнхий сайд хамгийн гол нь энд жараахайнуудтай харьцсангүй. Шуудхан л “Эм Си Эс” гэх мэт акулуудтай тохиролцож гарын үсэг зурчихаар жараахайнууд 60 хувиа өгч л таарна. Аргагүй л нохой үзэж байна. 

Уг нь Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх буюу 51 хувь ард түмэнд ногдож байх зарчимтай. Гэтэл үүнийг давуулан биелүүлж өгөөжийн 60 хувь нь ард түмэнд ногдох ба 60-аас буурсан тохиолдолд нэмж өгөөж тохируулагч төлбөрийг төлөхөөр тохиролцоо юм.

Засгийн газрын эрч хүч, болж байгаа бодит үйл явдлаас харвал Баялгийн санд чамгүй “юм” орох шинж нэгэнт бүрдээд явчихлаа. Олон ч Засгийн газрын хийж чадаагүй үүдэн дээрээс нь буцсан ажил чамгүй сайн эхэлчихлээ. 

Ингэснээр Монгол Улсын Баялгийн санд өвөр өврөөр биш юм гэхэд атга атгаар ч болтугай тасралтгүй ашиг орж байх нь нэгэнт тодорхой болчихлоо. “Дуслыг хураавал далай” ч гэдэг. Бидэнд баялаг байгаа, Баялгийн сан гэж байгаа. Гэвч энэ санд “юм” хийхгүй байсаар амсар нь бараг хаагдчихсан байв. Харин одоо нээчихлээ. Гагцхүү бид үүнийгээ зөв хурааж, зөв зарцуулах л асуудал угтан ирж байна. Өөрөөр хэлбэл Баялгийнхаа санд хэн нэгэн хуруу дүрэхгүй байх шаардлага юуны өмнө тавигдана. Үүний дараа хуримтлагдсан баялгаа хэрхэн юунд зарцуулахаа нэгэнт ард түмний баялаг учраас түмний дунд хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зөв болов уу. Гэхдээ “ард түмний хүсэлтээр” гээд бэлэн мөнгө тарааж бас болохгүй. Өнөөдөр Монгол Улсад хэрэгтэй зүйл юу байна. Цаашид ажлын байр олноор бий болгож, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспорт хийх зэргээр тасралтгүй ашиг өгөх ямар үйлдвэр байна. Нийгэмд нэн тулгамдсан ямар асуудал байна, түүнд зарцуулагдах ёстой. 

Ашиг хүртэх ёстой түмэнд ч дутагдал бий. Савны ёроолд жаахан “юм” орохоор авах гээд гудамж талбайд жагсахаас эхлээд бөөн үйл болдог. Тэгэхээр төр нь ч төр шиг байж ард түмэн нь ч түмэн шиг байж баялгаа хуримтлуулан, ирээдүйн сайн сайханд зарцуулах цаг болжээ. Бидэнд үйлдвэр үйлчилгээ, орон сууц, цэцэрлэг сургууль, эмнэлэг, гудамж талбай, зам харгуй гээд юу мундах билээ. Үүнийг “Миний баялаг” хэмээн дүүргэж амжихгүй “гөвөөд” байвал ирээдүйд юу ч үлдэхгүй гэсэн үг гэдгийг хаа хаанаа сайтар ойлгох хэрэгтэй. Харин ихэс дээдэс маань цагийн цагт сангууд тонож ирсэн шиг нохойн замаар явах юм бол хэнд ч хэрэггүй учраас энэ тал дээр хатуу чанга анхаарах хэрэгтэй. Иргэн Дорж Баялгийн санд миний хувь эзэмшил хэдэн төгрөг хэдэн сарын хэдний өдөр орсныг хянаж болдог байх хэрэгтэй. Баялгийн сан шилэн байх ёстой гээд олон асуудал бий. 

Одоогийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт 16 стратегийн орд бий. Харин стратегийн ач холбогдол бүхий 39 ордын нөөц нь тогтоогдсон. Үүнийг бүртгэлжүүлээгүй байгаа. Одоо бүртгэлжүүлж, яг үүн шиг ашиг тусыг нь Баялгийн санд төвлөрүүлэх хэрэгтэй. 


С.Данзан
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.